УИХ-ын төсвийг 18,6 тэрбум байхаар тусгажээ

Хуучирсан мэдээ: 2012.08.14-нд нийтлэгдсэн

УИХ-ын төсвийг 18,6 тэрбум байхаар тусгажээ

УИХ-ын
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын 2013 оны төсвийг хэлэлцлээ.
УИХ-ын Тамгын газраас оруулж ирсэн саналд УИХ-ын 2013 оны төсвийг 18.6
тэрбум төгрөгт багтаахаар тусгаад байна. Үүнийг дотор нь задалбал,
УИХ-ын гишүүдийн машины парк шинэчлэхэд 400 сая, өрөөг тохижуулахад 500
сая, намын бүлгүүдэд 800 сая, нийтлэг арга хэмжээнд 637 сая, орон
сууцанд 220 сая төгрөг гэх мэтээр тус бүр зарцуулахаар зааж өгчээ.
Гэхдээ хэлэлцүүлгийн шатанд хамгийн их маргаан дэгдээсэн асуудал нь
намын листээр сонгогдсон гишүүний бие төлөөлөгчийн тоог цөөлж, тойргоос
сонгогдсон гишүүнийх дээр нэмж өгөх ёстой гэх санал байлаа. Тухайлбал,
УИХ-дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Д.Ганхуяг нар “УИХ-ын сонгууль
анх удаа холимог тогтолцоогоор зохион байгуулагдсан. Түүнийгээ дагаад
тойрогт ногдох мандатын тоо цөөрч, тойргоос сонгогдсон гишүүний бие
төлөөлөгч нарын хувьд маш их ачаалалтай ажиллах болж буй. Тиймээс намын
листээр сонгогдсон гишүүний бие төлөөлөгчийнх нь тоог нэгээр хасъя. Мөн
намын листээр сонгогдсон гишүүний томилолтын зардлыг ч хасах ёстой,
яагаад гэвэл тэд тойроггүй учраас орон нутагт очиж ажиллах шаардлага
гарахгүй” гэв. Мөн УИХ-ын гишүүн С.Баярцогтын хувьд “Намын листээр
сонгогдсон 28 гишүүний хувьд тойрогт очиж ажиллахгүй, хариуцлага
хүлээхгүй. Хэн хариуцлага хүлээх вэ гэхээр тойргоос сонгогдсон 48 гишүүн
хариуцлага хүлээнэ” гэж байлаа.

Харин УИХ-ын гишүүн
Ч.Хүрэлбаатар, С.Бямбацогт нарын хувьд “УИХ-ын гишүүдийг тойргоос
сонгогдсон, намын листээр сонгогдсон гэж ялгаварлах нь зохисгүй. Намын
листээр сонгогдсон гишүүн ч улс орны хэмжээнд үйл ажиллагаа явуулна,
Дорнод, Дорноговь гээд аль ч аймагт очиж ажиллахыг үгүйсгэх аргагүй.
Тиймээс гишүүдийг намын листээр сонгогдсон, тойргоос сонгогдсон хэмээн
ялгавартай хандаж болохгүй. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг бид шинэчлэн
батлаад удаагүй байна. Баталсан хуулиа сайн мөрдөх ёстой” гэсэн бол
УИХ-ын гишүүн С.Оюун “С.Дэмбэрэл гишүүн бид хоёрын хувьд бүлэггүйн дээр
намын листээр сонгогдсон. Тангаргаа өргөсөн энэ хугацаанд иргэд,
сонгогчдоос маш олон санал хүсэлт ирж, байна. Бидний хувьд 60 мянган
сонгогчийн саналыг авч сонгогдсон. Улс орны хэмжээнд үйл ажиллагаа
явуулна, тиймээс намын листээр сонгогдсон гишүүний бие төлөөлөгчийнх нь
тоог нэгээр хасъя гэдгийг дэмжихгүй байвал яасан юм бэ. Бүлэг дотроо
өөрсдөө зохицуулалт хийж болно, үнэхээр тойргоос сонгогдсон гишүүний бие
төлөөлөгчийг нэмэх шаардлагатай гэж үзвэл намын листээр сонгогдсон
гишүүнийхээс шилжүүлэх боломжтой байхаар бүлэг дотроо зохицуулахаар зааж
өгье” гэж байлаа. Харин санал хураалтын шатанд намын листээр сонгогдсон
гишүүний бие төлөөлөгчийг нэгээр хасч, тойргоос сонгогдсон гишүүнийхэд
нэмж тусгуулахаар болж шийдвэрлэв. Ингэснээр тойргоос сонгогдсон гишүүн
нь гурван бие төлөөлөгч, нэг туслах, нэг зөвлөхтэй байхаар, харин намын
листээр сонгогдсон гишүүн нэг бие төлөөлөгч, нэг туслах, нэг зөвлөхтэй
байхаар болов.

Мөн хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн
С.Бямбацогт “Нийтлэг арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөсөн 637 сая
төгрөгийг бууруулах шаардлагатай. Ингэхгүй бол даргад ойр, эсвэл олон
жил сонгогдсон гишүүнд нь тэрхүү мөнгө нь түлхүү оногдоод шинэ гишүүдэд
юу ч хүртдэггүй. Орон сууцны зориулалтаар 220 сая төгрөг тусгуулах гэж
байна. Өмнөх энэ зориулалтын мөнгийг юунд зарцуулсанд тодорхой тайлбар
авмаар байна” гэсэн юм. Энэ асуултад УИХ-ын Тамгын газрын дарга
Ц.Шаравдорж “Нийтлэг арга хэмжээний хөрөнгийг гишүүдийг насаар нь,
даргад ойр гэдгээр ялгавартай олгож байгаагүй. Орон сууцны зориулалтаар
өнгөрсөн жил 500 сая төгрөг тусгуулахаар УИХ-д оруулж ирж байсан ч шууд
хассан. Харин энэ удаад яалт ч үгүй орон сууцтай холбоотой асуудал орж
ирж байгаа учраас 220 сая төгрөг тусгасан. Хэрхэх нь та бүхний асуудал”
гэсэн юм.

Ингээд гишүүд саналаа хэлж дууссанаар УИХ-ын 2013 оны төсвийн төслийг Сангийн яаманд хүргүүлэхээр болж шийдвэрлэлээ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж