Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар тус улсад зочилж буй Стэнфордын их сургуулийн харьяа “Фрийман спогли олон улс судлалын хүрээлэн”-гийн нэрт профессорууд өчигдөр иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалт, ярилцлагыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаа удирдаж, “Иргэний нийгмийн байгууллагын төлөв байдлын тойм” сэдвээр бие даасан шинжээч Д.Сүхжаргалмаа, “Ардчилал хөгжиж буй орнууд дахь иргэний нийгмийн байгууллагуудын үүрэг оролцоо ба сорилт” сэдвээр АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор “Ардчилал хөгжил ба хууль дээдлэх ёс” төвийн захирал Ларри Даймонд нар сонирхолтой илтгэл тавьлаа.
Д.Сүхжаргалмаа илтгэлдээ, Монгол Улсын иргэний нийгмийн байгууллагын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, төр, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, тэдгээрийн нийгэмд эзлэх байр суурь, санхүүжилт гэх мэт эрх зүйн зохицуулалтын талаар илтгэлдээ дурьдаж, нэр эрдэмтэдтэй харилцан санал солилцлоо.
Профессор Ларри Даймонд илтгэлдээ, АНУ-дахь иргэний нийгмийн байгууллагуудын эрх зүйн орчин, улс төрөөс хараат бус байдал, санхүүжилтээ хувийн хэвшлээс бүрдүүлдэг талаарх жишээ болон тэдгээр салбарт ажиллаж буй хүмүүсийн цалин хангамж, нийгмийн асуудал, цаашид тогтвортой үйл ажиллагаа явуулахын тулд санхүүжилтийг дан ганц төрөөс авах бус, төрөөс аль болох хамааралгүй байх нь иргэний нийгмийн байгууллагуудыг хүчтэй ажиллах үндэс болдог талаар хэлээд, тэдэнд санхүүгийн эх үүсвэрийг шийдэх арга зам, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсын байгууллагуудын туслалцаа авах, тэдгээртэй хамтран ажиллах зэрэг сэдвүүдээр хэрхэн хамтран ажиллах талаар илтгэлдээ дурьдаж судалгаа шинжилгээний болон бусад талаар хамтран ажиллахаар болов.
Уулзалтад: Иргэний Боловсролын Төв, Эрүүл мэндийн иргэний зөвлөл, Хөгжлийн хэлхээ ТББ, Эрүүл мэндийн иргэний зөвлөл, Эрүүл мэндийн байгууллагуудад эрхзүйн зөвлөгөө өгөх нийгэмлэг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Монголын эрэгтэйчүүдийн холбоо, Монголын гэр бүлийн сайн сахны нийгэмлэг, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Гамшгийн эсрэг үндэсний төв, Эмэгтэй удирдагч сан, Толгойт хөгжлийн төв, Зохистой хөгжлийн жендер төв, Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэг, Монголын эмэгтэйчүүдийн сан, Ирээдүйн гарц холбоо ТББ, Хүний эрх хөгжил төв, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Нээлттэй нийгэм форум, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо.