2012-2013 оны хичээлийн шинэ жилд хэрэглэх сурах бичгийн хэвлэлтийн болон нийлүүлэлтийн ажил бүрэн дууссан талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас мэдээлж байна. Энэ жил 89 нэр төрлийн нэг сая, 315 мянган ширхэг сурах бичгийг хэвлэж, орон нутагт нийлүүлэхдээ Боловсролын газруудад, нийслэлийн хувьд дүүргийн боловсролын газруудад хүргүүлжээ. Харин сургуулиуд хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө сурах бичгүүдээ хүлээн авсан байх гэнэ. Энэ жилийн хувьд сурах бичиг сурагчдын гар дээр оройтож очихгүй талаар албаныхан мэдээлж буй. Харин номын дэлгүүр болон худалдааны газруудад долдугаар сарын 1-нээс сурах бичгүүдийг худалдаанд гаргасан билээ.
2009 оноос эхлээд ЕБС-ийн бага ангийн сурагчдын сурах бичгийг төрөөс бүрэн хангах, дунд, ахлах ангийн сурагчдын 40 хувийг төрөөс сурах бичгийг төрөөс бүрэн хангаж байгаа нь энэ жил хэвээрээ байх юм байна. Ингэхдээ сургуулиудын номын сангаар тарааж, дахин ашиглуулах гэнэ. Дээр дурдсан 40 хувь гэдэгт дунд, ахлах ангийн бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, амжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн болон ерөнхий боловсролын сургуульд гурав болон түүнээс дээш хүүхэд нь суралцдаг өрхийн хүүхдүүд багтаж байгаа юм.
У.БОЛОР