Говийн бүсэд 600 км урт хоолойгоор ус татна

Хуучирсан мэдээ: 2012.08.15-нд нийтлэгдсэн

Говийн бүсэд 600 км урт хоолойгоор ус татна

Уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж буй энэ цаг үед байгалийн нөөцийг зохистойгоор ашиглах шаардлага гарч буй. Тиймээс уул уурхайн үйлдвэрлэл болон орон нутгийн иргэдийн усны хэрэглээг хангах зорилгоор Орхон голоос газар доогуур 600 гаруй км-ын хоолойгоор ус татан Говийн буюу уул уурхай эрчимтэй хөгжиж буй бүс нутагт хүргэх усан байгууламж барихаар зэхэж байгаа талаар Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийнхөн мэдээлж байна. Усан байгууламжид эхний ээлжийн судалгаагаар гэхэд 840 тэрбум төгрөг шаардлагатай ажээ. “Орхон-Говь” төсөл болох уг усан байгууламжийг Сангийн яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Байгаль, орчин, аялал жуулчлалын яам, Усны газар, Усны үндэсний хороо, Ашигт малтмалын газар, Уул уурхайн мэргэшсэн инженерүүдийн ТББ хамтран байгуулах ажээ. Тодруулбал, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутагт Орхон гол дээр усан цогцолбор байгуулж, улмаар Булган, Төв, Архангай, Дундговь, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт ус татах ажлыг хийхээр ажлын хэсэг томилогдсон байна. Одоогийн байдлаар ажлын  даалгаврыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргасан байгаа бөгөөд үүн дээр төслийн багийнхан нэмэлт судалгааг хийх юм байна.

Энэ талаар Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн зохицуулагч Б.Энхбаатараас тодрууллаа.

-Говийн бүсэд усан байгууламж барьсанаар хүртэх үр өгөөжийн талаар дэлгэрүүлээч?

– Одоо үйлдвэрлэл явуулж байгаа уул уурхайн компаниуд энэ хэвээрээ 10 жил ажиллавал говийн бүс усны нөөц үгүй болох нь гэсэн судалгаа гарсан байна лээ. Тэгэхээр манай говь “амьд” шүү дээ. Байгаа усны нөөц нь үгүй болчихвол цөлжилт мэдээж нэмэгдэж, хүн ам амьдран суурьших боломжгүй болох нь. Тиймээс гүний усаа ашиглахгүйгээр гадаргуугын усыг ашиглах боломжийг эрэлхийлж байгаа юм. Нөгөөтэйгүүр Говийн бүсийн ундын ус давсархаг байдаг. Тиймээс Орхон голоос эхтэй ундны, ахуйн усыг энэ бүс нутагт оруулж ирнэ гэдэг чинь хүн амын эрүүл мэндэд ч тустай хэрэг болно.

-Монгол Улсын төрөөс гадны уул уурхайн компаниудын уурхайн хайгуул, олборлолтын зөвшөөрлийг арай онцгой анхаарч үздэг байж болно. Харин орд газраа ашиглуулахаас гадна байгалийн бусад нөөцөө ашиглуулах тал дээр ямар бодлого баримталж байна вэ?

-Ер нь аливаа гадны, дотны гэлтгүй уул уурхайн компаниуд үйл ажиллагаагаа явуулахын тулд аль болох хямд өртгөөр хамгийн ойр байгаа гүний усыг ашиглах сонирхолтой байдаг. Монгол Улсын төрөөс энэ тал дээр бүс нутгийн  байгалийн нөөцийг хэвээр авч үлдэх бодлого бий. Тийм ч учраас гүний нөөцийн усаа зүгээр нэг уул уурхайн компаниудад ашиглуулаад дуусгачихгүйн тулд гадаргуугын усыг ашиглах тал дээр бодлого баримталж байна.

-Гол хөшүүргэ нь техник эдийн засгийн үндэслэл гэж байна. Хэзээ боловсруулах юм бэ?

-Үндсэндээ 2013 он гэхэд техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулаад  4-5 жилийн дараа усан цахилгаан станц бэлэн болно гэж тооцоолж байгаа.

-Усан байгууламж жилдээ уул уурхайн үйлдвэрлэлийн болон хүн амын хэрэглээний хэдэн хувийг хангах хүчин чадалтай байхаар тооцоолж байна вэ?

-Одоогийн байдлаар ажлын хэсэг байгуулагдаад байгаль орчны нөлөө, гаднах судалгааг хийж байна. Харин техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссаны дараа ямар хүчин чадалтай усан цогцолбор байгуулна гэж хэлж болно. Мөн тэр үед хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэйг нарийн тогтооно. Харин түүний дараа цаасан дээрх эдийн засгийн үндэслэлийг Засгийн газар авч үзээд, хэрхэн шийдэх эсэхээ тогтох байх.

-Голын урсацыг өөр зүгт чиглүүлнэ гэдэг нь оновчтой, үгүй гэх юм?

-Нийтлэг буруу ойлголт байдаг. Голыг тэр чигээр нь бооно гэсэн үг биш шүү дээ. Энэ нь голын урсацын тодорхой хэсэг дээр далан бариад, тэр усаа газар доогуур хоолойгоор Говийн бүс рүүгээ холбох л тогтоцтой юм.

-Яг ийм тогтолцоогоор усны асуудлаа шийдэж байгаа бүтээн байгуулалт бий юу?

-Нэг том жишээ бол, Эрдэнэт үйлдвэрийн усны хэрэгцээг Сэлэнгэ мөрнөөс шийдэж, 70 км урт хоолойгоор ус татдаг. Үүний 90 хувийг үйлдвэрт, 10 хувийг хүн амын ахуйн хэрэгцээнд хэрэглэдэг туршлага бий.

-Орхон-Говь төслөөр татах усыг зөвхөн уул уурхай гэлтгүй, ахуйн хэрэглээнд ашиглаж болох уу?

-Үүнийг уул уурхайн үйлдвэрлэлд ашиглахаас гадна газар тариалан, хүн амын ахуйн хэрэглээнд ашиглаж болно.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж