Харин УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, С.Бямбацогт нарын хувьд “УИХ-ын гишүүдийг тойргоос сонгогдсон, намын листээр сонгогдсон гэж ялгаварлах нь зохисгүй. Намын листээр сонгогдсон гишүүн ч улс орны хэмжээнд үйл ажиллагаа явуулна, Дорнод, Дорноговь гээд аль ч аймагт очиж ажиллахыг үгүйсгэх аргагүй. Тиймээс гишүүдийг намын листээр сонгогдсон, тойргоос сонгогдсон хэмээн ялгавартай хандаж болохгүй. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг бид шинэчлэн батлаад удаагүй байна. Баталсан хуулиа сайн мөрдөх ёстой” гэсэн бол УИХ-ын гишүүн С.Оюун “С.Дэмбэрэл гишүүн бид хоёрын хувьд бүлэггүйн дээр намын листээр сонгогдсон. Тангаргаа өргөсөн энэ хугацаанд иргэд, сонгогчдоос маш олон санал хүсэлт ирж, байна. Бидний хувьд 60 мянган сонгогчийн саналыг авч сонгогдсон. Улс орны хэмжээнд үйл ажиллагаа явуулна, тиймээс намын листээр сонгогдсон гишүүний бие төлөөлөгчийнх нь тоог нэгээр хасъя гэдгийг дэмжихгүй байвал яасан юм бэ. Бүлэг дотроо өөрсдөө зохицуулалт хийж болно, үнэхээр тойргоос сонгогдсон гишүүний бие төлөөлөгчийг нэмэх шаардлагатай гэж үзвэл намын листээр сонгогдсон гишүүнийхээс шилжүүлэх боломжтой байхаар бүлэг дотроо зохицуулахаар зааж өгье” гэж байлаа. Харин санал хураалтын шатанд намын листээр сонгогдсон гишүүний бие төлөөлөгчийг нэгээр хасч, тойргоос сонгогдсон гишүүнийхэд нэмж тусгуулахаар болж шийдвэрлэв. Ингэснээр тойргоос сонгогдсон гишүүн нь гурван бие төлөөлөгч, нэг туслах, нэг зөвлөхтэй байхаар, харин намын листээр сонгогдсон гишүүн нэг бие төлөөлөгч, нэг туслах, нэг зөвлөхтэй байхаар болов.
Мөн хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Нийтлэг арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөсөн 637 сая төгрөгийг бууруулах шаардлагатай. Ингэхгүй бол даргад ойр, эсвэл олон жил сонгогдсон гишүүнд нь тэрхүү мөнгө нь түлхүү оногдоод шинэ гишүүдэд юу ч хүртдэггүй. Орон сууцны зориулалтаар 220 сая төгрөг тусгуулах гэж байна. Өмнөх энэ зориулалтын мөнгийг юунд зарцуулсанд тодорхой тайлбар авмаар байна” гэсэн юм. Энэ асуултад УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж “Нийтлэг арга хэмжээний хөрөнгийг гишүүдийг насаар нь, даргад ойр гэдгээр ялгавартай олгож байгаагүй. Орон сууцны зориулалтаар өнгөрсөн жил 500 сая төгрөг тусгуулахаар УИХ-д оруулж ирж байсан ч шууд хассан. Харин энэ удаад яалт ч үгүй орон сууцтай холбоотой асуудал орж ирж байгаа учраас 220 сая төгрөг тусгасан. Хэрхэх нь та бүхний асуудал” гэсэн юм.
Ингээд гишүүд саналаа хэлж дууссанаар УИХ-ын 2013 оны төсвийн төслийг Сангийн яаманд хүргүүлэхээр болж шийдвэрлэлээ.