
БНАСАУ-ын залуу лидер Ким Чен Унын эхнэр Ли Соль Югийн талаар Өмнөдийн тусгай албаныхан сайн мэддэг болж таарав. Тэрээр нэлээд чинээлэг айлын охин ба Хятадад суралцаж, Өмнөд Солонгост очиж байжээ. Түүгээр ч барахгүй Өмнөдийн сурвалжлагч нартай хэд хэдэн удаа ярилцаад авсан байжээ. Ийм сонирхолтой баримтуудыг Өмнөд Солонгосын тагнуулчид парламентын илтгэлдээ ярьжээ.
Өнөөгийн БНАСАУ-ын тэргүүн хатагтай 2005 онд Өмнөд Солонгост очсон мэдээлэл нэлээд дуулиантай сонин болов. Азийн тоглолтоор Хойд Солонгосын тамирчдыг дэмжихээр очсон төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тэр багтжээ. Тэр үеэр Өмнөдийн Инчхон хотын захиргааны коллежид болсон хоёр Солонгосын оюутнуудын уулзалтад Ли оролцсон байв. Лидерийн ирээдүйн эхнэртэй уулзаж буйгаа мэдээгүй сурвалжлагч нар түүнээс ярилцлага авсан байв. Хоёр Солонгосын оюутнууд үндэстнээ нэгтгэх тухай дуу дуулж байсан нь “түүнд гүнзгий сэтгэгдэл төрүүллээ” хэмээн тэр хэлсэн байлаа.
Мөн тэр жилийнхээ арванхоёрдугаар сард Өмнөдийн сэтгүүлчид Кымсоны урлагийн сургуульд очих үеэр Ли Соль Ютай ярилцсан байв. Урлагийн карьераа улсын уран сайхны хамт олонд сургуулиа төгсөөд үргэлжлүүлэх хүсэлтэйгээ тэр хэлж байжээ.
Мөн Өмнөдийнхөнтэй тэрээр өмнөх жилүүдэд нь уулзаж байсан бололтойг үгүйсгэхгүй гэнэ. Сөүлийн тагнуулчдын мэдээнд Ли Соль Ю гэдэг бүсгүй 2003 онд Өмнөд Солонгосын Улаан загалмайн зохион байгуулсан Кымгансан ууланд мод суулгах ёслолд оролцжээ. Үүнээс гадна бас тийм нэртэй хүн жилийн дараа Солонгос хоорондын багш нарын семинарт оролцсон байв.
Ли ба Ким Чен Ун нарын намтарт олон маргаантай асуудал байдаг. Өмнөдийн тагнуулчид тэднийг 2009 онд гэрлэсэн гэж үзэж байна. Гэрлэснийхээ дараа Ли улсын Ынхасу чуулгад дуучин байжээ. “Чосон Ильбо” сониныхоор, 2010 оноос эхлэн Ли Соль Ю ихээхэн дуулах болсон байна. Түүнийг тэр үед төрийн тэргүүн байсан хадам аав Ким Чен Ир ба залгамжлагч гэгдэж байсан Ким Чен Ун нар сонссон гэнэ. Хэвлэлээр гарч байгаа тэднийх хүүхэдтэй гэсэн мэдээлэлтэй санал нэг гэж уг сонин өгүүлжээ.
Эх сурвалж: "Ардын эрх" сонин

