Засгийн газар олимпийн медальтнуудыг урамшуулна

Хуучирсан мэдээ: 2012.08.16-нд нийтлэгдсэн

Засгийн газар олимпийн медальтнуудыг урамшуулна

Зуны олимпийн ХХХ наадамд амжилттай оролцон мөнгө, хүрэл медаль хүртсэн Н.Төгсцогт, У.Мөнх-Эрдэнэ, С.Батцэцэг болон тэдний дасгалжуулагч нарыг мөнгөн шагналаар урамшуулахаар Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас шийдвэрлэлээ.

Энэ дагуу Н.Төгсцогт 60 сая, У.Мөнх-Эрдэнэ 30 сая, тэдний дасгалжуулагч Д.Ганзориг 45 сая төгрөг хүртэх бол С.Батцэцэг 30 сая, дасгалжуулагч З.Дүвчин 15 сая төгрөгийн шагнал авах боллоо. Гавьяат тамирчин Н.Төгсцогт боксын 52 кг-ын жинд мөнгө, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ 64 кг-ын жинд хүрэл, чөлөөт бөхийн 63 кг-ын жинд гавьяат тамирчин С.Батцэцэг хүрэл медаль хүртэн төрийнхөө далбааг Лондонгийн тэнгэрт мандуулсан юм. Олимпийн наадмаас мөнгө, хүрэл медаль хүртсэн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн аварга Н.Түвшинбаяр, Олон улсын хэмжээний мастер С.Ням-Очир нарт Засгийн газар өмнө нь мөнгөн шагнал олгосон.

Зуны ХХХ олимпод манай улсын 29 тамирчин оролцон 2 мөнгө, 3 хүрэл медаль, 2 шагналт байртайгаар 56 дугаар байрт орсон бөгөөд анх удаа 5 медаль хүртсэн билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж