Бугын аж ахуйн талаар өгүүлэх нь

Хуучирсан мэдээ: 2012.08.15-нд нийтлэгдсэн

Бугын аж ахуйн талаар өгүүлэх нь

Хөвчийн ой минь ангаар дүүрэн… Ийм нэгэн дуу бий. Гэвч энэ дуу нэгэн цагийн илэрхийлэл болон үлдэж мэднэ. Алтайн бөхөн, хавтгай, мазаалай гээд зөвхөн Монголын гэсэн тодотголтой олон төрөл зүйлийн амьтан бидний нүдэн дээр мөхөж хоргодсоор байна. Үүний цаана эх нутгийн минь өнгө үзэмж бүдгэрч, эзэнгүйдэн хоцорч байна.

Энэ хавар зуны заагаар дархан цаазтай Хустайн нуруунд арав гаруй бугыг хомроголон хядсан хэрэг гарлаа. Харуул хамгаалалттай газрын байгаль хамгаалагчдын хамрын дор иймэрхүү хулгайн аллага хөллөв. Зөвхөн бугын чив, согооны савны төлөө л амьтны халуун амийг хууль бусаар хөнөөж байна.

Бугын эд эрхтэн үнэ хүрэх шалтгаан бий. Буга бол бүр хожуу, тухайлбал гуравдагч мөстлөгийн дараа үүсч бий болсон биологийн хувьд харь­цангуй залуу, генетикийн онцгой чадвартай бодгаль аж. Түүнийг нь гадныхан, тэр дундаа урд хөршийнхөн дэндүү сайн мэддэг. Тиймээс бугын сүүл, чив, согооны сав, эвэр туурай, цус  гээд ер нь амьсгалаас бусдынх нь эрэлт хэрэгцээ маш өндөр байдаг аж. Гэхдээ энэ их хэрэглээ, хэрэгцээ монголчуудынх биш, хятадуудынх. Бусдын хэрэгцээг хангах гэж будант цэнхэр хан­гайгаа цөлмөж, амьтны халуун амиар амьжиргаа хийж байгаа хулгайн анчдын сүлжээ бий. Тэд бол хууль яриад ч нэмэргүй, торгоод ч тоодоггүй, нүд болоод толгойд нь мөнгө л эргэлдсэн, тийм хүмүүс байж таарна.

Тэртэй тэргүй мөхлийн ирмэг дээр ирээд байгаа үлдсэн хэдэн бугаа энэ янзаар хадгалж хамгаалж үлдэнэ гэвэл түүн шиг үлгэр үгүй. Мөнгөний төлөөх боломжийг хулгайн анчид байнга анаж отож байгаа. Тэгвэл буу барьсан нүгэлтнүүдээс бугаа яаж хамгаалж үлдэх вэ? Асуудлын гол нь энэ. Цаашилбал бугаа эдийн засгийн засгийн хувьд үр ашигтай байлгаж, тоо толгойг нь өсгөх явдал. Энэ асуудлыг урьд нь ч бас хөндөж байсан билээ. 

…Хэдэн жилийн өмнө урд хөршийн өвөрлөгч эртэй танилцав. Уг нутаг нь Шилийн гол аймаг гэсэн. Нутаг усанд нь сүүлийн хэдэн жил ган гачиг дараалан тохиож, хотоо харлуулсан малчид төв суурин газар барааджээ. Шинэ танил маань тэдний нэг. Хөх хотын наагуур хөндөлсөн байх Даланхар уулын бэлд төвхнөж улсаас өгсөн тэтгэлэгэрээ үхэр бус цөөн буга худалдан авчээ. Эднийх тэр үед 20 гаруй бугатай байсан. Одоо өсч үржиж олон болсон байх. Насаараа мал дагаад олж байгаагүйгээ энэ хэдэн эвэртэй амьтнаасаа олдог гэж танил маань гайхуулаад авна билээ. Арчилгаа маллагаа шаардаад байхгүй амар хялбар юм гэж тэр бас тодотгосон. Ер нь сүүлийн жилүүдэд Хятадад бугын аж ахуй олноороо байгуулагдаж байгаа аж. Авдаг ашиг шим арвин, эзэндээ өгдөг зоос нь ахиу болохоор ийн буга тэжээх сонирхол ихтэй болж байгаа гэсэн. Тэнд хийж байгаа ажлыг энд хийж болно гэсэн бодлын үүднээс бугын аж ахуйн талаар уншигчиддаа тодруулъя хэмээн зорьсон юм.

Бугын гаралтай түүхий эд биологийн идэвх сайтай, хүний дархлалын системийг сайжруулах ид шидтэй. Бас хорт хавдрын эсрэг бэлдмэл гаргаж авсан тухай мэдээ бий.

Хамгийн гол түүхий эд нь цусан эвэр. Эмийн маш чухал хэрнээ ховор түүхий эд. Нэг буга жилд нэг кг орчим цусан эвэр өгдөг. Дэлхийн зах зээл дээр энэ нь 500 ам.доллараас цааш үнэтэй гэнэ. Эрэлт хэрэгцээтэй үедээ 1000 ам доллар хүрэх нь энүүхэнд. Гэхдээ энэ бол хэдэн жилийн өмнөх тоо баримт. Энэ үнэ ханш нэмэгдснээс буураагүй байж таарна. Хамгийн багаар бодоход буга 10-12 жил цусан эврээ өгнө. Бас нэг унац нь ясан эвэр. Тавилга болон бэлэг дурсгал, гоёл чимэглэлийн үйлдвэрийнхэн үүний төлөө “нүдээ ухаж” өгөхөөс буцахгүй. Нэг эвэр багаар бодоход 3-5 кг жин татна. Гэвч арчилгааны сайн нөхцөлд халиун буга жилд 22-30 фунт /10-15кг/ ясан эвэр “үйлдвэрлэдэг”. Нэг кг ясан эвэр наанадаж 15-20 ам.доллар. Иймэрхүү янзаар бүдүүн баараг тооцоо хийж үзэхэд ганц бугын толгой 10 жилд 10 шахам сая төгрөгийг эзэндээ унагадаг. “Алтаар өндөглөдөг” тахианаас өөрцгүй байгаа биз.

Бас нэг таатай мэдээ дуулгахад бугын махны эрэлт хэрэгцээ дэлхийн зах зээл дээр өсч байгаа явдал. Үхэр, тахианы махнаас ч бага хлостерин агуулдаг, амт чанар сайтай гэж үнэлэгддэг. Ази тивийн цөөнгүй улс орны махны үндсэн хэрэгцээ болдог төдийгүй, намар болоод ирэхийн цагт Англи, Шотланд гэхчлэн барууны орнуудын супермаркетуудад бугын мах элбэгшдэг. Хэрэглээ үүгээр хязгаарлагдахгүй. Нэг кг мах төрөл зүйлээсээ шалтгаалан дунджаар 7-10 долларын үнэтэй ч бүр 30 ам. долларт хүрч байгаа гэнэ. Нэг буга 100 орчим кг мах өгөх боломжтой. Махных нь үнэ ямар ч сайн амбан шараас давж унах гээд байна аа даа. Дэлхийн зах зээл энэ тэр гэж томрохоо байя. Бугын чивийг Цайз, Эмээлт захынхан 800 мянгаас доошгүй төгрөгөөр худалдан авч цааш 1000 ам.доллараас дээш үнээр борлуулдаг нь мөнөөх Хустайн нурууны аллагын үеэр тодорхой болсон. Монголд тэгвэл ганцхан чивээр нь сая төгрөг олдог байх нь. Цаашилбал  арьс үс гээд мөнгө болохгүй юм гэж үгүй. Бугын арьсан гутал өндөр үнэ хүрдэг, ориг нь ОХУ-д 800 мянга орчим төгрөгтэй дүйцэхүйц  үнэтэй байдаг гэлцэнэ. 

Энэ  бүхэн зөвхөн биет ашиг шим нь. Түүнээс гадна бугын урамдах дууг сонсох гэсэн, хангайн энэ сайхан амьтныг харж стрессээ тайлах гэсэн олны сонирхлыг өөр дээрээ дуудаж мөнгө үйлдвэрлэдэг ид шид энэ амьтанд бас бий. Эндээс  чамгүй бор юм чангааж болмоор байгаа биз.

Фермерийн аж ахуйн тухай дээр дооргүй их ярьж бичиж байна. Фермер гэдэг зөвхөн үнээ мал, өвс ногоо гэсэн үг биш. Хангайн зэрлэг бугыг хашаандаа залсан фермерийг ч бас бий болгон хөгжүүлье. Үүнийг байгаль хамгаалал, тэр дундаа буга хамгаалах ажилтай уялдуулан хийвээс илүү үр дүнтэй байх биз ээ. Ийм туршлага дэлхий нийтэд бий. АНУ-д 1900-аад оны эхээр бугын тоо толгой эрс цөөрч данс дугуйлахад тун дөхөж байсан гэдэг. Тэгээд анчиддаа бугын аж ахуй эрхлэхийг зөвлөн хөхүүлэн дэмжиж тэтгэжээ. Ингэснээр олон фермер бугын аж ахуй эрхлэх болжээ. Үр дүн нь тэр үед 40-өөдхөн мянга байсан буга 1990-ээд оны эхэн үед хэд дахин нэмэгдсэн байх юм. Бугыг гэршүүлэн аж ахуйн зориулалтаар ашигласны үрээр тоо толгойг нь ийн өсгөж чаджээ. Буга дасан зохицох, өсөн үржих чадвараараа гайхалтай сайн амьтан. 16-20 жил насалж ашиг шимээ өгнө. Боломж байгаа биз.

Ийм боломжоос атгаад авбал таныг ч, Монголыг маань ч өөдлөн дэвжээх нь гарцаагүй.

Бугын аж ахуй бол шинэ юм биш. Дэлхийн олон улс оронд энэ нь уламжлалт аж ахуй болтлоо хөгжижээ. Ялангуяа Шинэ Зеланд, АНУ, Австрали, Ирланд, Канад зэрэг улс энэ талаараа олон жилийн туршлагатай юм байна. Шинэ Зеланд гэхэд  хоёр сая гаруй буга бүхий 6000 шахам фермертэй гэсэн. 

Хэрэв Монголд бугыг аж ахуйн хэлбэрээр үржүүлж зүй зохистой ашиглаж чадваас ихээхэн нөөц байна. Манайд энэ талаар зарим нэг эхлэл тавигдаж, бугын аж ахуй эрхэлж байгаа фермер байгаа гэнэ лээ.  Шинэ юмны эхлэл гэдэг санасаны зоргоор биш ч гэлээ нэгэн цагт үр дүнгээ өгнө. Арга барил, туршлага сууна. Бас энэ сайхан амьтныг аварч үлдэх юу юунаас ч илүү буяны үйлийнх нь цагаан мөр өөрт нь болоод үр хойч үед нь үлдэнэ.

П.БУЛГАН

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж