Их Британийн нийслэл Лондон хотноо 16 хоногийн турш үргэлжилсэн зуны XXX олимпийн наадам өндөрлөж, дараагийн олимпийг зохион байгуулах Рио де Жанейро хот олимпийн тугаа нутагтаа авчирлаа. Олимпийн хаалтын ёслолын төгсгөлд олимпийн тугийг дараачийн олимпийн “нийслэл”-д гардуулдаг уламжлалын дагуу Лондон хотын захирагч Борис Жонсон тугийг Бразилийн Рио де Жанейро хотын дарга Эдуардо Паест хүлээлгэн өгсөн билээ. Ингээд олимпийн таван цагариг бүхий эв найрамдлын далбаа Бразилийг зорьсон юм. Харин өнөөдөр бразиличууд олимпийн далбааг угтан авчээ.
Хотын захирагч Эдуардо Паес нисэх онгоцны буудалд сэтгүүлчидтэй уулзахдаа “Энэ бол бидний тэсэн ядан хүлээсэн түүхэн цаг үе болж байна. Бидэнд хамгийн чухалд тооцогдох цаг хугацааны эргэлт ийнхүү Бразилид ирлээ” хэмээжээ.
2016 оны зуны 31 дэх удаагийн олимпийн наадмыг зохион байгуулах Рио олимпийн тосгон, цэнгэлдэх, талбайд зориулж 170 мянган оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай тулгарчээ. Гэхдээ айл өрхийг шилжүүлэх ажил дуусах шатандаа яваа бөгөөд иргэдийн зүгээс ямар нэг санал, гомдол тавиагүй гэнэ.
Э.АНХТУЯА