”Шүдний өвчлөл аюултай түвшинд хүрсэн”

Хуучирсан мэдээ: 2012.08.15-нд нийтлэгдсэн

”Шүдний өвчлөл аюултай түвшинд хүрсэн”

Германы "Хил хязгааргүй" шүдний эмч нар өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэд Монгол оронд 2007 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт 15 аймагт 14 суурин, 24 явуулын шүдний эмнэлэг байгуулжээ. Харин энэ жил сайн дурын 56 шүдний эмч, сувилагч 11 групп болон хуваагдаж нийт 7200 гаруй өвчтөнд үнэ төлбөргүй үзлэг хийсэн байна. Хурлын үеэр Говь-Алтай аймаг руу явсан баг бүрэлдэхүүний ахлагч Вольф Ган Пэлээс зарим зүйлийг тодрууллаа.

-Монгол хүүхдүүдийн шүдний өвчлөл ямар түвшинд байна вэ?

-Үнэнийг хэлэхэд үнэхээр аймшигтай байсан. Миний очсон аймагт урьд нь нэг ч шүдний эмч очиж байгаагүй гэсэн. Германд бол шүдний эмч нар нь сургууль цэцэрлэгээр явж үзлэг хийн тэдний эцэг эхэд мэдэгдэж арга хэмжээ авах үүрэгтэй байдаг. Харин энд тийм юм байдаггүй юм байна билээ. Өнөөдөр монголчуудын шүдний өвчлөл дэлхийн хэмжээнд аюултай түвшинд хүрээд байна. Энэ тал дээр эрүүл мэндийн байгууллагууд яаралтай арга хэмжээ авмаар санагдсан.

-Шүдний өвчлөл ихэсч буйн гол шалтгаан нь юу вэ?

-Мэдээж чихэр бол шүдний гол дайсан. Монгол хүүхдүүд цэвэр сахар ихээр идэж байна. Бас иргэдийн эрүүл мэндийн боловсролд ихэд анхаарах хэрэгтэй гэж бодож байна. Учир нь сумдаар явж үзлэг хийж байхад нэг гэр бүлийнхэн дундаа нэг сойз хэрэглэж байгаатай ч олон таарсан.

-Говь-Алтайд хэчнээн хүн үзэж, эмчилгээ хийв?

-600 орчим өвчтөнд үзлэг хийж, эрүүл мэндийн туслалцаа үзүүлсэн.

Н.НАНДИНЧИМЭГ

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж