Ажил цалгардуулсан албан тушаалтнуудад хариуцлага тооцно

Хуучирсан мэдээ: 2012.08.15-нд нийтлэгдсэн

Ажил цалгардуулсан албан тушаалтнуудад хариуцлага тооцно

2012 оны 8 сарын 14-ний өдөр Үндэсний
хороо ээлжит XIII хурлаа хийлээ. Энэ удаагийн хурлаар эхний хагас жилийн
тайланг хэлэлцэж утааны улирал эхлэхээс өмнө шаардлагатай зарим арга
хэмжээнүүдийг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх талаар холбогдох Нийслэл,
БОАЖЯ, ЭБЭХЯ-дуудад үүрэг болголоо.

Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2012 онд Улсын
төсвийн хөрөнгөөр нийт 15 нэр төрлийн хөрөнгө оруулалтын төсөл, арга
хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Эдгээр хөрөнгө оруулалтын
төслүүдээс тухайлбал “Нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжын
автобусыг хийн түлшинд шилжүүлэх”, “Хог боловсруулах үйлдвэрийг барьж
байгуулах”, “Сонгино 125 МВа-ын дэд станц, 220кВ-ын 10 км ЦДАШ
/цахилгаан дамжуулах агаарын шугам/”, “Баянгол хорооллын 40 МВа-ын дэд
станц, 110 кВ-ын 2.2 км ЦДАШ” барих”, “Хийн түлш, нүүрсний гүн
боловсрулалтын үйлдвэрлэлийг дэмжих”, “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,
ойжуулах” зэрэг дулааны улиралд хийж гүйцэтгэх ёстой ажлуудын тендер
шалгаруулалтын ажил одоо болтол дуусаагүй байна. Тэдгээр төслүүдийг
гардан зохион байгуулж, хэрэгжүүлэх ёстой Нийслэлийн засаг даргын тамгын
газар, БОАЖЯ, ЭБЭХЯ, мөн Сангийн яам дээрх төслүүдийг тодорхой бус
шалтгаанаар хойшлуулсан, саатуулсан албан тушаалтнуудад хариуцлага
тооцон мэдэгдэж, уг ажлуудыг 8-р сард багтаан эцэслэн шийдвэрлэх ажлыг
шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох Үндэсний хорооны гишүүдэд
даалгалаа.

Агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхийг боловсруулсан түлшээр хангах, нөөц бүрдүүлэх ажил тун удаашралтай явж байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ойрын хугацааны томоохон
зорилтыг хэрэгжүүлэхэд нэн чухал ач холбогдолтой  “ДЦС-2” ТӨХК-ийг
түшиглэн баригдаж байгаа жилд 210.0 мянган тонн хагас коксон шахмал түлш
үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулах ажил удаашралтай, ирэх өвөл
мөн боловсруулсан түлшээр хангах ажлыг саатуулах төлөвтэй байна.
Төслийн хөрөнгийн /20.0 гаруй тэрбум төгрөг/асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Иймээс уг ажлыг цалгардуулж байгаа “ДЦС-2” ТӨХК-ний удирдлага, албан
тушаалтан, төсөл хэрэгжүүлэгчдэд арга хэмжээ авч уг ажлыг эрчимжүүлэх
бололцоотой арга хэмжээг авч ажиллахыг  ЭБЭХЯ-д үүрэг болгосон байна.
Мөн боловсруулсан түлшийг иргэдэд худалдаалах, түүнд олгох татаасийг
батлав.

Агаарын чанарыг сайжруулах бүсэд нийслэлийн гэр хороололыг бүрэн
хамруулж 2012-2013 онд багтаан сайжруулсан зуухаар хангаж дуусгахаар
төлөвлөсөн боловч МСС-ийн “Цэвэр агаар” төслөөс нийлүүлэх сайжруулсан
зуухны тоо буурснаас хамаарч анх төлөвлөсөнөөс 30.0 орчим мянган зуух
дутахаар байна.

Иймд Үндэсний хорооноос нийлүүлэх боломжтой зуухны тоо, ширхэгээс
хамааруулан эхний ээлжинд хамрагдах дүүрэг, хороодын жагсаалтыг тодотгон
тогтоох, анх төлөвлөснөөс дутсан 30.0 орчим мянган ширхэг сайжруулсан
зуухны хөрөнгийн асуудлыг шийдвэрлэн шуурхай зохион байгуулж ажиллахыг
НЗДТГ БОАЖЯ, Монголын Мянганы сорилтын сангийнханд үүрэг болголоо.

Нам даралтын зуухнуудыг буулгаж төвлөрсөн дулаанд холбох ажлын хүрээнд
БЗД-ийн Ус-15 болон, Дэнжийн мянга орчмын хэрэглэгчдийг төвийн дулаанд
холбох ажил хийгдэж байна.

Мөн энэ онд Улсын төсвийн хөрөнгөөр зарим
томоохон халаалтын зуухнуудын шинэчлэлийг хийж байгаа нь сургууль,
цэцэрлэг, цэргийн анги гэх мэт төсвийн байгууллагуудын нийт 10 орчим
халаалтын зуухыг шинэчлэх юм. Нөгөөтэйгүүр гадаадын төсөл
хэрэгжүүлэгчдийг татан оролцуулж, ММСС-аас халаалтын зуухны засвар
шинэчлэлийн ажилд тодорхой хөрөнгийг зарцуулан халаалтын улирал
дуусахаас өмнө 16 ширхэг томоохон нам даралтын зуухыг шинэчлэхээр
ажиллаж байна. Эдгээр ажлыг халаалтын улирал эхлэхээс өмнө ашиглалтанд
оруулахыг анхааруулав.

Энэ жил жижиг ТҮЦ-ээс эхлээд гутал, дугуй засвар, ус түгээгүүр, дэлгүүр
зэрэг бие даасан дулааны эх үүсвэр, зуухнуудыг утаагүй эх үүсвэрт
шилжүүлэхийг аж ахуйн нэгжүүдэд шаардаж, хэрэгжүүлээгүй газруудад
торгууль ноогдуулах болж байна.

Агаарын бохирдол ихэссэн аймаг, хот суурин газруудад Үндэсний хороо
анхаарлаа хандуулан ажиллаж эхэллээ.

 Энэ ажлын хүрээнд эхний ээлжинд
боловсон хүчний чадавхийг сайжруулах, тэднийг мэдээллээр хангах,
бохирдлыг бууруулах хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулахад зааварчилгаа
өгөх зорилгоор Дорнод, Ховд, Дархан-Уул, Өвөрхангай аймгуудад бүх
аймгуудыг оролцуулсан бүсчилсэн сургалт, семинарыг БОАЖЯ-тай хамтран
зохион байгуулсан  бөгөөд бохирдол ихтэй зарим аймгуудад агаарын чанарыг
сайжруулах бүс тогтоож, Үндэсний хорооны салбар хороо байгуулан агаарын
бохирдлыг бууруулах төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулан ажиллах үүргийг
өгсөн байна.

Үндэсний хорооны энэ удаагийн ээлжит хуралыг Үндэсний хорооний дарга
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан удирдан явуулав. 

Эх сурвалж: www.air.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж