Сургуулийн автобус яасан бэ?

Хуучирсан мэдээ: 2012.08.16-нд нийтлэгдсэн

Сургуулийн автобус яасан бэ?

Удахгүй хичээл эхэлнэ, гэтэл… гэсэн олон, олон бэрхшээм асуудлууд өнөөдөр эргэлдэж байгаа. Наадмын дараа намар гэсэн үгтэй зэрэгцээд өнөөдөр иймэрхүү байдалтай байгаа хотын замын түгжрэл оюутнууд цуглаж, хүүхдүүд сургууль цэцэрлэгтээ орохоор яана аа гэсэн хариулт нь тодорхой айдас хүн болгонд төрж байгаа биз. Тун ч удахгүй хотын амьдрал дахиад нэг өнгө төрхөө үзүүлж, гудамжаар дүүрэн хүүхдүүд шаагилдаж, оюутан залуусын цогтой бөгөөд хөлтэй алхаа хотын амьдрал, бас замын түгжрэлд ч үүргээ гүйцэтгэнэ. Сургууль цэцэрлэгийн хүүхдийнхээ бэлтгэлийг хангах гэсэн эцэг эхчүүд, хотод ирээд гоёлоо бэлтгэх, наад зах нь толгой хоргодох орон байраа олох гэсэн залуусын бужигнаан магад маргаашнаас танд мэдрэгдэж эхлэх байх.

Жил жилийн өдийд сургууль, цэцэрлэгийн засвар дууссан эсэх, сурах бичиг хэвлэгдсэн үү, оюутны төлбөр нэмэгдэх үү, дотуур байр олдох болов уу гэсэн үй олон ажил, асуулт өрнөдөг. Жилийн жилд хэвлэл мэдээллийнхэн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил хангагдсан уу гэдэг уламжлалт асуулт тавьдагийн зэрэгцээ “АЭ” сонин “Сургуулийн хүүхдүүдийг автобустай болгоё” гэсэн уншигч олны хамгийн их дэмжсэн асуудлаа дахин сануулж байна.

Мөнгөн хонхны жингэнээтэй хичээлийн шинэ жилийн эхний өдөр бүлтийтлээ гоёсон жаалууд баглаа цэцэг бариад сургууль, цэцэрлэгээ зорино. Хот тэр чигээрээ хөл хөдөлгөөн, хөөр баярт автдаг баясгалант энэ өдөр багачууд өвөл яаж сургуульдаа явна даа гэсэн айдсыг санах ч үгүй, хүүхэд юм хойно. Харин урин цаг цаашлах тусам олонх хүүхэд хичээл, сургуульдаа хүрэхийн зовлонг мэдэрнэ. Тодруулбал, ээж аав нь өдөр болгон машинаар хүргэж өгөх нь бүү хэл, дулаан хувцаслаад автобусны мөнгийг нь атгуулаад хичээлд нь үдэж өгч чадахгүй олон олон айлын хүүхдүүд. Өнгөрсөн жилийн өвөл олон хүүхэд энэ зовлонг амссан.

Амьдралаас урган гарсан эмзэглэлээс үүдэн өнгөрсөн өвөл “АЭ” сургуулийн хүүхдүүдийг автобустай болгох санаачлах дэвшүүлж, хэлэлцүүлэг өрнүүлэн, олон ч хүн дэмжсэн. Хүүхдүүдийн зовлонг хамгийн их ойлгодог Сурагчдын холбоо, Нийслэлийн боловсролын газар, төрийн бус байгууллагууд сайшаан дэмжсэн. Бяцхан жаалууд, сурагчид өөрсдөө ч энэ саналыг дэмжиж, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байсныг санаж байгаа биз ээ. Иргэний танхимын төслийн уралдаанд дунд сургуулийн сурагчдын өөрсдийнх нь хийсэн сургуулиудыг нэгдсэн автобустай болгох боломжтой эсэх судалгаа шалгарч олон хүний анхаарлыг татсан.

Бяцхан жаалууд автобусаар явж, тасалбар түгээгч, жолооч нар, автобусаар байнга зорчдог үеийнхэнтэйгээ ярилцаж, бүр сургууль бүрийг автобустай болгох, эсвэл хүүхдүүдийг нийтийн тээврийн автобусаар үнэгүй зорчуулахад ямархуу сайн болон сөрөг тал байгаа, хэдий хэмжээний төсөв шаардлагатай байгаа талаар судалгаа хийсэн байсан. Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны зүгээс ч энэхүү асуудалд нааштайгаар хандаж, судалгаа, шинжилгээний ажил хийж байгаа гэж хэлж байсан билээ. Дашрамд сануулахад сонгуулийн халуунтай зэрэгцээд яамныхан энэ ажлаа мартчихаагүй биз дээ гэж сануулахад илүүдэхгүй байх.

Хичээлийн шинэ жил хаяанд ирчихээд байхад одоохондоо лав судалгааны талаар хийгээд сургуулийн хүүхдүүдийг автобустай болгох ямар боломж байгаа талаар хэлж ярьж, танилцуулсан зүйл лав алга байна. Болгоож байгаа буй за гэж найдья.   

Хотын шинэ удирдлагууд ч гэсэн хотын түгжрэлээ яриад толгойгоо гашилгаж л байгаа. Сайшаалтай нь сургуулийн хүүхдүүдийн автобус унааны асуудлыг бас хөндөж л байгаа юм байна. Гэхдээ нийслэлийн захиргааны байгууллагын ажилтнуудаа нийтийн тээврээр явах “үүрэг” өгөх үү, сургуулийн хүүхдүүдээ нэгдсэн автобустай болгох уу гэхчилэн “өнгө өнгө”-ийн санаа уралдуулж сууна лээ. Хотын төвийн голдуу боломжийн гэх амьдралтай айлын хүүхдүүд хувийн машин таксигаар өглөө болгон хичээлдээ хүргүүлж авахуулж байхаар нэгдсэн унаатай болгочихвол замын түгжрэлийг ч бас багасгахад хувь нэмэр болох байх гэсэн тайлбар уржигдархан болсон хурал дээр сонсогдож байсан.

Ер бол нь замын түгжрэлд нөлөөлөх эсэх нь сургуулийн хүүхдүүдийг автобустай болгоё гэсэн санаачлагын нэгээхэн хэсэг нь. Басхүү нь хотын замын түгжрэл гэхээсээ илүүтэй хүүхдүүдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудал хурцаар тавигдаж буй гэдгийг бүү умартаарай.

Хот өргөжихийн хэрээр хүүхдүүд, ялангуяа алслагдмал гэр хорооллын жаалууд сургуульдаа хүрэхийн тулд магадгүй зарим дарга нарын амьдралдаа ч үзээгүй “урт” замыг туулах хэрэгтэй болж байгаа. Бүр нийтийн тээврийн автобус ч хүрдэггүй алс замаас бяцхан жаалууд сургуулиа зорьдог гээд хүндээс хүнд асуудал зөндөө байгаа. Хөнгөлөлтийн картаа үзүүлээд автобусаар үнэгүй явдаг оюутан ах эгч нартаа шахагдан автобусанд багтахгүй хоцордог жаалууд хэндээ ч гэж гомдоллох билээ. Хэдийгээр автобусанд үнэгүй явах эрх олгоё гэсэн санаа байдаг ч гэсэн аюулгүй байдал талаасаа тэдэнд үнэгүй зорчих мянган эрхийн “пайз” байгаад ч нэмэр болох нь юу бол? Жижигхэн божгор гартаа 200 төгрөгөө атгаад даарсандаа улаан хошуулчихсан зогсч байгаа жаалуудыг автобус ялангуяа микро автобуснууд “зайны нэмэр, орлогын бөглөө” гээд дайрчих шахаад өнгөрдөг хойно.         

Сургуулийнхаа үүдэнд шахуу согтуу жолоочид дайруулж амь насаа алдсан хүүгийн эмгэнэлийг бид мартах учиргүй. Наад зах нь л автобусанд чичлүүлж ядаад явган шогшиж яваад хацар, хуруугаа хөлдөөж хайруулсан хүүхэд өч төчнөөнөөрөө л байгаа. 

Хэдийгээр гадаа намрын халуун нар шарж байгаа ч өвөл ирдгээрээ ирнэ. Хичээлдээ явах гэж таван жингээр хотын гашуун утаан дундуур нүднээсээ бусдыг далдлаад, сормуусаа цантуулан, цүнхээ үүрээд гэр хорооллын хотгор гүдгэр замаар нохой шувуу шуугиулан айж, бас даарч чичрэн шогшиж явдаг хүүхдүүдийн зовлонг зуны халуунд ч бүү умартсан байгаасай. Өвөл ирдгээрээ л ирэхэд хэдэн хүүхэд хэчнээн өдөр даарч жиндэн айж цочиж, магадгүй бэртэж гэмтэн, нохойд уруулж, хүн дүрст араатанд ноцуулж амиа ч алдаж магадгүй өдрүүд айсуй. Энэ дүр зургийг ирэх өвлүүдэд ч бид зүгээр л харж суун, хүүхдүүдээ харанхуй хар ангал дундуур бүдчүүлсээр байх гэж үү?

А.АЛТАНТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж