Утаа униаргүй агаарлаг алслалтай зургийн дэргэд би саатан зогсоно. «Алсын бараа» зурагт сэмжин үүл нүүсэн цэлмэг хөх тэнгэр, энд тэнд элсэн толгод, хараа цуцам энгүй өргөн тал дүрслэгджээ. Хараад байхад өргөн тал, хөх тэнгэр хоёр тэртээ алсад хаяа нийлэн, өнгө нь хоорондоо сүлэгдэн замхарчээ. Сэтгэлд багтахын аргагүй дэлгэр уудам орчлон. Уудам хээрийн ийм гайхалтай дэвсгэр дээр тайрчихсан юм шиг тэгшхэн оройтой бараан уул хурц тодоор өнгө ялгаран харагдана. Донжийг нь тунч сайхан олж чаджээ.
Өглөөний нарнаар ёстой л толгой сүүлээрээ тоглон тэнгэр тулам тоос босгосоор усанд орж ирж байгаа омголон хонгор морь тэргүүтэй хэсэг адуу болон энэхэн мөчид уулын бэлээс хөөрч ядан байгаа мананг нэвт гийгүүлэн буй нарны туяаг үнэхээр сэтгэл бүлээцэм дүрсэлсэн нэгэн зураг миний нүдэнд аргагүй тусав. Зураач, омголон хонгор морьтой тэр зургийг «Өглөөний сэрүүнээр» хэмээн нэрлэжээ.
-Би энэ зурагны зохиомжийг Алтайн нуруунаас олсон юм. Сайхан нутаг байгаа биз. Амьдрал дээр бол үүнээс ч илүү агуу шүү дээ. Байгаль гэдэг чинь барж идэх юм биш. Миний багш бол байгаль байгаа юм гэсээр зураг болгоноо ярьж хөөрөлдөх дуртай байсан их зураачийн “Холын цэнхэр уулс” үзэсгэлэнг үзэж явахдаа бас нэгэн зургийг нь маш удаан саатан харж зогсч билээ.
Цагсан талд ганц чоно харайна. Байгалийн сүрлэг дүр төрх тэр их цагсанд сарны гэрлийг биедээ тусгажээ. Нүд хүрэхгүй алсад шөнө зугаалан айсуй. Аргагүй л тэнд чоно байхаас ч аргагүй мэт сэтгэл төрж, ганц чонын цог хийморь салхи дагуулан харайх лугаа нүд баясаж сэтгэл бадарна. Хязгааргүй, амьгүй цагсан дайдад чоно амь оруулж буй нь зургийн ур чадвар сэтгэлгээний гүнийг харуулдаг юм.
Ингэж л хүнийг байгаль амьтантай нь яриулж байгаа, хөгжимлөг эгшиглэнг бас сонсгож байгаа зураачийн хөдөлмөр гэдэг үгээр илэрхийлэх аргагүй. Нүдээр харах яруу найраг, сэтгэлээс ундрах симфони гэлтэй. М.Цэмбэлдорж асны зурсан зураг бүхэн өөрөө эгшиг дуу, яруу найраг, хүн юм гэж тэгэхэд л төрсөн сэтгэгдлээ эдүгээ эргэн санана.
Бүр бага наснаасаа төрөлх нутгийнхаа байгалийн гайхамшигт сэтгэл санаандаа шингээсэн нь хүүхэд ахуйнх шигээ өөрийнх нь анхны таталбаруудад тусгагдсан байдаг. Говийн сэдэв зураачийн уран бүтээлийн гол сэдвийн нэг нь болсон байна.
1951 онд 20 настайдаа тэрбээр Налайхын уурхайн ажилчин болжээ. Уурхайчны хөдөлмөр болон ажилчны орчин түүний зан байдалд үнэ цэнтэй шинж чанарыг төлөвшүүлжээ. Ардын зураач О.Цэвэгжавтай учран танилцсан явдал Цэмбэлдоржид уран бүтээлийн замаа эхлэхэд гол нөлөө үзүүлсэн байна. Монголын нэрт зураач Л.Гаваа, Н.Чүлтэм нар ч бас Цэмбэлдоржийн багш юм.
Зураачийн уран бүтээлд байгалийн зураг яваандаа гол төрөл зүйл болж. «Чулуут голын цуурай», «Говийн хавар», «Говийн үдэш», «Намар» зэрэг зураг говийн хатуу ширүүн байгалийн өвөрмөц гоо үзэсгэлэнг хурц тод өнгө хослуулан тусгагсан байдаг.
Дэлхийн урлагийн мастеруудын уран бүтээлийг тэрбээр байнга судалдаг байжээ. Өөрийнх нь хэлснээр Орос, Зөвлөлтийн байгалийн зураач И.Шишкин, И.Левитан, С.Герасимов, Н.Ормадин, М.Саръян нарын бүтээл түүнд онцгой гайхал төрүүлдэг ажээ.
1984 онд Москва хотод М.Цэмбэлдоржийн уран бүтээлийн тусгай үзэсгэлэн нээгдэж. түүний уран зургаас Зөвлөлтийн олон хүн Монгол орны байгальтай танилцан бахархсан гэдэг. Эх орон, түүний байгаль үндэсний уламжлалыг хайрлах сэтгэл зураачийг зоригжуулагч гол эх булаг нь болжээ.
Цэмбэлдоржийн хувьд хамгийн азтай учрал нь 1956 оны долдугаар сар байв. Ардын зураач Цэвэгжав гуайтай нүүр учирснаар Монголын урчуудын эвлэлийн хороонд барималчны орон тоон дээр ажиллах болсон тэр агшин ажээ. Богино хугацаанд зургийн авьяас нь танигдаж 1957 онд Өвөрхангай аймгийн Дүрслэх урлагийн салбарын эрхлэгч, зураачаар томилогдсон нь эх орныхоо байгалийн сайхныг бийрийн урлагаар илтгэн харуулж, урлагийн үнэт ховор зүйлсийг хайрлан хамгаалах гэгээн үйлс рүү татан оруулжээ.
1967 онд Москва, Ленинградын уран зураг, музейн үзмэрийн бүтээлийг сэргээн сэлбэх ажлаас суралцаж ирэх хүсэлт гаргаж Музейн удирдах газар байгуулагдахад тус газар лабораторийн эрхлэгч, ерөнхий зураачаар ажиллаж Соёлын яамны томилолтоор Киев хотноо уран зургийн үзэсгэлэн байгуулах ажлаар явж, тэндхийн соёл урлагтай танилцах сайхан завшаан олдож, тухайн үеийн ажлын шаардлагаар шинээр байгуулагдаж байсан эртний түүхт уран барилга, сүм дуган сэлбэн сэргээх газар түүнийг их бүтээлийн зураачаар ажиллах хариуцлагатай албанд зүтгэж байжээ. Тэгснээр Богд хааны өвлийн ордны зураг чимэглэл, хээ угалз болон хуучин гоёлыг нээн илрүүлэх, Лавиран сүмийн засварын ажил, Чойжин ламын сүм, Зуугийн сүм зэрэг сүм дугануудын өнгө будаг, ур хийц, урлагийн төвөг бүхий олон ажлыг удирдан гүйцэтгэж чаджээ.
Сүм дуганыг сэргээх ажилд тусгай мэдэгдэхүүн хэрэгтэй болсноор Япон улсад очиж эртний сүм дуганыг сэргээж байгаа ажлын туршлагаас суралцаж ирсэн нь Цэмбэлдоржийн хувьд Эрдэнэ зууд “Нар Хажидын сүм”, “Эрэгсэн Гомбын сүм”, хувцасны сан, Хандоржийн байшин сүм дуганы урлаг чимэглэлийн олон ажлыг хариуцан тэдгээрийн өнгө будаг хээ угалзыг сэргээн засварлахын хажуугаар уран бүтээлээ орхигдуулалгүйгээр барахгүй шинэ санаа, шинэ дүрслэлийн эрэлд тэмүүлж байжээ.
Амьдралын эрхээр 16 наснаас эхлэн хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэрсэн эгэлгүй авьяаст энэ хүний уран бүтээлийн үзэсгэлэнгүүд өөрийн оронд болон Москва, Чехословак, Братиславт нээгдэж дэлхийд гайхагдсан гайхамшигт бүтээлийнх нь өнгө гэрлийг байгалийн уран зургууд нь Монголын бахархал болон түгжээ. Тэр тухай Зөвлөлтийн сэтгүүлч А.Кривел «Правда» сонинд “Амьдрал сайхан” гарчигтай нийтлэлдээ “Зураач хүний бүтээл бүр нь түүний намтрын хэсэг байдаг. М.Цэмбэлдоржийн бүтээлийг харсан хэн ч энэ бол жинхэнэ монгол үндэстний зураач юм гэсэн сэтгэгдэл төрнө. Гэхдээ түүний бүтээл туурвил аль ч үндэстний хүнд ойр дөт бөгөөд ойлгомжтой байдаг. Тэр Монгол орон, монгол ахуйн бодит байдлыг гярхай тусгаж чаддаг юм” гэж бичжээ.
Ёвропчуудад тэр бүр гойд ойлгомжтой, танил бус, үлгэрийн юм шиг энэ сайхан газар нутаг өөрийн гэсэн өвөрмөц гайхамшигтай. Тачирхан ургамалтай уудам хээр, өглөө нар мандах, орой нар жаргах үед зэсэн өнгөөр улайрах тэнгэрийн хаяа, мөнхөд исгэрэн шаагьж байдаг хондон шар манхан. Энэ бүхэн бол Цэмбэлдоржийг багаас нь хүрээлэн байсан орчин. Тиймээс ч говийн тухай зураг түүний бүтээлд гол байр эзэлдэг.
Энэ зураачийн бүтээл ардын дуу шигээ цоглог, уянгалаг, сүрлэг, сэтгэлийн гүнээс оргилон гардаг. Зураг бүхэн нь гоо сайхны мэдрэмжээр төгс байдгийн зэрэгцээ ертөнц эмзэг, хэврэг гэдгийг сэтгэлд буухуйц харуулдаг.
-Зурна гэдэг миний хувьд ажил ч амралт ч болдог. Бийрээ барихаар анир чимээгүйг сонсох шиг, түүгээр ч барахгүй бас харах шиг болдог юм… гэж Цэмбэлдорж ярьдаг байжээ.
…Тэнгэр баганадсан сүрлэг уулс, тэдгээрийн хоорондох ёроолгүй гүн хавцал. Түүний цаана цаа буга унагсан цагаан хувцастай хүн уруудаж явна. Шуудан хүргэгчийн хувцасны цайвар өнгийг сүрлэг дүнсгэр байгаль улам ч товойлгон өгчээ. «Шуудан хүргэгч» гэдэг зурагт ийн өгүүлнэ.
Бас нэг зургийн тухайд гэвэл зураг дээр хад чулуунууд хүн шиг, эвсэг гэр бүлийнхэн шиг бие биенээ түшжээ. Уг зургийг «Чулуун чуулга» гэж нэрлэсэн байна. Байгалийн үзэсгэлэн гоо өөр өөрийн жам хуультай. Түүнийг сүйтгэж болохгүй. Амьдрал сайхан. Түүнийг хөнөөх учиргүй гэж тэр өгүүлдэг байлаа. Зураачийн үзэл, итгэл чухам энэ үгэнд байжээ.
МУЭ-ийн Ү их хурал, Дүрслэх урлагийн байгууллагын 40 жилийн ойн хуралд МУЭ-ийн хорооны дарга Н.Цүлтэмийн «Эрин үеэ дүрслэх зураачийн үүрэг» (Үнэн сонин 1982-12-04 ¹290 /15313/) илтгэлд “…Сүүлийн жилүүдэд хэсэг хүмүүсийн болон нэг хүний уран бүтээлийн дагнагсан үзэсгэлэн гаргаж үзэгч олондоо тайлагнаж иржээ. Зураач Цэмбэлдоржийн «Холын цэнхэр уулс» үзэсгэлэн байгалийн сүрлэг сайхныг харуулсан ус, тосон будгийн 300-гаад бүтээл дэлгэсэн юм.
Түүнийг түм гаруй хүн үзсэнээс 600-гаад нь санал сэтгэгдлээ бичиж үлдээснээс дурдвал ”Би өнөөдөр цас мөсөн дуулгат Гималайн оргилд гарч, Галбын говийн халуун наранд шаруулж, говийн аймшигт угалзанд дайруулж үзэх мэт боллоо. Цэмбэлдоржийн бүтээлд тэнгэр газрын өнгө, уул усны шивнээ, тал нутгийн дуулал сонсдох ажээ” гэж нэг үзэгч бичжээ хэмээн тэмдэглэснийг эргэн харахад байгалийн уран зураачийн утаа униаргүй, агаарлаг, алслалтай олон сайхан зургууд нь мөнөө л сэтгэлд тодхон буух ажгуу.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин