Бразилын Ерөнхийлөгч Дилма Русеф өчигдөр буюу лхагва гаригт 66 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг улсынхаа зам засварын ажилд зориулахаар болсныг мэдэгджээ. Тэрбээр дээрх хөрөнгө оруулалтыг төмөр зам болоод эвдэрч сүйдсэн замын гэмтэлд зориулна гэдгийг онцолсон байна. Ингэснээр тус улс 10.000 км төмөр зам, 4.7.500 км авто замыг ирэх 2016 оны олимпоос өмнө барьж ашиглалтанд оруулах юм байна. Ерөнхийлөгч Дилма цааш мэдэгдэхдээ тус улсын Засгийн газар ойрын хугацаанд өөрийн улсын агаарын тээвэр, нисэх онгоцны буудлыг засан тохижуулах, усан замаар зорчигч тээвэрлэх түр боомтуудын асуудлыг авч хэлэлцэх болно гэжээ.
Бразил улс ирэх 2016 оны олимпод бэлтгэх ажлаа ийнхүү эхэлж, дэд бүтцийн асуудалд анхаарлаа хандуулж эхэлсэн бололтой. Албаны хүмүүсийн мэдээлснээр тус улсын эдийн засгийн байдал сүүлийн арван жилийн турш өсөлттэй байгаа нааштай үзүүлэлт гарсан боловч энэ оны байдлаар ажилгүйчүүдийн тоо 2.5 хувиар өссөн байна. Иймд Бразилын Төв банкнаас дээрх тоог 1.8 хувь болгон бууруулах хэрэгтэй хэмээн үзжээ.
Э.АНХТУЯА