Замын түгжрэлийг бууруулах саналуудыг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2012.08.15-нд нийтлэгдсэн

Замын түгжрэлийг бууруулах саналуудыг танилцуулав

Нийслэлийн иргэний танхимын анхны хуралдаан өчигдөр болж нийслэлийн зам засвар ажлыг түргэвчлэх, замын хөдөлгөөний түгжрэлийг буулгах арга замыг сүвэгчиллээ. Энэ онд  нийслэлийн зам засвар, шинэчлэлтийн ажилд улсын болон нийслэлийн төсөв, Хөгжлийн банк, замын сангийн санхүүжилтээр 70 орчим тэрбум төгрөг зарцуулаад байгаа аж. “Жил бүр дээрхи хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулан засч, сэлбэсээр байтал зам нь “сэхэл” авахгүй байгаагийн буруутан хэн бэ?” энэ асуултын хариуг олох нь уг хурлын нэгэн зорилго байсан бөгөөд хуралд оролцогчид хэд  хэдэн шалтгааныг  тоочсон байна. Тодруулбал, нийслэлийн автомашины тоо 2008 онд нийслэлд 108 мянга байсан бол энэ онд 210 мянга болтлоо өссөн байна. Мөн бороо хур өдөр алгасалгүй шахам цутгаж байгаа тул зам засвар шинэчлэлтийн ажилд саад болж, замыг эвдэлж байна гэсэн юм. Хурлын үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат “Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний санал”-ыг дэвшүүлсэн юм.
Төрийн албан хаагчдыг автобусаар явуулна

Улсын хэмжээнд одоогоор 155 мянган төрийн албан хаагч ажилладаг. Тэдний дийлэнх нь нийслэл дүүргийн төрийн захиргаанд ажиллаж байгаа. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат  “Төрийн албан хаагчдаас хамгийн багаар тооцоход 15 мянга гаруй хүн хувийн автомашинаар ажил, гэр хоёрын хооронд зорчиж байгаа. Тиймээс хувийн унаанаасаа татгалзаж, нийтийн тээврээр зорчих нь замын ачааллыг багагүй хувиар бууруулна. Тиймээс замын хөдөлгөөний ачаалал, ажил эхлэх тарах үеийн түжрэлийг бага ч болов бууруулах хүчин зүйл нь төрийн албан хаагчын үүрэг оролцоо юм” гэсэн саналыг дэвшүүлсэн юм.

Төлбөртэй зогсоолын тоог 21-ээр  нэмнэ

Нийслэлд одоогийн байдлаар Нийслэлийн захирагчийн ажлын алба, Спортын төв ордон, Драмын теартын өмнөх талбай гэсэн гуравхан газарт төлбөртэй зогсоол байдаг юм байна. Тиймээс Нийслэлийн захирагчийн албанаас төлбөртэй зогсоолын тоог 24 байршилд нэмэх төлөвлөгөөтэй буйгаа дуулгасан юм. Тодруулбал, Гэмтэл согог судлалын эмнэлгийн өмнөх талбай, Энэбишийн гудамж, Шастины төв эмнэлэг гэх мэтийн газруудад үүнийг хэрэгжүүлснээр 4500 орчим автомашины зогсоолыг шийдвэрлэх аж. Ингэснээр иргэд машинаа нэгдүгээр эгнээнд, энд тэндгүй зам хааж тавин хөдөлгөөнд саад учруулах нь багасна гэж үзсэн байна. Нийт 21 төлбөртэй зогсоолыг байгуулахад нийтдээ 10 орчим тэрбум төгрөг шаардагдах аж. Энэ бүтээн байгууллалтыг төсвийн мөнгөөр бус хувийн хөрөнгө оруулалтаар шийдэж, зохион байгуулах нь зүйтэй гэж Нийслэлийн удирдлагууд үзэж байна.

Худалдааны төвүүдийн ажиллах цагийг өөрчилнө

Томоохон худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах саналыг хурлын үеэр дэвшүүлсэн юм. Учир нь иргэдийн ажил эхлэх, тарах цагтай томоохон захуудын цагийн хуваарь зэрэгцэж байгаагаас зам түгжрэх бас нэг шалтгаан үүсдэг байна. Иймээс  зарим захын цагийн хуваарьт огцом өөрчлөлт орж магадгүй юм байна. Тухайлбал, “Нарантуул” захыг 07.00 цагт нээж, 16.00 цагт хаах нь зүйтэй гэж үзэв.

Улсын дугаараас хамаарч явах замыг сонгоно

Нийслэлийн хөдөлгөөний ачаалал ихтэй байдаг замуудаар автомашины улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч явах маршрутад хязгаар тогтоох юм байна. Жишээлбэл, Даваа гаригт “Нарны зам”-аас Их тойргуу хүртэл замаар 07.00-20.00 цагийн хооронд 1,6-аар төгссөн улсын дугаартай автомашин, 2,7-гоор төгссөн бол Мягмар гаригт зорчихгүй байх гэх мэтээр зохицуулбал замын хөдөлгөөний ачаалал 20 хүртэл хувиар буурах тооцоо гарсан байна. Дээрхи хязгаарлалтад галын, түргэний, нийтийн тээвэр зэрэгт хамаарахгүй юм байна. Дээрхи аргыг дэлхийн дэлхийн олон оронд хэрэгжүүлдэг бөгөөд ядаж замын ачааллын онцгой үе болох наймдугаар сарын 25-наас аравдугаар сарын 25-ныг хүртэл хэрэгжүүлэх боломжтой юм байна.

Сурагчдыг сургуулийн автобустай болгоно

Ерөнхий боловролын сургуулийн хичээлийн цагийн хуваарьт өнгөрсөн хавар өөрчлөлт оруулсан. Тухайлбал, хичээл нь 08.00 цагт эхэлдэг сургуулийн хичээлийн цагийг 07.30 болгох, 08.30 цагт эхлэдэг их сургуулийг 10.00 цагт эхлүүлэх гэх зэргээр өөрчилсөн нь түжрэлийг багагүй хэмжээгээр багасгасан байна. Хотын захын сургуулийн сурагчдын ихэнх нь автобус, явганаар сургууль руугаа явдаг.Гэтэл хотын төвийн сургуулийн “боломжтой айл”-ын хүүхдүүд хувийн автомашин, таксигаар өдөр бүр зорчдог нь замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлэхэд нөлөөлж байна. Хүүхдүүдийн аюулгүй байдлыг бодсон ч, замын түжрэлээ бодсон ч сурагчдыг сургуулийн автобустай болгох зайлшгүй шаардлага байгаа гэнэ.

Мөн 2010 оноос зүүн дөрвөн замаас аруун дөрвөн зам хүртэл нийтийн тээврийг замын зөвхөн нэгдүгээр эгнээргээр зорчиж байх шийдвэр гарсан. Гэтэл энэ шийдвэр хагас дутуу хэрэгжсэн. Энэ жил үүнийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд явах чиглэлийг сунгаж Эскадрилын хөшөөнөөс 25 дугаар эмийн сан хүртэл байхаар шийдэхээр болсон байна. Энэ ажлыг энэ сарын 25-наас хэрэгжүүлж эхлэх ажээ.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж