-Ерөнхийлөгчийн зарлигийн гол утга санаа юу вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч спортын алдартнуудаа урамшуулах, залуу тамирчдад хөшүүрэг, ахмад үеийнхэнд амьжиргаанд нь нэмэр болгох үүднээс Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргах гэж байна. Зарлиг хүлээж авах арга хэмжээг маргааш Төрийн ордонд 14.00 цагаас хийнэ. Зарлигийн утга юу вэ гэвэл тамирчдад сар болгон урамшуулал олгох тухай юм.
-Хэзээнээс энэ урамшууллыг олгох вэ?
-Ирэх 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс олгоно гэж байгаа.
-Энэ урамшуулал ахмад тамирчдад ч хамаатай юу?
-Тийм, үе үеийн тамирчдад хамаарна. Нэг хүн олон медаль авсан бол тэр хэрээр урамшуулал нэмэгдэнэ.
-Хамгийн өндөр урамшууллыг хэн авах бол?
-Жишээ нь, чөлөөт бөхийн З.Ойдов гуай байна. Монреалын 1976 оны олимпийн мөнгөн медальтай. ДАШТ гэвэл Туркээс 1974 онд алт, 1975 онд Минскийн тэмцээнээс алт, 1977 онд Швейцарийн тэмцээнээс хүрэл медаль авсан. Тэгэхээр З.Ойдов гуай хамгийн өндөр урамшуулал авна.
-Ахмад тамирчдаас зарим нь нас барсан байгаа. Тэдний урамшууллыг яах вэ?
-Ар гэрт нь, эхнэр, нөхөрт нь нэг жилийн хэмжээтэй тэнцэх урамшууллыг нэг удаа олгоно. Тухайлбал, чөлөөт бөхийн Д.Оюунболд, Т.Артаг, Ж.Даваажав гээд байна л даа.