Дэлхийн банкний санхүүжилтээр хэрэгжүүлэх гэж буй говийн өмнөд хэсгийн усны асуудлыг шийдэх “Орхон-Говь” төслийн талаар БОАЖЯ-ны мэргэжилтнүүд болон Усны салбарын мэргэжлийн зөвлөлийнхөн өчигдөр хэлэлцжээ. Энэ талаар Өнөөдөр сонины энэ өдрийн дугаарт мэдээлснээр Эл төслийн Олон улсын зөвлөх Е.Симонов, Үндэсний зөвлөх Л.Өлзийжаргал нарын нэг сарын хугацаанд гүйцэтгэсэн судалгааны ажлын тайланг хэлэлцэн, зохих зөвлөмжүүдийг өгчээ. Мөн Усны салбарын мэргэжлийн зөвлөлийн дарга Ц.Сосорбарам: “Төслийн ажил төлөвлөгөөний дагуу хэвийн явагдаж байна. Харин судалгаанд тодорхой болгох хэрэгтэй зарим зүйл ажиглагдлаа. Үүнийг тодруулж, техник, эдийн засгийн үндэслэлээ бүрэн гаргах чиг үүргийг зөвлөхүүдэд өглөө. Төслийг санхүүжүүлж байгаа Дэлхийн банкнаас тавьж буй нийгэм, байгаль орчны чиглэлийг түлхүү барих талаар санууллаа. Тэгээд тодорхой хугацааны дараа төслийн судалгааны талаар дахин хэлэлцэхээр болж байна” хэмээлээ. Хэлэлцүүлгийн дараа мэргэжилтнүүд Хужиртын халуун рашааны геологи-гидрогеологийн судалгааны үр дүн болон Мандалговь хотын гүний усны ашиглалтын талаарх хайгуулын судалгааны ажлын тайланг үргэлжлүүлэн хэлэлцэх гэнэ.
Э.САРАА