ЕБС-ын дүрэмт хувцсыг жигдрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.14-нд нийтлэгдсэн

ЕБС-ын дүрэмт хувцсыг жигдрүүлнэ

Ерөнхий боловсрол олгож буй улсын болон хувийн бүх сургуулийн дүрэмт хувцсыг ирэх хичээлийн жилээс жигдрүүлэхээр болсон тухай БСШУЯ-наас мэдээлж байна. Харин энэ жил сурагчид урьдын адил өмнө нь өмсч байсан дүрэмт хувцсаа өмсөх аж. Хэрэв шинээр авах шаардлагатай бол зах зээлд борлогдож байгаа хувцаснаас сонгон авах боломжтой гэнэ. Одоогийн байдлаар ЕБС-ийн сурагчдын өмсөх дүрэмт хувцсыг “Амно”, “Их шаглаа”, “Батзүү”, “Төмөр трейд” зэрэг 10 орчим компани нийлүүлж байгаа гэнэ. Энэ талаар БСШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын мэргэжилтэн Л.Отгонсүрэнгээс тодрууллаа.

– ЕБС олгодог бүх сургуулийн дүрэмт хувцсыг хэзээнээс жигдлэх вэ?

-Энэ хичээлийн жилээс эхлээд бүх сургуулийн /хувийн гэлтгүй/ сурагчдын дүрэмт хувцсыг жигдрүүлнэ гэж буруу ойлгоод байх шиг байна. Ер нь бол улсын болон хувийн дунд сургуульд суралцагсдын дүрэмт хувцсыг дараа жилээс жигдрүүлэхээр болсон. Ингэхдээ дотроо бага, бүрэн дунд, суурь боловсролын төвшин гэдгээр ангилж, тус бүрдээ эрэгтэй, эмэгтэй загвар тусдаа гэвэл нийт зургаан загвараар ерөнхий боловсрол эзэмшиж байгаа сурагчид ижил дүрэмт хувцастай болно.

-Одоогоор 10 орчим дотоодын үйлдвэрлэгч байдаг гэж байна. Тэдгээр компани нийт дүрэмт хувцасны хэдэн хувийг нийлүүлдэг вэ?

-“Амно”, “Их шаглаа”, “Батзүү”, “Төмөр трейд” зэрэг 10 компанийн үйлдвэрлэж буй нийт бүтээгдэхүүн нь эрэлтийн ердөө 10 хувийг л хангаж байгаа. Бусад нь хувиараа дүрэмт хувцас хийдэг, ганзагын наймаачдаас бүрдэж байгаа гэсэн үг.

-Сурагчдын дүрэмт хувцасны үнийн тухайд?

-Зах зээл дээр худалдаалагдаж байгаа, нейлонон даавуугаар хийсэн дүрэмт хувцас 18-22 мянган төгрөгийн үнэтэй байна. Дотоодын үйлдвэрлэлийн хувьд, жишээ нь, “Төмөр трейд” ХХК-ийн бага ангийн хүүхдийн дүрэмт хувцасны үнэ 30-35 мянган төгрөг, дунд ангийнх 35-38 мянган төгрөг, ахлах ангийнх 40-45 мянган төгрөгийн үнэтэй байна.

-Сурагчдын дүрэмт хувцасны эдэлгээг ямархуу байдлаар тооцдог вэ?

-Ер нь эдэлгээтэй өмсвөл хоёр  жил гэж тооцоолдог юм.

-Үйлдвэрлэж байгаа дүрэмт хувцасны чанар муу байна гэсэн шүүмжлэл байнга дагалддаг. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ?

-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас үйлдвэрлэгч компаниуд болон дүрэмт хувцсанд шалгалт хийж үзэхэд чанарын шаардлага хангахгүй байна гэж дүгнэж байсан. Эцэг эхчүүдийн зүгээс ч тийм шүүмжлэл ирдэг юм. Жишээ нь, дүрэмт хувцасны материал хог, шороо татдаг, цахилгаанждаг, хойтон жил өмсөхөд төвөгтэй байна гэдэг. Хүмүүсийн яриагаар “Төмөр трейд” ХХК л зөвхөн дүрэмт хувцсаа өөрсдөө үйлдвэрлэдэг, бусад нь урд хөршөөс оруулж ирдэг гэж байна. Тэгэхээр хувийн компаниудтай  шууд хариуцлага тооцоход хэцүү, гэхдээ чанаргүй хувцас үйлдвэрлэвэл мэдээжийн хэрэг эцэг эхчүүд нь худалдаж авахгүй шүү дээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж