”Бүтэн багийн судалгааны мэдээлэл ирж байна”

Хуучирсан мэдээ: 2012.08.15-нд нийтлэгдсэн

”Бүтэн багийн судалгааны мэдээлэл ирж байна”

Д.ГАНБАТ: ГУРВАН ХҮН Л ИРЖ БУЙ МЭТ БОЛОВЧ ЦААНА НЬ БҮТЭН БАГИЙН СУДАЛГААНЫ МЭДЭЭЛЭЛ ИРЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар ирсэн Стенфордын их сургуулийн профессор Ларри Даймонд, Фрэнсис Фукуяама, Стивен Краснер нар Төрийн ордны их танхимд мянга хол давсан хүний өмнө лекц тавьсан билээ. Тэдгээр зочид зөвхөн ганц удаа лекц уншаад өнгөрөхийг хүсээгүй бөгөөд долоо хоногтийн турш залуу эрдэмтэн, судлаачдад сургалт явуулахаар болсон байна. Өчигдөр Стенфордын их сургуулийн профессор Ларри Даймонд “ардчиллын чанар, загвар”-ын тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судлалын хүрээлэнд сургалт явуулсан юм. Ингээд энэхүү арга хэмжээг зохион байгуулж буй Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ өдрүүдэд зохион байгуулж буй Стенфордын их сургуулийн про­фес­соруудын хийх сургалтын та­лаар танилцуулаач?        

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар ирсэн Стенфордын их сургуулийн профессоруудын багын нэг зорилго нь Монголд сургалт зохион байгуулах юм. Стенфордын их сургууль нь улс төрийн хөгжил, ардчиллын онолын асуудлаар зуны сургалт зохион байгуулдаг. Тухайн олон улсын сургалтанд нь Монголоос хоёр хүн л жилдээ очиж номын дуу сонсдог байсан. Харин энэ удаад тэнд хичээл заадаг онолчид Монголд ирж хичээл зааж байна. Өнөөдрийн сургалтанд л гэхэд дөчөөд судлаач, эрдэмтэд, төрийн болон төрийн бус байгууллагаас төлөөлөгчид ирж сууж байна. Энэхүү сургалт нь долоо хоногийн хугацаанд зохион байгуулагдана.

-Онцлогтой сургалт болж байна гэх юм?

-Сургалтын онцлог нь гэвэл, ардчиллын чанар, ардчиллын хөгжил, бэрхшээл ба боломж гэх мэтчилэн бидний хувьд ихээхэн практик ач холбогдолтой сэдвийн хүрээнд болж байгаа. Онолын багш нар маань дэлхийн ардчилал хөгжиж буй 120 гаруй орны туршлага, сургамжийг онолын түвшинд судлаж, харьцуулсны үндсэн дээр загвар гаргаад байгаа. Ингэвэл алдана, ийм тохиолдолд онодог юм гэх дүгнэлтүүд гарсан байна. Сургалтан дээрээ тухайн дүгнэлт, онол арга зүйг ярихад манай залуу судлаачид өөрийн байр суурийг илэрхийлэх, асуух тодруулах зүйлээ асууж нэлээд идэвхитэй, сонирхолтой хэлбэрээр сургалт явагдаж байна. Зүгээр л сонсоод суух биш, харилцан ярилцаж байна. Сургалтанд сууж буй залуусын ихэнх нь ажлийн насны залуус, оюутнууд биш гэдэг утгаараа өөрийн гэсэн үзэл бодолтой болчихсон тул харилцан өөрийн санал бодлоо хуваалцах тал дээр давуу байна. Ер нь сургалт ямар нэг орчуулгагүй шууд англи хэл дээр явагдаж байгаа. Гэтэл залуус маань энэ түвшинд профессоруудтай шууд харилцан мэдээлэл солилцоод явж байна гэдэгт их л бахархалтай байна. Саяхныг хүртэл гадны багш, төлөөлөгч нартай хийх сургалт ийм түвшинд болж байгаагүй гэж хэлэхэд болно. Залуусын маань дундаж насыг харахад 30-35 насныхан байгаа. Эдгээр залуусын төлөөлөл л Монгол Улсын ирээдүйн хөгжлийг авч явна. Өнөөдөр Ларри Даймонд ардчиллын чанарын тухай асуудал, маргааш /өнөөдөр/ Франсис Фукуяама ирж эрх зүйт төр, төрийн онолын асуудлаар яриа хийнэ.

-Олон хүн эдгээр эрдэмтдийн үгийг сонсохыг хүсч байгаа нь ажиг­лагдсан. Гэвч зохион бай­гуулж буй хурлын танхимын тоо орол­цогчдын тоог хязгаарлалаа.

-Өнөөдөр хэдийгээр сургалтанд хамрагдсдын тоо хязгаарлагдмал байгаа ч энд яригдсан, багш нарын хэлсэн ярьсан бүхнийг илүү олон нийтийнх болгохын тулд өөрийн байгууллагын цахим хуудсанд байршуулах болно. Зорилго нь өөрөө олон хүнд мэдлэг өгөх явдал. Өчигдрийн Төрийн ордонд зохион байгуулсан лекцийн материалыг бид орчуулаад мөн өөрсдийн гаргадаг сэтгүүлд есөн сард багтаад гаргачихна. Хэдийгээр гурван хүн ирж буй мэт харагдавч эдгээрийн цаана байгаа бүхэл бүтэн багын судалгааны мэдээллийг бидэнд хүргэж байгаа юм. 

-Эрдэмтдээс монголчууд ямар нэг зөвлөгөөг хүлээж байх шиг байсан. Үүнээс шууд хэрэглэж болох загвар ч юм уу. Тухайлбал, Хөгжлийн сан байгуулах санааг гаргасныг нь Монголд хэрэгжүүлэх боломж байгаа эсэх тухай яриа дараагаар нь гарсан.

Өчигдөр анзаарсан бол лекцийн дараа нэг зүйлийг Ерөнхийлөгч хэлж байсан юм. “Монголчууд бол өөр. Гадны юм бидэнд тохирохгүй” гэх хандлага байдаг тухай. Гэхдээ хэдэн жилийн дараа эдгээр эрдэмтдийн урьдчилан хэлж байсан зүйл үнэн л байж таардаг. Энэ хүмүүсийн хэлсэн зүйл дэлхийн хоёрдугаар дайнаас хойш 60-70-аад жилийн хугацаанд хийсэн ерөнхий арга зүйд үндэслэгдэж байгаа тул “ийм хандлага байна” гэх байдлаар загвар гардаг болохоос биш “туйлийн үнэн” гэсэн зүйл байхгүй. Гэхдээ өнөөдөр төрийн бодлогын түвшин, хууль батлан гаргаж буй түвшинд анхаарах зүйл их байгаа гэдэг нь үнэн. Угтаа бол ардчилал гэдэг нь амьд үйл явц. Гэтэл бид үүнийг хуучин формацийн онолоор ойлгоод ардчилал гэдгийг хүрэх ёстой нэг зүйл мэтээр ойлгох гээд байх тал бий. Үнэндээ зүгээр л бид нарын амьдрах арга, үйл явц юм. Тэр утгаар нь, яагаад төрийн шийдвэр гаргах явц иргэдээс хол болчихов, иргэдээс хол байх нь ямар уршигтай вэ, иргэдтэй ойр байх ямар арга зам байна вэ гэдгийг энэ үеэр маш тодорхой ярьж байна. Өнөөдөр хүн бүр “нээлттэй, ил тод байх” гэдэг үгийг сонссоор ирсэн. Гэтэл энэ чинь өөрөө маш тодорхой механизм гэдгийг ойлгуулах гээд байгаа хэрэг. Үүнийг механизм талаас нь харахгүй бол төрийн шийдвэр ард түмний хүсэл зоригоос улам бүр холдоод л байна. Энэ мэтчилэнгээр анализ хийж байна. Түүнээс биш Монголчуудад энэ загвар тохирно гэсэн бэлэн загвар өгөхгүй шүү дээ.  Угаас тийм бэлэн загвар ч байхгүй. 

-Профессорууд Монголын ардчиллыг ямар түвшинд үнэлж байна вэ?

-Сая чамтай уулзахаас өмнө яг энэ асуудлаар чинь профессорууд залуустай ярилцаж байсан юм. Ларри Даймонд хэлэхдээ “Та нарын залуучууд их шүүмжлэлт байр суурьтай байдаг юм байна. Энэ бол маш сайн хэрэг. Аливааг шүүмжлэлт нүдээр харах нь дэвшилт” гэж байна. Мөн “Та нарын өнөөдөр шүүмжлээд буй зүйл чинь бусад улсуудын хувьд маш инээдтэй хэрэг. Яагаад гэвэл энэ байтугай  айхтар нөхцөл байдал үүсчихээд байгаа улс зөндөө олон байна. Тэдгээр улсуудын хажууд Монгол Улс хамаагүй сайн явж байна” гэж үнэлсэн. Гэхдээ юмыг өнгөлж байж л улам сайн болдог шүү дээ. Ингэхээр өнгөлөх процесс нь их тодорхой байх ёстой байгаа юм шиг."

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж