Засгийн газрын бүтцийг шуурхай баталъя гэжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.15-нд нийтлэгдсэн

Засгийн газрын бүтцийг шуурхай баталъя гэжээ

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан өндөрлөж, хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Н.Батцэрэг, дэд дарга О.Баасанхүү нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэдний тайлбарласнаар энэ удаагийн хуралдаанд Ерөнхий сайд биечлэн оролцож, эвслээс тавьсан саналыг хүлээн авч буйгаа мэдэгдсэн. Гэхдээ УИХ дахь Ардчилсан намын бүлэг эвслээс тавьсан саналыг хэлэлцэх учиртай. Ямар ч байсан тендертэй холбоотой асуудлын хүрээнд гишүүд үнэ цэнэтэй саналууд гаргаж, Ерөнхий сайд хүлээн авсан. Төрийн өмчийн хорооны тухайд гурван ч санал тавьсан. Үүнийг бичгээр мөн Ардчилсан намын бүлэгт хүргүүлнэ. Нэг дэх нь, Төрийн өмчийн хороог хуучин шигээ Ерөнхий сайдын харьяанд байлгая, эсвэл Шадар сайдын харьяанд шилжүүлж болох юм. Дараагийн хувилбар нь Төрийн өмчийн хороо нэгэнтээ өмч хувьчлалын асуудлаа шийдсэн учраас задалж асуудлыг нь бусад яамдуудад шилжүүлэх боломжтой гэсэн саналуудыг гаргасан байна. Үндсэндээ асуудлууд дээр ойлголцолд хүрсэн тул Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслөө шуурхай УИХ-аар баталж дараагийн ажилдаа орох хэрэгтэй байна” гэсэн саналыг гаргалаа хэмээн дэд дарга мэдэгдлээ.

“Шударга ёс” бүлгийн дэд дарга сэтгүүлчийн асуултад дараах хариулт өгөв.


-Ардчилсан намаас “МҮАН-ын дарга М.Энхсайханыг Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулахгүй” гэсэн юм уу?

-Наад асуудлаа Ардчилсан намынхнаас асуу. Бидний хувьд энэ тухай сонсоогүй юм байна.

-Танай эвсэл яг хэдэн яамыг харьяална гэж ярилцаж байгаа вэ. Уг нь анх дөрвөн яам, таван сайд гэж байсан юм биш үү. Одоо тэгтэл гурван яамны сураг дуулдах?

-Ажлын хэсэг нэгэнтээ шийдвэрлэчихсан учраас байр сууриа баталгаажуулна. Дөрвөн сайд, гурван яам гэдгээрээ.

-Хэн, хэнийг сайдад нэр дэвшүүлэх вэ?

-Энэ тухай тодорхой ярьсан зүйл алга.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж