Б.Дашдорж: Бид тамирчдаасаа амжилт харахгүй

Хуучирсан мэдээ: 2012.08.15-нд нийтлэгдсэн

Б.Дашдорж: Бид тамирчдаасаа амжилт харахгүй

Манай улсад анх удаа сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байгаа билээ. Азийн таван бүсээс шалгарсан 16 баг өрсөлдөх уг тэмцээн нөгөөдөр эхлэх юм. Монгол Улсын залуучуудын шигшээ багийг О.Дөлгөөн, Х.Анар-Эрдэнэ, Н.Ханбулаг, Ч.Энхтайван, Э.Энхтөгс, Д.Сонинбат, М.Батхишиг, Б.Алтанбагана, Б.Сүбээдэй, Г.Билэг-Ариун, Д.Хаш-Эрдэнэ, Л.Мөнхнасан, Д.Анхаа, М.Төмөр бүрдүүлж байна. 18 хүртэлх насны сагсчид оролцох тэмцээний бэлтгэл ажил хэрхэн үргэлжилж байгаа талаар Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дашдоржтой цөөн хором ярилцлаа.

-Азийн аварга шалгаруулах эхлэхэд цөөхөн хоног үлджээ. Тэмцээний бэлтгэл ажил хэр байна вэ?

-Бэлтгэл ажил 70 хувьтай байна. Тэмцээнийг хоёр зааланд явуулахаар болсон. Спортын төв ордон болон Яармаг дахь шинэ ордны спорт зааланд хэсгийн тоглолтуудыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангасан байгаа. Спортын төв ордонд хоёр, Яармагт зургаан тоглолтыг явуулахаар төлөвөлсөн. Мэдээж хэрэг хөгжөөн дэмжигчдэдээ тусгай автобусаар үйлчилнэ. Шинээр хоёр стандарт цагираг авчирч тэмцээн болох хоёр зааландаа суурилуулсан. Мөн багийн алдаа заагч, статистик үзүүлэлтийг танилцуулах 12 хүний бүрэлдэхүүнтэй баг бэлэн болсон байна. Манай тамирчдын байрлаж буй зочид буудалд найр хурим их болж байгаа гэсэн. Үүнээс болж тамирчдын хоол ундтай давхцах зэрэг бага зэргийн хүндрэл гарч байна. Гэхдээ энэ бол дотоодын асуудал учраас дор бүр нь зохицуулаад болгочих байх. Манай багиийн хувьд олимпийн хорооны дэргэд Спортын анагаах ухааны төвд байрлан бэлтгэлээ хийж байна.

-Нийт 15 орны баг тамирчид манай улсад ирнэ. Тэгвэл өнөөдрийн байдлаар хэдэн баг ирсэн бэ?

-Одоогийн байдлаар Сири, Тайвань, Энэтхэгийн баг тамирчид ирсэн байна. өнөөдөр шөнө /өчигдөр/ дөрвөн баг ирнэ. Маргааш /өнөөдөр/ таван баг ирэх ёстой. Тэмцээний өмнөх өдөр гурван баг ирэхээр болсон. Энэ сарын 16-нд “Баянгол” зочид буудлын хурлын танхимд техникийн зөвлөгөөнтэй.

-Аливаа олон улсын чанартай тэмцээнийг зохион байгуулахад зардал мөнгөний асуудал заавал гардаг. Үүнийг яаж зохицуулсан бэ?

-Тэмцээний нийт зардал 600 гаруй сая төгрөгийн төсөвтэй байгаа. Үүнээс 96 саяыг Засгийн газраас, Азийн сагсан бөмбөгийн холбоо 25 мянган ам.доллар, “Кока Кола” компанийн зүгээс 60 сая төгрөг цугларсан байна. Харин бусад зардлаа олохын тулд томоохон компаниудад хандсан. Тэднийг боломжоороо туслах байх гэдэгт итгэлтэй байгаа.

-Эх орондоо зохион байгуулж байна гэдэг утгаараа тодорхой хэмжээний амжилт харж байгаа нь мэдээж. Та бүхний зүгээс ямар зорилго тавьж байна вэ?

-Эхлээд хэсгээсээ шалгарахыг илүүд үзэж байна. Цаашид яахыг нь мэдэхгүй юм. Бидний зүгээс ямар нэгэн амжилт харахгүй байгаа. Энэ нь хоёр, гурван шалтгаантай. Монголын тамирчид хамтарсан бэлтгэл хийгээд нэг сар болж байна. Мөн Монголын сагсчид 50 жилийн түүхэндээ Азийн аварга шалгаруулах тэмцээнд нэг ч удаа оролцож байгаагүй. Яагаад гэвэл манайх Зүүн Азийн бүсэд хамаарагддаг. Тиймээс бүсээсээ шалгарч чаддаггүй юм. Шалгарна гэдэг маш хүндрэлтэй асуудал л даа. Зохион байгуулагч гэсэн давуу эрхээ эдлээд тамирчдаа оролцуулж байгаа нь манайхны хувьд том аз юм. Энэ үйл явдлыг бид их олзуурхаж, баярлаж байна. Саяхан тамирчидтайгаа уулзаад “Юу чаддагаа харуулаад өөрсдийгөө сорь. Биеэ барилгүй чөлөөтэй тоглох хэрэгтэй. Заавал нэг зорилт тавиад түүндээ хүрэх гэж хичээх хэрэггүй” гэж захисан. Энэ тэмцээн манай тамирчдын хувьд том сорилт болж байгаа юм. 22 дахь удаагийн Азийн аваргад 2016 онд тивээ төлөөлж оролцох залуус оролцож байгаа. Монголын болон гадаадын тамирчдын ялгааг энэ тэмцээнээс олж харах байх, манайхан. Ялангуяаа нурууны маш их ялгаа гардаг. Үүнийгээ аль болох хурд, ур чадвар, тоглолтын тактик, арга барилаар л нөхөж тоглуулахыг хичээж байна. Залуучууд маань хэрхэн тоглохыг тэмцээн дээрээс л харъя гэж хэлье дээ.

-Манай улсад олон улсын тэмцээн зохион байгуулахдаа хэвлэл мэдээллийнхэнд чирэгдэл учруулдаг тал бий. Энэ тал дээр хэрхэн ажиллав?

-Азийн аварга шалгаруулах тэмцээнийг сурвалжлах хүсэлтэй хэвлэл мэдээллийн байгууллагад бид ямар нэгэн шаардлага тавиагүй. Хүссэн нь Спортын төв ордонд байрлаж байгаа төв штаб дээр очиж мандатаа авах боломжтой. Багийн спортын төрлөөр манай улсад Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байгаагүй. Тиймээс бид хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй, хамтарч ажиллах зорилготой байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж