Нийслэлийн МАН-ын хороо өнөөдөр 10.00 цагаас хуралдахаар болсон ч хараахан эхлээгүй байна. Уг хурал хуучнаар МАН-ын төв байр байрлаж байсан Нийслэлийн Хүүхдийн төлөө газарт болох аж. Энэ удаагийн хуралдаанаар хэд, хэдэн чухал асуудал хэлэлцэхээр төлөвлөсний дотор Нийслэлийн МАН-ын хорооны даргыг шинээр сонгох асуудал багтжээ. МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр орой хуралдаж, Нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр дэвшүүлэн өрсөлдүүлэх хүмүүсийн нэрийг тодруулсан байна. Эх сурвалжаас авсан мэдээллээр бол тав орчим хүний нэрийг тодруулжээ. Үүнд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр, Нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан нарыг Нийслэлийн МАН-ын хорооны даргад өрсөлдүүлэхээр болжээ. Ингэхдээ эхлээд Нийслэлийн МАН-ын хорооны хуралдаанд эдгээр нэр дэвшигчдийг оруулж, дараа нь намын анхан шатны байгууллагынхнаас саналыг нь нууцаар хураах аж. Хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг дахин Нийслэлийн МАН-ын хорооны хурал руу оруулж ирэн санал хураалт явуулж батлахаар дээрх хуралдаанаас шийдвэрлэжээ. Гэхдээ ийм зарчмаар санал хураалт явуулах эсэхийг Нийслэлийн МАН-ын хорооныхон шийдэх гэнэ.
Мөн Нийслэлийн МАН-ын хорооны хуралдаанаар энэ удаагийн НИТХ-ын сонгуульд үр дүнгүй оролцсон талаарх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Г.ДАРЬ