Авто замын газрыг АТГ-т өгье

Хуучирсан мэдээ: 2012.08.15-нд нийтлэгдсэн

Авто замын газрыг АТГ-т өгье

Зундаа шороонд дарагдаж, өвөлдөө утаанд боомилуулж, өдөр бүр замын түгжрэлд ажил амьдралаа үрсэн, хөөрхий нийслэлчүүд… Өнгөрсөн олон өвлийг утаа, угаар хоёртой найзалж өнгөрөөсөн нийслэлчүүд энэ зуныг зусан хагархай зам, хайрга шороо, суваг шуудуун дундуур туучиж өнгөрөөлөө. Ядаж байхад зуны хоёр сарыг сонгуульдаж өнгөрөөсөн нийслэлийн удирдлагууд хуулаад орхисон замаа хучих хөрөнгө мөнгөгүй, ухаад орхисон шуудуугаа битүүлэх хүн хүчгүй гиюүрч байна. Сонгуулийн буянаар бэлтэй айлын хөлтэй найр шиг халгиж, цалгиж байсан төрийн төсөв улайж, хэдэн унагаа чононд өгчихөөд зэлээ хумьсан айл аятай зэхийж эхэллээ.

Өнгөрсөн жил нийслэлчүүд 67 тэрбум төгрөгөөр замаа зассан юм гэнэ лээ. Энэ жилийн зам засварын ажлын төсөв 144 тэрбум төгрөг даваад байгаа гэсэн. Гэтэл энэ зун нийслэлчүүд нэг ч км шинэ зам, тэгэхдээ зам шиг зам хүлээж авсангүй. Ерөнхий сайд асан Сү.Батболд сонгуулийн өмнө Нарантуулын уулзварыг урагш нь сэтэлсэн хоёр км замын нээлтийн туузыг хайчилсаныг эс тооцвол шүү дээ.

Энэ мэтчилэнгээр замын засвар шинэчлэлд зарцуулах мөнгө нэмэгдэх тусам Улаанбаатарын зам улам л эвдэрч муудах болов. 22-ийн товчооны замыг нээгээд хоёр 7 хоносны дараа эхний орсон бороонд сэтэрч, урсаад эхэлсэн. Хороолол хооронд тавьсан хоёрхон см-ийн зузаантай асфальт дээр 20 тоннын даацтай машин ганц удаа явахад хага үсрээд дуусдаг. Хороолол хооронд ч гэлтгүй, хотын зам бүхэлдээ тийм болсон. Харин зам зассан компани, засуулсан дарга хоёрын халаас л жилээс жилд түнтийгээд байх нь тэр.

Уг нь нэг км замыг доорх инженерийн шугам сүлжээтэй нь хамт барьж байгуулахад нэг тэрбум орчим төгрөгийн өртөгтэй босдог юм гэнэ лээ. Харин Улаанбаатарын зам бүхэлдээ, баруунаас зүүн, хойноос урагшаа ердөө 450-хан км гэж байгаа. Тэгэхээр энэ жил нийслэлийн төсөвт зам засварын ажилд зориулан суулгасан 144 тэрбум төгрөгийг гурван жил дараалан суулгахад л хотын замыг бүхэлд нь шинэчлэх боломжтой гэсэн үг. Харамсалтай нь манай дарга нар энэ мөнгийг замаа сайжруулахад биш, өөрсдийнхөө амьдралыг сайжруулахад дийлэнхдээ зарцуулдаг учраас Улаанбаатарын зам ийм байгаа юм. Тиймээс Улаанбаатарын замыг сайжруулахын тулд эхлээд Авто замын газрын дарга нарыг АТГ-т шалгуулах хэрэгтэй юм шиг байна.

Сануулахад саяхан Улаанбаатар хотын захирагчийг шинээр томилох үеэр хотын даргад нэр дэвшигч Э.Бат-Үүл нийслэлийн замын асуудлыг онцгойлон хөндөж, “арга хэмжээ авах цаг болсон байна” гэдгийг анхааруулсан юм. Тэгэхэд НИТХ-д сонгогдсон МАН-ын гишүүдийн зүгээс “Нийслэлийн асуудлыг улс төржүүлж болохгүй, төрийн албан хаагчдаар оролдож болохгүй” хэмээн том том үг хаяцгаасан билээ. Ажил ярихаар л өмнөөс “улс төржүүлээ, хэлмэгдүүлэх гэлээ” хэмээн босдог нийслэлийн хуучин удирдлагууд, тэр дундаа Авто замын газрын дарга нарыг АТГ-аар шалгуулбал ихээ зүйл ил гарах байх шүү.

А.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж