Лондонд өрсөлдөх тамирчдыг үдэх ёслолыг өнөөдөр БТСГ-аас зохион байгуулав. Уг арга хэмжээний үеэр тамирчдад амжилт хүсэн хийморийн сан тавьж, салбарын удирдлагууд амжилт хүслээ. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд А.Мөнхбат, 90 кг-д олон улсын хэмжээний мастер Д.Ганбат, байт харвааны эмэгтэйчүүдийн төрөлд олон улсын хэмжээний мастер Б.Жавзмаа, Б.Оюун-Эрдэнэ, хийн гар бууны 10 метрийн дасгалд Ц.Лхамсүрэн, хөнгөн жад шидэлтээр Б.Мөнх-Эрдэнэ нар өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа базаасан бөгөөд маргааш Лондонг зорих аж. Тэд Лондонгийн ойролцоох Сарри мужид 14 хоногийн бэлтгэл хийгээд тэмцээндээ оролцох юм. Баг тамирчдыг паражүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Базарсүрэн, пара байт харвааны шигшээ багийн дасгалжуулагч Н.Дариймаа, буудлагын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Л.Ундралбат нар дасгалжуулна. Монголын багийн тугчаар жүдо бөхийн тэмцээнд өрсөлдөх А.Мөнхбат ажиллах ажээ. Анх есөн тамирчин эрхээ авсан ч гурав нь хоёр дахь удаагийн сорилтоор бүдэрсэн ажээ. Дашрамд сонирхуулахад, 15 дахь удаагийн Лондоны паралимпад хамгийн олон тамирчин оролцож байгаагаараа онцлогтой.
Паралимпийн тамирчдыг үдлээ
Лондонгийн зуны XXX олимп өндөрлөж, залгуулаад зохион байгуулагчид паралимпийн XV наадмын бэлтгэл ажилдаа ханцуй шамлан оржээ. Наймдугаар сарын 29-нд эхэлж, 10 хоног үргэлжлэх уг наадмыг спортын 21 төрлөөр зохион байгуулах бөгөөд 165 орны 4200 орчим тамирчин 503 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Тэгвэл уг наадамд манай улс спортын дөрвөн төрөлд зургаан тамирчнаа илгээх гэж байна.
Т.МАША