“Сэтгэл өөдрөг тоглолт”

Хуучирсан мэдээ: 2012.08.15-нд нийтлэгдсэн

“Сэтгэл өөдрөг тоглолт”

Лондоны олимпын хаалт гайхамшигт ёслолоор төгсөв. Медалиуд бүгд эзнээ олж, тамирчид нь нутаг буцлаа. Амжилттай явагдана гэдэгт нь эргэлзэж байсан хүмүүс, британичууд өөрсдөө хүртэл гайхаж байгаа гэнэ. Британичууд үглэх дуртай хүмүүс гэгддэг. Их Британийнх шиг увайгүй хэвлэл гэж үгүй. Лондоны тоглолтын өмнө олимпийн тоглолтын нүсэр зардал, тээврийн ажиллагааны сүйрэл, аюулгүйн арга хэмжээний асуудал гээд шуугиад байлаа. Харин өнөөдөр дэлхийн болон Британийн хэвлэл нэгэн дуугаар Лондоны олимпийн тоглолт түүхэн дэх шилдэгүүдийн нэг  гээд л дүгнэж байна.

Англи хошигнол нягт, хатуу гайхуулалтын оронд

Лондон хотын мэр Борис Жонсон медаль авах ёстой. Зөвхөн зохион байгуулах талаар ч биш бас жүжигчний авъяасаараа. Харин АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх Митт Ромни англичууд тоглолтод бэлэн биш гээд гутранги үзэлтнүүдтэй нэгдээд авсан билээ. Үүний хариуд нь Жонсон нээлтийн өмнөх концерт дээр “Митт Ромни гэсэн нэртэй нэг хачин этгээд биднийг бэлэн эсэхийг мэдэх хүсэлтэй байна. Тэгвэл, бид бэлэн үү?” гээд үзэгчдэд хандан хашгираад авсан юм. Лондончууд тэр даруйд нь мэрээ дэмжсэн ба тэдний хариултад эргэлзэх зүйлгүй байлаа. Дараагийн өдөр нь тэр зураглалыг телевизийн бүхий л сувгаар дамжуулсан билээ.

Нээлтийн ёслол нь гайхамшигтай байв. Түүний найруулагч Денни Бойл тэр даруйдаа л суутан гэж нэрлэгдэв. Британийн “The Guardian” сонин бичихдээ “Бээжингийн олимпийн дараа дөрвөн жилийн турш л нээлтийн ёслолыг зохион байгуулах нь шоу бизнесийн хамгийн талархалгүй ажил гээд л шуугиж ирсэн юм. Харин Денни Бойл бүхэл бүтэн ертөнцийг гэнэтхэн байгаагаасаа тэлэгдсэн нэгэн цэнгэлдэх хүрээлэнд багтааж чадлаа. Шоглол, сайхан сэтгэл, үйл явдал, дуу шуугиан бүгд л байсан баярыг Бойл хийж чадав” гэжээ.

Ямар нэгэн зураглалын цаад ухаан нь британичууддаа л ойлгомжтой байсан ч эрхэмсэг дээдэс хатан хаан II Елизавета алдарт Жеймс Бондтай хамтран жүжиглэсэн нь бүхний өхөөрдлийг татан бишрүүлэв. Хятадын “China Daily” сонинд тэмдэглэхдээ, “II Елизавета Олимпийн тоглолтын эхлэлийг зарлав. Үүний өмнөхөн хатан хаан орчин цагийн спортын эхийг тавигч орны ер бусын араншин ба агууг харуулсан  нээлтийн гайхамшигтай ажиллагаанд бяцхан дүр бүтээлээ” гэжээ.

Британийн баг гуравт

Британийн тамирчид чадах бүхнээ хийн үзэгчдийнхээ сэтгэл санааг өргөж чадав. Авсан алтан медалийнхаа тоогоор тэд өмнөө АНУ, Хятад хоёрыг л оруулсан байв. Британийн тамирчин гараад ирэнгүүт  цэнгэл­дэх хүрээлэн орилолдон давалгаалж байлаа. Ер нь бол британи үзэгчид бусад орнуудын тамирч­­дад ч баяр хүргэн дэмжихээ мартаагүй л дээ. Үзэгчдийн  суудал хоосон харагдаж байсан нь тасалбар олж чадаагүй хүмүүсээс эхлэн нэлээд үзэгчдийн уцаарыг хүргэж байв. Зохион байгуулагчид нь эдгээр суудлууд нь тамирчид, сэтгүүлчид ба ивээн тэтгэгчдийнх гэж хэлэн өөрсдийгөө зөвтгөж байлаа. Эцсийн эцэст нь тухайн тасалбаруудаа худалдаанд гаргаснаар дургүйцэл нь дарагдсан юм.

Аюулгүйн арга хэмжээ дээд төвшинд

Лондоны төвийн дэлгүүр, зоогийн газрууд ашиг орлогоо тоолоод эхэлжээ. Гэтэл жуулчид нь ердийнхөөс цөөн байсан болж таарав. Харин олон нийтийн тээвэр тасралтгүй ажиллаж чаджээ. Лондон хотын жуулчдын түүхэн дурсгалт газруудын холбооны төлөөлөгч Бернард Донахьюгийн сэтгэл өөдрөг байгаа гэдгээ хэлсэн байна. Гэхдээ бүтээмжтэй бодит үр дүн нь ирэх жилээс л тодорхой болох гэнэ. Аюулгүй байдлын арга хэмжээгээ британичууд заримдаа хэтэрхий их зүтгэлтэйгээр хийж байгаа мэт сэтгэгдэл төрсөн байж магадгүй. Германы зээрэнцэг шидэгч Роберт Хартинг (Robert Harting) зөвшөөрлөө хулгайд алдсан байв. Гэтэл түүнийг олимпийн тосгонд нь хоноглуулсангүй. Британийн хэвлэлд бичсэнээр олимпийн аварга шөнийн хагасыг төмөр замын нэгэн станцад өнгөрөөжээ.

Зээрэнцэг шидэгч ч яамай. Испанийн хатан хаан София, жонон Фелипе ба гүнж Летеция нар өөрийн нэгэн тамирчинд баяр хүргэх гэтэл тэднийг бүртгэл­­гүй, зөвшөөрөлгүй гээд оруулсангүй. Гэхдээ тоглолт ямар нэгэн хэрэг явдалгүйгээр өнгөрөв.


Буухиаг Рио-де-Жанейро авч байна

Гадаад хэвлэл Олимпийн 2012 оны тоглолтыг зохион байгуулагч нарыг магтахдаа үг хайрлахгүй байна. Германы “Der Spiegel” сэтгүүл “сэтгэл өөдрөг тоглолтын” тухай бичсэн бол Америкийн “USA Today” сонин Лондон хотыг “олон нийтийн тээврийн болон хөөрсөн олны урсгалыг зохицуулсан инээмсэглэл тодруулсан сайн дурынхны арал” болж чадлаа гэж магтав. Бразилийн “O Globo” сонин “британичуудын төлөвлөлтийн ололт, ёс журам дэгтэй, төсвийн сахилга сайтайг” биширчээ. Гэхдээ Лондоны хамгийн том шалгалт нь өмнө нь байгаа. Усан спортын төв, дугуйн велодром ба олимпийн цэнгэлдэх зэрэг асар том байгууламжууд өртөгөө нөхтөл олон жил өнгөрөх ёстой. Одоо бол ганцхан зүйл л тодорхой байна. Лондон Олимпийн тоглолтын чанарын төвшинг маш өндөрт авчирч чадав. Буухиаг Рио-де-Жанейро хүлээн авлаа.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж