Томуугийн халдвар газар авснаас Багануурт хөл хорио тогтоолоо | News.MN

Томуугийн халдвар газар авснаас Багануурт хөл хорио тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Томуугийн халдвар газар авснаас Багануурт хөл хорио тогтоолоо

Нийслэлийн Багануур дүү­рэгт өчигдрөөс эхлэн хөл хорио тогтоожээ. Дүүргийн хэмжээний таван цэцэрлэг, “Боловсрол” цогцолборын байранд хөл хорио тогтоогоод байгаа аж. Гурав­дугаар сарын 1-9-ний өдрүүдэд Боловсрол цогцолбор сургуу­лийн 1-5 дугаар анги хичээл­лэхгүй бөгөөд мөн хугацаанд дүүргийн хэмжээнд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохиохыг хориглож, биллиард, теннис, РС тоглоомын газруудыг хаах шийд­вэрийг гаргаад байна. Дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очиртой холбогдож дүүргийн нөхцөл байдлын талаар лавлахад:

-Хоёрдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн манай дүүрэгт томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсэн. Бид бололцоотой арга хэмжээг авсаар байсан ч томуу нэмэгдсээр түргэн тусламжийн дуудлагын 90 гаруй хувь, амбулаторийн үзлэгийн 70 гаруй хувийг эзлэх болсон. Цэцэрлэг, сургуулийн ирц ч 60 хувьтай болсон тул дүүргийн хэмжээнд хөл хорио тогтоох шийдвэр гаргасан.

-Өвчлөгсдийн байдал ямар байна вэ.Томуугаар хүн нас барсан тохиолдол гарсан уу.  Дүүргийн эмнэлгийн орны хүрэлцээ ямар байна?

-Өвчлөгсдийн олонх нь дөрөв хүртэлх насны хүүхдүүд байна. Одоогоор нас баралт гараагүй. Хүүхдүүдийн биеийн байдал хүндэрсэн, хатгаа туссан байдалтайгаар эмнэлэгт ирэх нь их байна. Манай дүүргийн эмнэлэг 250 ортой. Хүүхдийн тасаг 30 ортой ч одоогоор 70 гаруй хүүхэд эмчлүүлж байна. Эмчлүүлж буй хүүхдүүдийн 40 хувь нь хүндэвтэр байна.

-Улаанбаатар хотоос эмч, мэргэжилтнүүд очсон уу?

-Үгүй ээ. Дүүргийн эмч нар ээлж халаагүй ажиллаж байна.

Д.Цээпил

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж