Ч.Улаан: ЗГ-ын оновчтой бүтцийн төлөө ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2012.08.15-нд нийтлэгдсэн

Ч.Улаан: ЗГ-ын оновчтой бүтцийн төлөө ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хэлэлцэж байна. Уг асуудлаар олонхийг бүрдүүлэгч нэг субъект болох МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл өөрийн гэсэн байр суурьтай байгаа юм. Энэ талаар УИХ-ын дэд дарга, “МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн, уг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Ч.Улаантай ярилцлаа.

-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслөөр бол яамны тоо нэмэгдсэн ч агентлаг цөөрч байгаа. Үүнийг төсөв хэмнэж байна гэж үзэж болох уу. Нөгөө талаас яамд бодлого хариуцна гэдэг байсан. Гэтэл шинэ хуулиар ажлын хэрэгжилтийг хариуцах гээд байна гэсэн шүүмжлэл дуулдах боллоо?

-Агентлаг цөөрсөн ч товчоо, хүрээлэн гэх зэрэг том том бүтэц гарч ирдэг. Тэдгээрийг өөрөө өөрийнхөө орлогоор санхүүжээд явдаг гэж тайлбарладаг. Хүмүүс “Тийм байх аа” гэж ойлгодог. Гэтэл цаад мөн чанар нь эд бүгд төсвөөс санхүүждэг. Тэгэхээр ил бүтэц, далд бүтэц хоёрын хоорондын харилцааг их зөв тогтоох нэг асуудал байна. Эдгээрийг иж бүрнээр нь авч үзэх ёстой. Нөгөө талаас бүтцийн асуудал ярихаар концепцийн асуудал гарч ирдэг. Бид нэг хэсэг яам буюу төрийн захиргааны төв байгууллага зөвхөн бодлого хариуцна гэсэн асуудал тавьж байсан.  Энэ маань амьдрал дээр очихоороо их явцуухан болж ирсэн. Зөвхөн бодлого ярьдаг л улсууд бий болсон. Бодлогын хэрэгжилт, түүний үр өгөөж, ямар үнэ өртгөөр тэр бодлогыг хэрэгжүүлж байна вэ, хэрэгжилтийн явц ямар байна гэдгийг төрийн захиргааны байгууллага эргээд хянаж чаддаггүй. Тиймээс энэ хэрэгжилтийг хариуцсан биеэ даасан өөр бүтэц гараад ирдэг. Ил далд зэрэгцсэн яам, агентлагууд гарч ирдгийн шалтгаан бол энэ. Яам, агентлаг, тэнд ажиллаж байгаа хүмүүсийг нэгтгээд үзэхээр 4000 гаруй хүн л байгаа. Тэднийг хаана байршуулбал ажил нь давхцахгүй, ажил нь хоорондоо хийдэхгүй, мэргэжлийн төвшинд үр дүнтэйгээр ажлаа удирдаад явах байдал хаана бүрдэх вэ гэдэг дундаж, оновчтой харьцааг олох хэрэгтэй юм. Энэ үүднээс “Шударга ёс” эвсэл бүтцийн асуудал дээр нэлээд ажиллаж байна. 

-Танай бүлэг таниар ахлуулсан ажлын хэсэг гаргаж, хуулийн төслийг нэлээд нухацтай үзэж байгаагийн шалтгаан юу байв?

-Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар хуулийн төсөл өргөн барьсан. Өчигдрөөс энэ талаар бүлгүүд хэлэлцэж эхлээд байна. Түүний дараа байнгын хороод, чуулганаар хэлэлцэж батлах учиртай.  Эвслээс энэ асуудлаар ажлын хэсэг гаргасан. Бүх гишүүдийнхээ байр суурийг нэгтгэж санал боловсруулаад бүлгийнхээ хуралд оруулж Ерөнхий сайдтай нэг бүрчлэн ярьж байна. Онолын хувьд Засгийн газрын чиг үүрэг таван чиглэлтэй байдаг. Эдгээр нь эдийн засгийн бүтцийн асуудал, нийгмийн асуудал, улс орны дотоод хэрэг, гадаад харилцаа, бүтэц бүрэлдэхүүн гэсэн багцад хуваагддаг. Чиг үүргийг хуваарилахдаа барьдаг зарчмууд гэж бас байна. Эрхлэх асуудлын хүрээ нь нэгдүгээрт цогц, иж бүрэн байх ёстой. Хоёрт, давхардал гаргахгүй, хүчээ тарамдуулахгүй, олон тийш чангаахгүй байх ёстой. Гуравт, хэн юу хариуцах вэ, ямар хариуцлагатай байх, юуны төлөө хариуцлага хүлээх вэ гэдэг тодорхой байх ёстой. Дөрөвт, үр ашиг чухал. Эдгээрт анхаарлаа төвлөрүүлж, өчигдөр, өнөөдөр хоёр өдөр манай бүлэг ажиллаж байна. Ирэх дөрвөн жилд Монгол Улсад хэрэгжүүлэхээр зорьж буй шинэ том зорилтыг биелүүлж чадах оновчтой тэр бүтцийг бий болгохыг зорьж байна.

-Өмнөх УИХ-ын үед дэд сайд нарын тоог цөөлж, төрийн албан хаагчдын тоог 7000 орчмоор багасгах боломжтой гэж үзэж байсан. Өнөөдөр энэ зарчмыг хэр тусгаж байгаа бол?

-Тухай тухайн нөхцөл байдлаас шалтгаалаад асуудлын тавилт өөр өөр байдаг. Юуны өмнө төсөв, хөрөнгө, мөнгөний хомсдолтой үед хэрэглээгээ хязгаарлах талыг илүүтэй анхаарч санал боловсруулж байсан. Тэр үед тийм нөхцөл байсан. Өнөөдөр ч шинэ бүтцийг бий болгож хэрэгжүүлэхэд эхлээд орон тоо, зардал нэмэгдэхгүй байх нь чухал. Хоёрт, төрийн байгууллагууд ажлыг өндөр ур чадвартайгаар, үр ашигтай эрхлэх оновчтой бүтцийг бий болгох асуудлыг хооронд нь зөв уялдуулах бүтцийг бий болгох хэрэгтэй. Тиймээс аль болохоор орон тоог нэмэхгүй байх нь нэгдүгээр зорилт. Хэмнэлт гаргах нь хоёр дахь зорилт. Гуравт, зайлшгүй ажил хариуцах бүтцийг бий болгохгүй бол зорилт эзэнгүйдэж үлддэг. Ийм байдал гаргахгүй байх учиртай.

-Засгийн газрыг бүрдүүлэхэд УИХ дахь бүлгүүдийн санал зөрснөөс ажил удаад байгаа тал бий юү?

-Нам, эвслүүд Засгийн газраа хамтран байгуулж ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээнд хамтран ажиллахдаа ямар зарчим барих вэ. Асуудалд ямар дэс дараатай  хандах вэ гэдгийг тусгаад баталгаажуулчихсан. Гэрээг хамтран ажиллаж байгаа субъект, нам, эвслүүдийн удирдах дээд байгууллагууд хүлээн зөвшөөрөөд баталчихсан. Одоо энэ дагуу ажил явж байна. Ажил явна гэдэг нь өөрөө хариуцлага. Аль болохоор үр ашигтай байх ёстой. Нөхцөл байдалдаа зохицсон, Монголын өвөрмөц байдалд тохирсон бодлогоо бид гаргаж авах ёстой. Түүнээс биш урьдаас ирснийг тэр чигээр нь механикаар хуулаад яваад байвал бүтээлч ажил болохгүй. Тиймээс бид ажлаа яаж сайжруулах вэ гэдэг үүднээс л асуудлыг тал талаас нь үзэж байна. Үүн дээр л жаахан цаг хугацаа зарж байгаагаас биш удаашраад, асуудлаа тохирч чадаагүйгээс болоод ажил саатаад байгаа зүйл байхгүй гэж бодож байна.

-МАН-ынхны зүгээс яамдын эрх мэдлийг хэтэрхий их нэмсэн байна. Яам хүрээнээсээ халиад хөрөнгө мөнгө хуваарилдаг, аж ахуйн ажилтай зууралддаг болох гэж байна гэж шүүмжилсэн байна. Таныхаар энэ ямар байгаа вэ?

-Энд концепцийн том асуудал хөндөгдөж байгаа юм. Өмнө нь яам зөвхөн бодлогын яам байна гэсэн концепц байсан. Тэнд дутагдал байсан. Тийм байхад яам өөрөө бодлогын хэрэгжилтийг хянаж чаддаггүй, ямар үүрэг, хариуцлагыг хүлээх вэ гэдэг тодорхой бус байсан.

-Шинээр өргөн барьсан хуулийн төслөөр бол сайд нар хөрөнгө мөнгө захиран зарцуулах том эрхтэй болсон гэж цөөнхийн зүгээс үзэж байгааг яаж тайлбарлах вэ?

-Ер нь сайд гэдэг чинь өөрөө хөрөнгө мөнгө захиран зарцуулах эрхтэй албан тушаал. Төсвийн ерөнхийлөн захирагч гэдэг бол өөрт оногдсон төсвийн багцийн хүрээндээ төсвөө захиран зарцуулах бүрэн эрхээ эдэлдэг хуультай. Өөрөөр хэлбэл, тухайн салбарын хүрээндээ төсвөө захирч, орлогоо бүрдүүлнэ. Гарсан үр ашгийг хариуцна. Цаашдаа ч тийм байх болно. Одоо шинэ нөхцөл байдал бий болж байгаа. Улсын төсвийн тухай хууль шинэчлэгдэж батлагдсан. Ирэх 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс бүрэн хэмжээгээр хэрэгжих хуулийн бэлтгэл эхлээд байна. Энэ хуулиар бол төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх, төвлөрлийг сааруулах, төр, засгийн бодлого боловсруулах, төсвийн хөрөнгийн бодлогыг тодорхойлох үүрэг иргэдэд шилжинэ. Иргэдийн оролцоонд тулгуурласан цоо шинэ бодлогоороо онцлог болж байна.

-Сайд нарын нэр урьдчилсан байдлаар яригдаж эхэлсэн үү?

-Сайд нарыг ярьж эхлээгүй байна. Одоо Засгийн газрын бүтцийн асуудлыг ярьж байна. Бүтцийн асуудлын дараа хуулийн дагуу Ерөнхий сайд хамтран ажиллаж байгаа субъектуудтайгаа хамтраад Засгийн газрынхаа бүрэлдэхүүний тухай саналаа оруулж ирэхэд сайдын асуудал тодорхой болно.

-Агентлагийн тоог цөөлснөөр олон мянган төрийн албан хаагч ажилгүй болох нь гэсэн яриа гараад эхэллээ. Үүнийг зохицуулах гарц бий юу?

-Бүтцийн өөрчлөлтийн асуудал нь зөвхөн орон тоог цөөрүүлэх, хүмүүсийг халж солих зорилго агуулдаггүй. Хамгийн гол нь оновчтой бүтцийг бий болгох, чадварлаг үр ашигтай ажиллах төрийн албан хаагчийг бий болгох зорилготой байдаг. Тийм учраас оновчтой бүтцийг бий болгох чиглэл рүү ажил маань хийгдэж байна. Үүрэг функц нь байж байгаа бол түүнийг хариуцах ажилтан албан хаагч байж л таарна. Хаана, хэн ямар ажлыг хариуцах вэ гэдгийг л нарийвчлан боловсруулж байна. “Өчнөөн хүнийг гудамжинд гаргах нь” гэдэг нь дэндүү өнгөцхөн асуудал юм. Бүтэц, бүрэлдэхүүн тодорхой болсны дараа төрийн албан хаагчид ажлаа хийнэ. Агентлаг, яамдад ажиллаж байгаа 4500 хүний асуудлыг оновчтой зөв боловсруулах асуудал яригдаж байна.

-Яамдын үүрэг, хийх, хариуцах ажлын чиглэлд танай эвслээсс чамлалтай хандаж байгаа гэсэн сураг дуулдсан?

-Чамлалтай гэж хэлэх нь зохимжтой биш л дээ. Ямар үүргийг хариуцах, ямар хариуцлага хүлээх вэ гэдэгт асуудал байгаа юм. Тоо бол ямар нэг зүйл хэлэхгүй. Тооны цаана агуулга бий. Сангийн яам, Шадар сайдын цаана хариуцахажлын  цар хүрээ, машстаб ямар байх вэ гэдэгт тодорхой санал байгаа. Энэ асуудлыг тал талаас нь хэлэлцээд оновчтой байлгах хэлбэрт дөхүүлж чадна гэсэн итгэл үнэмшилтэйгээр ярилцаж байна.

-Танай ажлын хэсгээр ямар нэг шийдэлд хүрсэн үү?

-Манай бүлгийн хуралдаанаар Засгийн газрын бүтэц ямар байвал оновчтой вэ гэдэг асуудлыг ярьсан. Үүрэг, чиглэл нь давхацсан, орхигдсон асуудал байна. Оновчтой биш хуваарилсан асуудал ч байгаа. Энэ бүгдийг нэг бүрчлэн авч үзсэн.

-Танай эвслээс нэг гишүүн тангараг өргөх дутуу байгаа. СЕХ-ноос түр үнэмлэхээ авсан Ц.Оюунбаатар тангараг өргөх боломжтой юу?

-Энэ асуудал тодорхой шалтгаантай. УИХ-ын сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшсэн манай хүний эрхийг түдгэлзүүлээд байгаа. Манай “Шударга ёс” эвсэл анхнаасаа СЕХ-ны энэ шийдвэртэй эвлэрээгүй. Тийм учраас хууль хяналтын байгууллагаас энэ асуудлыг магадлан шийдвэрлэх ажил хийж байна. Эвслийн зүгээс Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Тэндээс гарах шийдвэрээс хамаарч дараагийн асуудал шийдэгдэнэ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж