2016 он хүртэл уул уурхайн хайгуул, олборлолт идэвхтэй байх бөгөөд үүнийг дагаад энэ салбарын үйлдвэрлэл эдийн засгийн өсөлтөд тэргүүлэгч байр суурийг эзлэх гэнэ. Нөгөөтэйгүүр хөдөө орон нутагт суурьшин амьдардаг, эзэмшсэн мэргэжил байхгүй залуус багагүй байгаа гэсэн судалгаа гарчээ. Тиймээс уул уурхайн салбарт ажиллах боловсон хүчнийг тэдгээр залуусаар бүрдүүлэхийн зэрэгцээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг ажлын байраар хангах хэрэгтэй гэдгийг албаныхан онцоллоо. Ингэхдээ “кластер” буюу төрөлжсөн үйлдвэрлэлд жижиг, дунд үйлдвэрийнхнийг түлхүү татан оруулах юм байна. Энэ талаар Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуунаас тодрууллаа.
-Уул уурхайн салбарт жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг кластер байдлаар хамруулна гэж байна. Үүнийг тайлбарлана уу?
-Үүнийг жишээн дээр тайлбарлавал ойлгомжтой болно. Жишээ нь, монголчууд жижиг бизнес хийлээ гэхэд, үйлдвэрлэлийнхээ бүхий л дамжлагыг өөрсдөө хийхийг хичээдэг. Кластераар оёдлын үйлдвэр ажиллууллаа гэхэд, эсгүүр, товч, оёдол гээд энэ бүгдийг төрөлжүүлж хийх юм. Гэхдээ энэ нь хувийн жижиг үйлдвэрүүдэд мэдээж тохиромжгүй. Том том үйлдвэрүүдэд дагнан ажиллах бизнес эрхлэгчдийг татан оруулна гэсэн үг. Ингэвэл бизнесийн эрх тэгш оролцоог хангаж чадах юм. Ялангуяа манай улсын томоохон үйлдвэрийн нэг Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрт жижиг, дунд бизнес эрхлэгчдийг татан оруулбал аль аль талдаа ашигтай. Өөрөөр хэлбэл, кластер гэж хамтран ажиллах сүлжээ юм.
-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хамруулж байгаа томоохон бүтээн байгуулалт хэр байгаа вэ?
-Томоохон, төрийн өмчит бүтээн байгуулалтууд бол үнэндээ хүнд сурталтай, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг татан оруулах нь муу байдаг. Харин Оюутолгой төсөл жижиг дунд бизнес эрхлэгчдийг ажлын байраар хангах, ханган нийлүүлэгчээрээ олон компани, хувь хүмүүсийг нэгтгэж байна. Энэ жишгээр бизнес эрхлэгчдэдээ ирэх жилүүдэд боломж олгох хэрэгтэй байна.
-Энэ талаарх эрх зүйн орчин Монгол Улсын хувьд ямар байгаа вэ?
-Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль дүрэмд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих эрх зүйн заалт байхгүй тул холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд, дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч байх нөхцлийг нэмж оруулах хэрэгтэй. Мөн кластер буюу хамтын ажиллагааны сүлжээг бий болгох үүднээс орон нутагт тэргүүн ээлжинд ноос баяжуулах болон оёмол, нэхмэл, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр жижиг дунд үйлдвэр байгуулахыг тухайн нутаг дэвсгэрийн засаг захиргаа болон төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй болж байна.
-Кластерын бодлогыг гадны улсад хэрхэн хэрэгжүүлдэг бол?
-Чили улсын уул уурхайн томоохон бүс нутаг болох Антофагастад 1998 оноос эхлэн уул уурхайн кластер хөгжүүлэх ажил эхэлсэн бөгөөд компаниуд нийлүүлэгч, эрдэм шинжилгээний байгууллагуудыг нэгтгэж чадсан том сүлжээ болсон. Австрали улсад уул уурхайн томоохон бүс нутгуудыг түшиглэн кластер мөн амжилттай хөгжсөн.
Ийнхүү Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос улс орны хөгжлийг уул уурхайн үйлдвэрлэлтэй холбохдоо жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Харин Жижиг, дунд үйлдвэрийн газраас энэ тал дээр мөн хамтран ажиллахаа илэрхийлж, зарим саналыг мөн дэвшүүлж байлаа. Тухайлбал, аливаа бүтээн байгуулалт өрнүүлэхийн тулд тендер зарлах бол гүйцэтгэх болон ханган нийлүүлэгчдийн тодорхой хувийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс шалгаруулж байна гэсэн бодлогын асуудлыг төр, засагт уламжлахыг хүсч байсан юм.