Шүүмжилсээр, бухимдсаар байх уу?

Хуучирсан мэдээ: 2012.08.16-нд нийтлэгдсэн

Шүүмжилсээр, бухимдсаар байх уу?

“Пээ,
паа… -Өнөөх төрийн албан хаагчдыг чинь ажилдаа явахад нь автобусаар
зөөж тансаглуулах гэнэ шүү. -Тийм гэнэ. Сая нийслэлийн хурлаар тийм
санал гараад өнөөх хэд чинь дэмжээд сүрхий гэж жигтэйхэн. Яахаараа
дандаа төрийн албаныхан гэж илүү үздэг байна аа” хэмээн хэсэг хүмүүс
ярилцан бухимдана. “Үгүй ээ, төрийн албаныханыг автомашинаасаа
татгалзаад нийтийн тээврээр зорчихыг уриалсан юм биш үү” гэж өөр нэг нь
тайлбарласан боловч түүнийг үл ойшоон “Цалин нэмэхэд төрийн албан
хаагчдад л хамаатай, зээл олгоход мөн л төрийн албан хаагчдаа илүүд
үзнэ. Энэ төр засаг чинь төрийн албан хаагчдаа эрхлүүлж гүйцлээ” хэмээн
хүч нэмнэ. Хамт явсан жаал хүү ч хажуунаас нь “автобусанд мөнгөтэй
оюутан ах эгч нараас мөнгө авдаггүй хэрнээ над мэтийн жаалуудаас мөнгө
нэхээд зовоогоод байдаг” гэж томчуудын ярианд оролцоно. Энэ яриа сүүлдээ
“муусайн төрийн албан хаагчид гэж даварсан амьтад” “төрд ажиллаж буй
нэрт шимэгчид” гэх зэргээр хадууран ширүүсэх нь тэр.

Харин
энэхүү ярианы бай болж буй өнөөх төрийн албан хаагчид ч яг энэ үед
мөнөөх саналын талаар ярилцах аж. “Биднийг хувийнхаа машин унахаа боль
гэж байгаа юм байх даа. Нийтийн автобусанд суусангүй гээд ажлаас
халчихгүй байлгүй дээ. Зөвхөн ажил гэр хоёрын хооронд явдаг юм байх гэж
бодсон юм байх даа. Яршиг л байна. Төрийн албан хаагчдийг зөөнө гэж
ёстой хэрэгжихгүй санал байна. Бүр нийтийн тээврийнхэнтэй цуг чихцэлдээд
яв гэвэл бүр ч бүтэхгүй зүйл” гэж шүүмжилнэ.

Иймэрхүү
эсэргүүцэх хандлага аль аль талаас гарч буй хэдий ч үр дүнг нь тооцвол
энэ удаад нэг их шүүмжлээд, бухимдаад байх зүйл уг нь биш бололтой.
Үнэхээр ийм санал Нийслэлийн иргэдийн танхимын хурлаас гарсан бөгөөд
“Нийслэлийн хэмжээнд 135 мянган төрийн албан хаагч байдаг аж. Үүний тал
нь төрийн захиргааны байгууллагад ажилладаг бөгөөд ихэнхи нь хувийн
унаатай гэсэн судалгаа гарсан байна. Их түгжрэлийн үед төрийн албан
хаагчид хувийн унаанаасаа татгалзвал замын түгжрэл 20 хувиар буурна гэх
тооцоо бий” гэнэ. Эхний ээлжинд төрийн албан хаагчдыг хувийн унаагаар
ажилдаа ирэхийг нь болиулах санал гараад буй ч яг ямар аргаар үүнийг
хэрэгжүүлэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Төрийн албан хаагчдийг
автобусаар зөөх үү, эсвэл нийтийн тээврээрээ яв гэх үү. Хэрэв нийтийн
тээврээр яв гээд орхих юм бол үр дүнд бараг хүрэхгүй нь тодорхой. Хэн
нийтийн тээврээр явж байна, хэн нь хувийнхаа унаагаар явж байна гэдгийг
хэн ч тооцож чадахгүй. Ийм тохиолдолд хэлсэн зүйл нь зүгээр л тунхаг
болоод л үлдэнэ.

Харин төрийн байгууллагууд ажилтнууддаа өгдөг
унааны мөнгөөр өөрийн гэсэн нийтийн унаатай болж дээрх асуудлыг шийдэх
боломжтой. Үнэхээр төрийн үйлчилгээ авахаар ирсэн иргэдэд саад болсон
ажилчдынх нь олон машин үүдний зогсоолуудыг дүүргэсэн байх нь зохисгүй
тул дээрх саналыг ямар нэг байдлаар хэрэгжүүлэх учиртай мэт. Үүнийг
шүүмжилж болно. Гэхдээ та шүүмжилсэн хэвээр хувийнхаа унаанд нэг цагийг
зам дээр түгжирч өнгөрөөх үү, эсвэл нийтийнхээ унаанд хагас цаг яваад
харих уу гэдгийг сонгох болж байна. Замын түгжрэлийг 20 хувиар бууруулах
үр дүн сайтай ч, эсэргүүцэл ихтэй саналыг хэрхэх вэ?

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж