Намууд үл ойлголцлоосоо салах цаг ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.08.15-нд нийтлэгдсэн

Намууд үл ойлголцлоосоо салах цаг ирлээ

Шинэ Засгийн газрыг бүрдүүлэх нь УИХ-ын гол ажил болоод байна. Ямар ч гэсэн УИХ-ын бүтэн сарын гацаа нэг үеэ бодвол тайлагдаж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн хэлэлцэхтэйгээ болж ирлээ.

Гэхдээ ганц нэг үл ойлголцол парламентыг бүрдүүлж байгаа намуудын дунд гацаа болж тээглээд л байна. УИХ-д 25 суудалтай МАН өнөөдрийг хүртэл “бүлэг” гэж нэрлүүлэх эрхээ албан ёсоор аваагүй л явна. “УИХ-ын даргыг сонгосноос хойш 24 цагийн дотор багтааж бүлэг байгуулна” гэсэн УИХ-ын тухай хуулийн 26-гийн 5 дахь хэсгийг зөрчсөн гэсэн шалтгаанаар УИХ-ын дарга З.Энхболд МАН-ын гишүүдийн бүлэг байгуулах саналыг хүлээж авахаас татгалзсан. МАН-ын гишүүд ч зүгээр суугаагүй, УИХ-ын даргыг сонгох асуудлаар АН-ынхан бидэнтэй зөвшилцөөгүй, чуулганы танхимын тал нь эзгүйд З.Энхболдыг УИХ-ын даргаар сонгосон нь хууль зөрчсөн гээд Үндсэн хуулийн Цэц рүү заргын бичиг чулуудчихсан. Бас Өвөрхангайн тойргийн маапаан, Архангай, Хэнтий, Орхон, нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт УИХ-ын сонгуулийн дүнг гараар дахин тоолох зэрэг хэд хэдэн шаардлагыг МАН-ын талаас тавьчихаад буй. Бүлэггүй үлдсэн МАН-ынхан УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын даргад өргөн мэдүүлнэ гэж өнгөрсөн долоо хоногийн сүүлээр мэдэгдээд байсан бол одоо “Ямар ч маргаангүй манайх бүлэгтэй. Бүлэг байгуулах саналаа Ерөнхий сайдыг томилсон өдөр УИХ-ын даргад тавьсан. УИХ-ын дарга сонгогдоод хэдэн цаг өнгөрсөн нь хамаагүй. Сонгогчид МАН-д 25 мандат өгсөн. Хуульд наймаас дээш гишүүнтэй нам, эвсэл бүлэг байгуулах тухай заасныг баримтална” гэх болов. Үүнийг хүлээж авахгүй бол УИХ-ын даргыг сонгосон процессыг ч дахиулна хэмээн хэлж байна. 

Гэхдээ одоо намууд дур дураараа хууль тайлбарлаж, өөр өөрийн үзэмжээр нөхцөл байдлыг үнэлж, эвлэж зөвших бус гэдийлцэж суух цаг биш болсон. АН-ынхан ямар ч өөгүй энхийн цагаан тагтаа бус, МАН гэхээрээ муу болгоны жишээ бус. Аль аль нь Монголын үндэсний хэмжээний том намууд. Тэд зангараг харуулж, улс төрийн соёл, намуудын төлөвшлийг үзүүлэхгүй бол Монголын улс төр улс төр биш гудамжны хэрүүл, тулга тойрсон явган маргааны бай төдий болно.

“Зөрүүд өвгөн, эмгэн хоёрын хаалга онгойход “Түрүүлж дуугарсан нь хаалгаа хаая” гэж тас гүрийж хэвтсээр эцэст нь хулгайч орж ирээд хамаг хогшлыг нь үүрээд арилав” гэгчийн үлгэрээр улс төрийн соёлын үлгэр үзүүлэх ёстой АН, МАН хоёр гэдийлцэж суух завсар намрын сэрүү унаж, иргэдийн амьдрал хэцүүдлээ. Тэгэхээр гарзтай юм биш, 25 гишүүнтэй нь үнэн л юм чинь МАН-д бүлгийг нь байгуулаад өгчихмөөр байна.

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл олонхийг бүрдүүлэхэд оролцсон ч олонхийн ажлыг чөдөрлөж суудгаа бас татмаар юм. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн ярихаар л “Энэ тэр агентлагаа ийш нь тийш нь өг. Ийм яамаа манайд, тийм яамаа танайд. Манайх цөөдлөө, танайх олширлоо” гэж эрх хүүхэд шиг тэрийж ойчдогоо болимоор.

Хурдхан шиг яамдаа байгуулж улсаа хөгжүүлж, сонгогчдоо өөд татах ажилд яарахгүй бол цаг хугацаа талийлаа. Халуун зунаар эхэлсэн хэрүүлийг намрын цагаан хяруунаар үргэлжлүүлмээргүй байна. “Ямар төр, засагтай болж вэ” гээд гадаадын зочид ч цуваад эхлэх шинжтэй. Хамгийн эхлээд өмнөд хөршийн Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бинго гийчдийн салхийг хагалах гэж байна.

Айл саахалтын зочдыг ирэхэд зуун задгай ажилтай маргалдаад сууж байлтай нь биш. Намууд шалих шалихгүй үл ойлголцлоосоо салж төр, засгаа төвхнүүлэх ажлаа хурдан эхэлье. Өглөөний усан шүүдэр мөнгөн хяруугаар солигдох цаг дэргэд ирлээ. Араас нь юу залгадгийг улстөрчид эрхбиш мартаагүй биз. Нүүрсний утаа униар, дулаанаа аваагүй байр сав, харанхуй хөлдүү гудамж, халтиргаатай зам, өлгүй мал, ажилгүй хүн, үнийн өсөлт, шатахууны гачаал өөр юу юу ч хүлээж байгаа билээ.

Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж