“Баянхонгор бага олимп-2012” наадмыг нээж, Баянхонгор аймгийн төв цэнгэлдэхэд 20 сум, есөн багийн нийт 816 тамирчин парадаар жагсан хүндэтгэлтэйгээр орж ирсэн. Мөн энэхүү парадын гол зочид нь “Лондон-2012”-ын олимпийн хүрэл медальт, ОУХМ С.Ням-Очир, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, ОУХМ М.Уранцэцэг, ОУХМ П.Лхамдэгд, МУГТ Х.Болдбаатар зэрэг шилдэг тамирчид мөн БТСГ-ынхан, Баянхонгор аймгаар овоглосон алдартнууд байлаа.
Бага олимпийн нээлтийн ёслолд хөгжмийн зохиолч Б.Чинбат, “Sweetymotion” хамтлаг “Монгол Улсын төрийн дуулал”-аа эгшиглүүлэн, Баянхонгорын төв цэнгэлдэхэд Монгол Улсын далбаа, Лондон-2012 олимпийн далбаа, аймгийнхаа далбааг ёслол төгөлдөр мандуулсан. Баянхонгор аймгаас төрөн гарсан ОУХМ, Дэлхийн аваргын хүрэл медаль, Универсиадын аварга, залуучуудын улсын аварга М.Уранцэцэгт “Баянхонгор бага олимп-2012”-ын бамбар асаах эрхэм хүндтэй үүрэг ногдон бага олимпийн бамбарыг асаасан юм. УИХ-ын гишүүн Х.Баттулга бага олимпийг нээн “Шинэ залуу тамирчдыг дэмжих зорилготойгоор дөрвөн жилд нэг удаа болж байхаар зохион байгуулж буй “Бага олимп” амжилттай болж байна. Анхны олимп спортын есөн төрлөөр гурав хоногийн турш болж, Баянхонгор аймаг олимпоор амьсгалж байсан билээ. Бидний уриа бол “Бага олимп”-оос их олимпийн оргил өөд тэмүүлэх явдал юм” хэмээв.
“Баянхонгор бага олимп-2012”-д тус аймгийн 20 сум, төвийн есөн баг, нийт 30 багийн 816 тамирчин, 70 гаруй шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр Биеийн тамир спортын газар, “Номгон далай” цогцолбор сургууль, “Номгон”, “Эрдэм” ахлах сургууль, “Дөмөнт”, “Өлзийт” “Баян-овоо” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн спорт заалнуудад жүдо, чөлөөт бөх, волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис, хүчний гурван төрөлт, үндэсний бөх, буухиа гүйлт гэсэн есөн төрөлд өрсөлдөн шилдгүүдээ тодруулсан бөгөөд нэмэлтээр хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж, аваргаа шалгарууллаа.
Тэмцээний нийлбэр дүнгээр нэгдүгээр байранд 81 оноогоор “Номгон” нэгдүгээр баг, хоёрдугаар байранд 82 оноогоор Богд сумын баг, гуравдугаар байранд 116 оноогоор “Хамо” ТББ-ын баг тамирчид шалгарсан юм. Тэмцээний ерөнхий дүнг бага онооны системээр дүгнэж гаргасан юм.
Бага олимпийн тэмцээн, уралдаанууд ширүүхэн болж өнгөрсөн бөгөөд дөрвөн жилийн хүч, хөдөлмөрөө энэ л өдрүүдэд үнэлүүлэн улсын хэмжээнд хүртэл рекорд тогтоож байсан нь тэдний амжилтын чанар, чансааг илтгэж байсан бол уу. Ирэх 2016 онд Баянхонгорчууд энэхүү бага олимпио баруун бүсийн хэмжээнд өргөн дэлгэр хийхээр яригдаж байгаа тухай зохион байгуулагчид дуулгасан юм.
“Баянхонгор бага олимп“-ын хаалт өнгөрсөн ням гаригт цаг агаарын байдлаас болоод товлосон газраа өөрчлөн Баянхонгор аймгийн спорт хорооны байранд болж, шилдэг баг, тамирчдаа шагнан, хонгор нутгаар овоглосон Төрийн шагналт,Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, “Fire”, “Anemone” хамтлагууд болон дуучин A-Cool, Л.Насанбуян нар мэндчилгээ дэвшүүлэн бага олимпийн хаалтыг дуу хууртай өндөрлүүлсэн юм.
Сонирхуулахад, бага олимпийн хаалт дээр “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайханы “Тамирчны алдар” дуу эгшиглэсэн юм. Энэ дууг Д.Жаргалсайхан 1988 оны Сөүлийн олимпоос боксын төрөлд монгол орондоо хүрэл медалийг авчирсан Гавьяат тамирчин Баянхонгор аймгийн Өлзийт сумын харъяат Нэргүйн Энхбатад зориулан зохиож байсан бөгөөд энэ удаагийн бага олимпийн хаалтын ёслолд тэрбээр тайзнаа уригдан нийт тамирчид Баянхонгорчуудаа хандан мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр “Өнөөдөр би нутагтаа энэ сайхан олимпийг үзэж байна. Сэтгэл хөөрч байна. Би өөрөө олимпийн медаль авч байсан хүн нутагтаа олимп үзлээ. Баянхонгорчуудаа баяр хүргэе. Өнөөдөр бага олимп, их олимп зэрэг болж байна. Манай боксынхон сайхан амжилтыг дагууллаа” хэмээн сэтгэгэдлээсээ хуваалцсан юм.
Хаалтын ёслол дээр бага олимпийг зохион байгуулах хорооны дарга Д.Жаргалсайхан уг наадмын эрхэм хүндэт хоёр гишүүнд бага олимпийн дурсгалын алтан медалийг гардуулсан. Энэхүү “Баянхонгор бага олимд 2012”-ын дурсгалын алтан медаль 1988 оны Сөүлийн олимпийн наадмын боксын төрөлд хүрэл медаль хүртсэн Гавьяат тамирчин Н.Энхбат, Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам нарын энгэрт гялалзан бага олимпийн бэлэг тэмдэг болсон мазайлайн чихмэлийг хамт хүрсэн юм.
Баянхонгор аймгийг жишиг аймаг болгох хөтөлбөрийн зохион байгуулагч, Баянхонгор аймгийн АН-ын дарга Д.Жаргалсайхантай наадмын хаалт дээр уулзаж, ярилцлаа.
-“Баянхонгор бага олимп 2012” амжилттай болж, өнөдрлөлөө. Энэ удаагийн наадмын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-“Баянхонгор бага олимп” хоёр дахь удаагаа амжилттай зохиогдож өнөдөрлөлөө.Нийт баг тамирчдадаа баяр хүргэн, амжилт хүсье. Манай баг тамирчид шударга шүүлт дор, шударгаар авхаалж самбаагаа сорьж, сайхан өрсөлдлөө. Энэ бага олимп бол Баянхонгорчууд төдийгүй Монголын баяр болно гэдэгт бид бүхэн итгэж байгаа. Манай бага олимпийнхон олимпийн аваргуудыг олноор төрүүлж, Баянхонгорынхоо тамирчдаас олимпийн аваргыг төрүүлэх зорилго, уриатай юм аа. Дараагийн 2016 оны зуны олимпиос олимпийн аьарга төрнө гэлэгт итгэж байгаа. Үүний бэлэг тэмдэг болгож, энэ арга хэмжээгээ маш сайхан зохиолоо.
-Бага олимд өмнөх бага олимпоосоо юугаараа ялгаатай болж өнгөрөв өө?
-2008 оны бага олимптой харьцуулахад энэ жил зохион байгуулалт сайтай, тамирчид маань идэвхтэй, бэлтгэл сургуулалтаа базаан оролцсон чанар сайтай тэмцээн боллоо гэж харж байна.
-Цаашдаа спортын төрлүүдийг нэмэх үү?
-Спортын төрлүүдийг нэмэхийн зэрэгцээ ер нь баруун бүсүүдийн аймгуудаа оролцуулах санаа, зорилго байгаа.
“Баянхонгор аймгийн бага олимп 2012”-ын багийн хошой алтан медалийн эзэд болсон нэгдүгээр багийн ахлагч Ч.Сайнбилэгтэй уулзлаа.
-Хошой алтан медалийн эзэд болсонд баяр хүргэе?
-“Баянхонгорын бага олимп-2012” сайхан болж өндөрлөлөө. Энэ жилийн хувьд тамирчид, өрсөлдөгчид чанга байлаа. Манай нэгдүгээр баг 2008 оны бага олимпийн алтан цомыг авч байсан. Мөн 2012 оны бага олимпийн шилдэг багаар дахин шалгарч энэхүү цомын эзэд болсондоо сэтгэл өндөр байна.
-Баг, тамирчдаа ямар хугацаанд бэлдсэн бэ? Нийт хэчнээн тамирчин оролцов?
-Манай багаас 27 тамирчин оролцсон. Анх бага олимп 2008 онд явагдсанаас хойш тамирчид дөрвөн жилд нэг болдог энэ наадамдаа чамгүй сайн бэлтгэлээ базаан оролцсон.
-Наадмын зохион байгуулалт ямар төвшинд байв?
-Зохион байгуулалтын хувьд өндөр төвшинд болж өнгөрлөө. Манай тамирчдын хувьд ямарваа нэгэн маргаан гарсангүй. Энэ жил баг болгоны тамирчид өөрийнхөө иргэний үнэмлэхтэйгээ оролцсон болохоор будлиангүй өндөр төвшинд боллоо, сэтгэл өндөр байна.
-Танай тамирчид ямар төрөлд алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон бэ?
-Манай баг, тамирчид ширээний теннисээр нэг алт, энг мөнгөн медаль хүртсэн. Сагсан бөмбөгийн төрөлд хоёр алтан медаль, шатараар алт, буухиа гүйлтийн төрөлд нэг алт гээд үндсэндээ таван алт, таван мөнгө, нэг хүрэл медалиар багийн амжилт гаргалаа.
-Дараагийн бага олимпод амжилттаа бататган дахин багаараа алтан цом хүртэхийг хүсэн ерөөе!
-Баярлалаа.
Баянхонгорын тамирчид бага олимпио ирэх 2016 онд Бразилын нийслэл Рио де Жанейрод болох зуны 31 дэхь удаагийн олимптой уухай хадаан үргэлжлүүлнэ.
Тэд дараагийн бага олимпдоо өнөөдрөөс эхлэн бэлтгэж эхэллээ.