Түүх, соёлоо хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлж өгөөч

Хуучирсан мэдээ: 2012.08.15-нд нийтлэгдсэн

Түүх, соёлоо хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлж өгөөч

Улс, үндэстний маань эртний түүх, соёлын онцлогийг хадгалсан булш бунхныг эвдэж сүйтгэдэг, хосгүй үнэт бүтээлүүдийг гартаа оруулан, улмаар хил давуулан худалддаг сувдаг сэтгэлтнүүд жил ирэх тусам олширсоор. Түүх, соёлоо худалдан ашиг олдог амин хувиа хичээсэн шуналтнуудыг хуулийн байгууллагынхан олж илрүүлдэг, шалгадаг хэдий ч гэмт этгээдүүд гартаа оруулсан зүйлээ хэдийнэ хил давуулан худалдчихсан байх болжээ. Хамгийн ойрын жишээ гэвэл Өвөрхангай аймгийн Хархорины музейн сан хөмрөгч нь бусадтай нийлж өндөр гэгээн Занабазарын урласан хосгүй үнэт бүтээлүүдийг хулгайлж аваад оронд нь хуурамч бурхан хийж тавьсан нь илэрсэн билээ. Сувдаг сэтгэлтнүүдийн гараар орж алга болсон хосгүй үнэт бүтээлд тооцогдох тэдгээр бурхдыг олохоор ажиллаж байгаа хуулийн байгууллагын ажилтнуудын яриагаар бол эдгээр бүтээл ч хилийн цаана  худалдаалагдсан байж болзошгүй гэнэ. Иймэрхүү замаар монголчууд бидний түүх, соёл мөхөхөд ойрхон болчихоод байна. Тиймээс түүх соёлын дурсгалт зүйлсээ аварч үлдэхэд бага ч атугай хувь нэмрээ оруулахын тулд манай сонин “Түүх, соёлоо аваръя” сэдвээр цуврал нийтлэл, сурвалжлага, ярилцлагыг уншигч та бүхэнд хүргэж байгаа билээ.

Энэ удаа Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Түүх, соёлын дурсгалт зүйлсийн хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Баярбаттай ярилцлаа. Тэрбээр түүх, соёлын дурсгалт зүйлийн хууль бус худалдаа, наймаа манай улсад ямар хэмжээнд байгаа талаар болон хууль бус худалдаа наймааг илрүүлэх, хянах, таслан зогсоох боломж нөхцөл хэр байгаа талаар нууж хаалгүй ярьсан юм.

-Түүх, соёлын дурсгалт зүйлсийн хууль бус эргэлт, худалдаа наймаа ямар хэлбэрээр явагдаж байна вэ. Энэ талаарх мэдээллийг эхлээд өгөхгүй юу?

-Дотооддоо буюу гадагшаа чиглэсэн хандлагаар явагдаж байна. Юуны түрүүнд хэлэхэд түүх, соёлын дурсгалт зүйлийг худалдах, наймаалах, эргэлтэд оруулах асуудал аль ч улсад зохион байгуулалттай гэмт хэрэгт тооцогддог. Түүх, соёлын дурсгалт зүйлийг хууль бусаар худалдах, наймаалах олон улсын зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээ манай улсад аль хэдийнэ бий болчихсон байна.

-Түүх, соёлын дурсгалт зүйлийн хууль бус худалдаа сүүлийн жилүүдэд нэлээд ихсэх хандлагатай байна уу даа. Хосгүй үнэт үзмэр, бүтээл, олдвор алга болсон тухай мэдээлэл их цацагдах болж?

-Ерөнхийдөө түүх, соёлын дурсгалт зүйлээр бизнес хийгч этгээдүүдийн ашиг орлого олох сонирхол энэ төрлийн гэмт хэрэг гарах шалтгаан болж байна. Нөгөө талаар эрх зүйн орчин муу байгаа нь нөлөөлдөг. Ийм хоёр үндсэн шалтгаан байгаа учраас түүх, соёлын дурсгалын хууль бус худалдаа, наймаа ихэсч байгаа гэж болно.

-Авах арга хэмжээ, арга зам мэдээж бий л байх. Хууль бус эргэлттэй тэмцэж байгаа хүний хувьд таньд ямар санаа оноо байна вэ?

-Яаралтай, хойшлуулшгүй авах арга хэмжээ бол эрх зүйн орчныг боловсронгуй болгох. Өөрөөр хэлбэл, түүх, соёлын дурсгалыг дотооддоо худалдаж, худалдан авч байгаа асуудлыг хуульчлах шаардлагатай байна. Манайд эртний булш бунхан ухах, тэндээс гарч ирсэн эд өлгийн зүйлсийг хоорондоо наймаалцах асуудалд хяналт байхгүй. Хууль бус худалдаа наймаа хийж байгаа хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалт ч хуульд байхгүйгээс энэ төрлийн гэмт хэрэг гарах чөлөөтэй нөхцөл, боломж бүрдсэн. Хууль бус худалдаа наймааг дотооддоо ингэж зохицуулалтгүй, хяналтгүй орхисноос энэ төрлийн гэмт хэрэг гаарч байгаа гэж болно. Тиймээс маш яаралтай эрх зүйн орчноо боловсронгуй болгох шаардлага тулгараад байгаа юм. Одоо Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйл анги буюу эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэсэн ганцхан зүйл ангиар энэ төрлийн гэмт хэрэгтнүүдэд хариуцлага хүлээлгэж байгаа. 175 дугаар зүйлийн 175.2-т зөвхөн хилээр гаргах гэж байгаад баригдвал эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь бүх зөрчлийг хамарч чаддаггүй. Тиймээс наад зах нь мэргэжлийн байгууллагууд болон хувь хүмүүс хаана, ямар малтлага хийж байгааг бүртгэдэг, хянадаг, бүртгүүлэхгүй байвал эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг заалт эрүүгийн хуульд оруулах шаардлагатай. Түүнчлэн эртний эдлэлийн дэлгүүрүүдэд хувь хүмүүсийн худалдаж байгаа, ченжүүдийн худалдан авч байгаа бүх түүх, соёлын дурсгалыг заавал бүртгүүлдэг байхаар хуульчлах шаардлагатай. Бүртгэлийн ийм систем нэвтрүүлснээр тухайн түүх, соёлын дурсгал хулгайнх уу, эсвэл хувь хүмүүсийн гар дээр байж байгаад эргэлтэд орж байгаа юу гэдгийг хянаад байх боломжтой болно.

-Соёлын өвийн тухай хуульд түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий үнэт зүйлийн оршин байгаа нутаг дэвсгэр, газрын хэвлий нь төрийн хамгаалалтад байх бөгөөд аливаа олдвор нь төрийн өмч мөн гээд заачихсан байх юм билээ. Тэгсэн хэрнээ төрийн өмчид байх ёстой дурсгал, бүтээл, олдвор хувь хүмүүсийн гар дээр байгаад байдаг. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Яг тийм заалт бий. Хувь хүмүүсийн гар дээр маш их юм байдаг. Хувь хүнд байгаа юмыг аваад шалгая гэхээр Эрүүгийн хуульд заалт байдаггүй. Хуулиндаа төрийн өмч мөн гэж заачихаад төрийн өмчийг дураараа авч хадгалж, худалдаж байгаа тэр хүмүүст хүлээлгэх хариуцлага байхгүй. Өөрөөр хэлбэл булш, бунханд нууцаар малтлага хийчихээд, дотроос нь гарч ирсэн эд өлгийн зүйлсийг авч ирээд ченжид өгөхөд ченж хариуцлага хүлээхгүй. Хуулиараа ийм нээлттэй орчин бүрдчихсэн байна.

Иймээс түүх, соёлын дурсгалд хамаарах бүх зүйлийг бүртгэхээс эхлээд худалдах, худалдан авахдаа бүртгүүлэхгүй бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байх зэрэг бүх асуудлыг зохицуулсан бүлэг Эрүүгийн хуульд нэмж оруулах шаардлагатайг дахин дахин хэлээд байгаа юм.

-Одоо эрх зүйн орчин муу байна гээд энэ төрлийн гэмт хэргийг хяналтгүй орхичихдоггүй биз дээ?

-Гэмт хэрэгтэй тэмцэх нийтлэг үүргийнхээ хүрээнд цагдаагийн байгууллага одоо байгаа эрх зүйн орчины хүрээнд ажлаа явуулдаг. Сүүлийн хэдэн жилд түүх, соёлын хууль бус эргэлттэй холбоотой хэд хэдэн гэмт хэргийг Эрүүгийн цагдаагийн газраас илрүүлсэн. Соёлын өвийг сольсон, үрэгдүүлсэн, хууль бусаар хил нэвтрүүлсэн хэд хэдэн хэргийг илрүүлж, холбогдох байгууллагуудад шилжүүллээ. Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Баруунчойрын хийдээс алтаар шарсан, өндөр гэгээн Занабазарын хийцийн түүх, соёлын хосгүй үнэт дурсгал болох Ногоон дарь эх бурхан алдагдаад олдохгүй байгаа. Энэ бурхныг хийдийнхэн өмнө нь гурван удаа хулгайд алдсаныг Эрүүгийн цагдаагийн газар олж өгсөн. Гэтэл одоо дөрөв дэх удаагаа алдчихаад эрэн сурвалжилж байна. Энэ хайнга байдал эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин муу байгаатай шууд холбоотой. 2011 онд Эрүүгийн цагдаагийн газар холбогдох байгууллагуудтай хамтарч түүх, соёлын дурсгалт зүйлсийн хадгалалт хамгаалалтад шалгалт хийхэд нэлээд хэдэн төрлийн соёлын үнэт өвийг сольсон, дутаасан, зөрчил илэрсэн. Энэ бүхэн эртний эдлэлийн ченж, хятад худалдаачдын гарт орсон байдал ажиглагдсан. Энэ бүг­дийг хаахын тулд дотооддоо хяналтаа сайжруулж, буруутай хүмүүст хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг чангатгах нь л одоо хамгийн чухал болоод байна.

Хэдэн жилийн өмнө Чех улс түүх, соёлын 200 гаруй үнэт бүтээлээ богино хугацаанд алдаж байсан. Тэр үед Чех улс яг одоо манай улс түүх, соёлын дурсгалт зүйлсээ хадгалж, хамгаалж, хянаж, бүртгэж чадахгүй байгаа шиг тийм нөхцөл байдалтай байсан юм билээ. Тиймээс түүх, соёлын дурсгалт зүйлс, соёлын өвөө авч үлдэх гэж эрх зүйн орчноо богино хугацаанд маш сайн боловсронгуй болгосноор энэ төрлийн хэрэг гардаггүй болсон. Тэгэхээр эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь маш чухал ач холбогдолтой юм.

Албаны хүний дээрх ярианаас манай улс түүх, соёлын дурсгалаа хамгаалах талаар олигтой бодлого хэрэгжүүлдэггүй нь анзаарагдлаа. Энэ янзаараа манай улсын түүх, соёлын дурсгал мөдхөн мөхлийн ирмэгт очих биз. Өнөөдрийн байдлаар төрд данс бүртгэлтэй түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл 670 байгаа аж. Занабазарын бүтээл, бурхны дэлгэмэл зураг, архелогийн ховор нандин олдвор, 13 дугаар зууны их, бага хаадын үеийн алтан, мөнгөн зооснууд гээд дахин давтагдашгүй олон сайхан бүтээл байдаг гэх хэдий ч үүний хэд нь бүртгэлд байгаа нэрийн дор алга болсон байхыг бид таашгүй.

Ц.ЭРДЭНЭЦЭЦЭГ

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж