МАН түүхэндээ анх удаа УИХ, нийслэлийн сонгуульд нэгэн зэрэг ялагдал хүлээсний дараа тус намынхан “намаа шинэчлэх” аянд гарсан билээ. Өнгөрсөн 22 жилийн турш эрх барьсан намын анхны томоохон ялагдал гишүүдийнх нь зүрхэнд шар ус хуруулсан тул намынхаа удирдлагад хариуцлага тооцохоор болсон хэрэг. Харин намын Удирдах зөвлөлийн хүрээнд сценарийг нь дэглэж зохион байгуулсан “хариуцлага тооцох” операци намын дарга, генсекийг сольсон, Удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулснаар дуусгавар болсон. Ардын намд хийгдэхээр бэлтгэгдэж байсан “шинэчлэл” ийнхүү амьсгал хураасан юм. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгддөггүй гэдэг. Намын шинэ даргаар тавигдсан Ө.Энхтүвшин, генсек Г.Занданшатар нарыг харсан хэн боловч энэ намын удирдлагад агаар орлоо хэмээн хүлээж аваагүй нь ийм учиртай. Ялгаө байхгүй өмнөх дарга нарынхаа явсан замналаар явж, хийж ирсэн үйлдлүүд, хэлж ирсэн үг сургаалийг нь тоть шиг давтаж байгаа хойно.
Намын дарга Ө.Энхтүвшин ажлаа авсан өдрөө хийсэн мэдэлдэл нь “УИХ-ын даргыг хууль зөрчиж томилсон учраас МАН-ын бүлэг чуулганд оролцохгүй” хэмээсэн явдал. Тэднийг чуулганд оролцуулахын тулд УИХ-ын даргыг томилгоог дахиж явуулах, Ардчилсан намын ялалт байгуулсан зарим тойргууд дээр автомат машины тоолсон саналын хуудсыг гараар дахиж тоолуулах, Өвөрхангй аймагт нэр дэвшээд сонгуулийн хууль зөрчиж, мандатын эрхээ хасуулсан МАН-ын хоёр нэр дэвшигчийг УИХ-д тангараг өргүүлэх зэрэг гурван шаардлагыг биелүүлэх хэрэгтэй гэсэн болзлыг тулгасан билээ. Олонхи болсон нам эвсэл манай намынхныг оролцуулалгүй УИХ-ын даргыг томилсон нь хууль бус хэмээн мэдэгдсэн мөртлөө хариуд нь жинхэнээсээ хууль зөрчсөн шаардлагуудыг тавьсан хэрэг. Сонгуулийн хуульд “сонгогчдын өгсөн саналыг автомат машинаар тоолно” гээд заачихсан байхад гараар тоолох нь хууль бус. Өвөрхангайд нэр дэвшсэн МАН-ын хоёр сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор мөнгө, архи тарааж байгаад үйлдэл дээрээ баригдаж, хуулийн байгууллага нотолсоны улмаас тойргийн хороо нь УИХ-ын гишүүний түр үнэмлэх өгөхгүй гээд шийдчихсэн байхад “УИХ-д оруулж ир, тангараг өргүүл” гэж шаардах нь ч хууль бус.
Гэтэл үнэн хэрэгтээ УИХ-ын даргыг томилоход МАН-ын бүлэг оролцоогүй нь хэнээс болсон билээ дээ. “Манай намын хоёр нэр дэвшигчийг тангараг өргүүлсэнгүй, МАН олонхи болсонгүй” хэмээн сонгогчиддоо тунирхаж, чуулганы хуралдаан хаяснаас бүлэг ч үгүй, юу ч үгүй үлдэцгээсэн. Шинээр сонгогдсон УИХ-ын дарга З.Энхболд “Намууд бүлэг байгуулах саналаа хуулийн дагуу 24 цагийн дотор УИХ-д гаргах үүрэгтэй шүү” гэж сануулсаар байтал “Бид чуулганд оролцох шаардлагагүй” гэж хэлээд намынхаа Бага хурлыг гурван өдөр сунгаж, Тусгаар тогтнолын ордондоо бүгэцгээсэн. Үнэн хэрэгтээ тэр гурав хоногийн хуралдаанаас ямар үр дүн гарлаа даа.
Гэтэл өнөөдөр УИХ-ын даргыг томилсоноос хойш сар шахмын хугацаа өнгөрчихөөд байхад гэнэт сэхээ орж, “Манай нам бүлэгтэй, угаасаа ч байсан” гэж зарлаад, ар хударгаар нь Ардчилсан намтай “Манай намын бүлгийг зөвшөөрчихвөл УИХ-ын даргыг чинь зөвшөөрье” гэсэн элий балай юм яриад яваа. “Бүлэг байгуулах хуулийн төслөө санаачлаад ир ээ, одоогийн хуулиар бол боломжгүй болчихлоо шүү” гэсэн УИХ-ын даргын хариуд иймэрхүү л шантааж хийж байна. Элий балай үг яриа үүгээр ч нэг дуусахгүй бололтой. УИХ-ын дарга, Хууль зүйн сайд байсан тус намын нөлөө бүхий эрхэм “Ардчилсан нам дангаараа засгаа байгуулсан бол бид зөвшөөрөх л байсан. МАХН-МҮАН бол Засгийн газрыг унагаадаг л нам байхгүй юу. Ардын намтай эвссэн бол тийм юм болохгүй” ч гэсэн солио гажуу баахан юм ярьсан байна лээ. Тэр ч байтугай намаас нь урваж МАХН-д орсон, намыг нь жийж Засгийн газарт багтсан МАХН-ын урвагчидтай парламент дотор ч тэмцэнэ гэдгээ нуугаагүй. Хэрвээ Засгийн газрыг нь унагаана гэж бодсон бол Н.Алтанхуяг МАХН-МҮАН-тай хамтрах уу, УИХ-д хамгийн олон суудал авсан нам хэнтэй хамтрахаа Ардын намаас асуух уу?
Магадгүй, 2008 оны сонгуулиар 44 суудал авчихаад Засгийн газраа байгуулж чадахгүй чичирч, Ардчилсан намд хайрын захидал шидэлж байсан МАН-ын нөхдүүд энэ удаа Ардчилсан нам ч гэсэн өөрсөдтэй нь адил урилга явуулна гэж найдсан байх л даа. Тэгээд ирэх дөрвөн жил УИХ, Засгийн газар өмнөх дөрвөн жилийн адил цөөнхгүй, хяналтгүй явж, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ гэж төсөөлсөн байх. Харин ч өөрсдөд нь эрсдэлтэй ч парламентын ардчилалд хэрэгтэй сонголт хийж, МАН хэмээх том сөрөг хүчнийг Засгийн газрын гадна шахаж гаргасан Ардчилсан намд талархал илэрхийлэх учиртай. Үүнд нь хамтрагч болох “Шударга ёс” эвслийн нөхөд ямар хариу барих нь харин тэдний улс төрийн соёлоос хамаарах асуудал.
Болж өнгөрсөн процесс, үйл явдлын өрнөлөөс харахад хорин жил төр барьсан МАН гэдэг намд лав улс төрийн ямар ч соёл алга. Дээр нь улс үндэстний эрх ашиг, олон нийтийн санаа бодлыг хүндэтгэх ухамсар, ёс суртахуун ч гэж энэ намд байхаа больсон юм байна. Өнгөрсөн хоёр сарын турш тус намын дарга нарын амнаас унасан ганц үг нь “Манай намын бүлэг ингэж үзэж байна, бүлгийн эрх ашиг үүнийг шаардаж байна” гэх. Бүлгийн гэж байгаа эрх ашгийнх нь цаана нь чухамдаа юу байгаа юм бэ. Сонгуулийн үн дүнг одоо болтол хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа гоморхол, эрх мэдлээ бүрмөсөн алдах вий гэсэн айдсаас өөр юу ч биш.
Одоогоос дөрвөн жилийн өмнө 2008 оны сонгуулийн дараа Ардчилсан намынхан мөн л сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, маргаантай тойргууд дээр дахин тооллого явуулахаас нааш тангараг өргөхгүй хэмээн анхдугаар чуулганыг гацаагаад байсан билээ. Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн нийслэлийн иргэд Сүхбаатарын талбай, МАХН-ын байрны өмнө хоёр өдөр жагсч, таван хүний амь үрэгдчихээд байхад бас ч аргагүй. Хэдэн өдөр үргэлжилсэн энэ гацааны дараа Ардчилсан намын бүлгийн хоёр гишүүн буюу Э.Бат-Үүл, Батж.Батбаяр нар чуулганы танхимд орж ирж сууснаар анхдугаар чуулганы хуралдаан үргэлжилж, Ардчилсан намнхан ч тангаргаа өргөхөд хүрсэн. Тухан үед хоёр гишүүн намынхаа нөхдөөс “урвагч, шарвагч” хэмээн бишгүй л хатуу үг сонсч байсан ч энэ нь Монголын төрийн үйл ажиллагааг гацаахгүй, улс орны эрх ашгийг намын эрх ашгийн өмнө гаргахгүйн төлөө хоёр гишүүн өөрсөд дээрээ эрсдэлийг авсан хэрэг байлаа.
Өнөөдөр ч магадгүй МАН-ын бүлгийн гишүүд дотор “Чулгандаа суух нь зөв өө. Ардчилсан намыхнаар ажлыг нь хийлгэе” гэсэн байр суурьтай олон гишүүн байгаа. Гэвч тэднийг хазаарлаж байгаа ганц зүйл нь нөгөө “намын эрх ашиг, бүлгийн эрх ашиг” гэсэн дарга нарынх нь заазуур, хашилт хавчлага.
Энэ сонгуулийн үр дүн МАН-ын хувьд санаанд оромгүй зүйл байсан байж болно. Ялангуая 22 жил ноёрхсон нийглэлийн эрх мэдлийг алдсан явдал тэдний хувьд хамгийн том “азгүйдэл” байсан байх. Гэвч ялагдлаа ялалт шиг зоригтойгоор хүлээж авч чадахгүй, урагшлах алхам бүр дээр тээг тушаа тавьж байгаа тус намын энэ үйлдэл ирэх орон нутгийн сонгуулиар энэ намыг жинхэнээсээ элгээр нь хэвтүүлж мэднэ. Ард түмэн тэнэг биш, сохор биш шүү дээ. Тийм олон удаа элэг бариулахгүй.