Гэвч цаад агуулгыг нь сөхөж үзвэл яам цөөн бол сайн, олон байвал маш муухай гэж хэлж болохгүй нь. Ямар нэг учир шалтгаанаар яамдыг нэмснээс бус олон хүнд бялуу тарааж, сайдын хэргэмээр шагнах гэсэндээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг баахан олон яамыг салгаж, үржүүлсэн хэрэг бас биш юм. Ямар ч гэсэн “Яамдаа нэмж сайд нараа өсгөдөг Н.Алтанхуяг яасан муухай хүн бэ” гэхээсээ өмнө гадаад, дотоод байдлаа нэг авч үзье.
Дэлхийн улс орнуудын хөгжлийн хурд асар түргэсч байна. Дөрвөн жилийн өмнөхтэй бүү хэл өнгөрсөн онтой харьцуулахад энэ байдал тэс өөр болсон. Улс орнууд ерөөсөө хөгжлийнхөө хурдцаар өрсөлдөн олимпийн марафон гүйлтийн тэмцээнд орчихсон байна. Саяхан болж өнгөрсөн болохоор олимпоор жишээ авсан хэрэг. Даяаршлын ертөнцөд Монгол ч бусдаас яаж хоцрох вэ. Араг үүрч, аргал түүсэн чигээрээ гэлдэрвэл хорвоогийн хамгийн хоцргдсон мухар болж үлдэх биз. Ертөнцийн олны хөгжлөөс гээгдэхгүй гэсэндээ хэрэндээ л хурдалж яваа Монголынхоо зарим үзүүлэлтийг жишээ болгоё.
Өмнөх УИХ-ын сонгууль болж байсан 2008 онтой харьцуулахад Монгол Улсын ДНБ 60 хувиар дээшилжээ. Энэ нь 4,2 их наяд төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг. Монгол Улсын төсвийн зарлага 84 хувиар өссөн нь 2,2 их наяд төгрөгөөр ихэссэн үзүүлэлт болж байна. Гадаад худалдааны нийт эргэлт 5,7 тэрбум ам.доллар болж бүхэл бүтэн 100 хувиар өсчээ. Эдийн засгийн өсөлтийн хурд 17 хувьд хүрсэн гэсэн үзүүлэлт байдаг.
Ердөө хэдхэн жилийн өмнө ноос ноолуур, мал мах, арьс шир төдийхөн түүхий эд гадагш гаргаж хөрш орнуудын хөдөө аж ахуй, түүхий эдийн хавсрага орон байсан Монгол Улс өнгөрсөн дөрвөн жилд уул уурхайн том орон болох үндэс сууриа тавьчихсан. Одоо Монгол гэсэн нэрийг сонсоод гадаадынхан “Хятадын Монгол уу, Оросын Монгол уу”, их сайндаа “Чингисийн Монгол уу” гэж асуудаг цаг өнгөрч толгой баячууд нь “Нөгөө уул уурхай, эрдэс баялгийн арвин их нөөцтэй Монгол” гэж ам бардам хэлдэг болсон. Гагцхүү үүндээ эзэн шиг эзэн сууж эдэлсэн шиг эдлэх их хариуцлага монголчуудын өмнө тулгарч байна. Эдийн засгийн өндөр өсөлттэй, арвин их баялагтай Монгол орны төсөв санхүү урьдынх шиг сая, тэрбум төгрөг дотор бус хэдэн их наядын дотор эргэдэг болов. Удахгүй үүний дараагийн тоонд шилжих биз. Арав хүрэхгүй жилийн дотор Монголын эргэлдүүлдэг хөрөнгө саяас тэрбумд, тэрбумаас их наяд төгрөгт шилжсэн юм чинь. Энэ том орчинд яамдаа яаж ажиллуулахаар шинэ засгийнхан шийдсэнийг одоо харъя.
Байгалийн баялгаа ашиглахын зэрэгцээ тогтвортой хөгжихийн тулд байгаль орчноо хамгаалах чиглэлийг шинэ Засгийн газар барьж байна. Угаасаа дэлхий дахинаараа ногоон хөгжлийг эрхэм болгоод байгаа цаг. Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг Байгаль орчин, ногон хөгжлийн яам болгохоор Засгийн газрын бүтцийн тухай хуульд тусгажээ. Бүр ерөнхий чиг үүргийн яам болгоно гэж байгаа. Дэд бүтэц сайтай улс орны хөгжил өндөр байдаг жамтай. Энэ дагуу төмөр зам, авто замын бүтээн байгуулалтад Монгол Улс анхаарах цаг болсон. Шинэ төмөр зам тавих ажил ерөнхийдөө шуударч буй. Улаанбаатараа нийслэлийн дайтай нийслэл шиг, 21 аймгийн төвөө хотын дайтай болгохоор бас төлөвлөсөн. Эрдэс баялгаа төмөр замаар зөөж, аймгийн төвүүдээ хотжуулж иргэдээ суурьшуулахын тулд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамыг Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн яам болгон салгаж ажиллуулахаар болжээ. Тэгэхээр мэргэжлийн хяналтын шалгалт давдаггүй барилга барьж, нэг зуны бороонд ховхроод урсдаг зам цаашдаа тавихгүй гэж итгэх үлдлээ.
Даяаршлын эринд Монголоо Монголоор нь авч үлдэх “брэнд” яам байгуулахаар хуулийн төсөлд бас тусгаад байна. Монголын бусдаас сондгойрох брэнд бол соёл, урлаг, спорт. Тэдгээрийг харьяалах “брэнд” яам нь Соёл, спорт, аялал жуулчлалын яам байна гэж үзжээ. Одоогийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас соёл урлаг, түүх, соёлын өвийг сэргээх, хөгжүүлэх салбарыг, Эрүүл мэндийн яамнаас нийтийн биеийн тамир, спортыг, Байгаль орчин, аялал, жуулчлалын яамнаас аялал жуулчлалыг салган авч энэхүү “брэнд” яаманд зангидах юм.
Өдгөө Монгол Улс уул уурхайн орон болж байгаа. Дөрвөн жилийн өмнө үүнийг төсөөлөх төдий байсан бол өнөөдөр бодит хэрэг болоод буй. Ингэхээр дагнасан Уул уурхайн яам Монголын толгой яам болох цаг тун удахгүй. Тэгээд ч цаашдаа өнөөдрийнх шиг алт, зэс, нүүрсээ түүхийгээр нь гаргалгүй нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цаг хаяанд туллаа. Ийм шалтгаанаар Эрдэс баялаг, эрчим хүчний яамыг Уул уурхайн яам, Эрчим хүчний яам болгон салгахаар болжээ.
Эрчим хүчний салбарыг ч өөд татах цаг болсон. Өрийн сүлжээ, цахилгааны тасалдал, дулаан, цахилгааны цаашид өсөн нэмэгдэх хэрэглээний дутагдал зэргээс Эрчим хүчний дагнасан яам гаргаж чадна гэж үзээд байна. Цаашдаа Монгол Улс аж үйлдвэржүүлэх бодлого боловсруулж дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэл барьж байгаа. Хөдөө аж ахуй асар хурдацтай хөгжиж мал сүргийн тоо 50 сяад хүрч, төмс, улаанбуудайгаар дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангадаг болсон. Энэ шалтгаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болгохоор шийджээ.
АН-ын мөрийн хөтөлбөрийн гол зорилго нь иргэдээ ажилтай, орлоготой болгох явдал. Залуусаа харь оронд ажиллах хүч болгон илгээх бус эх оронд нь хангалттай цалинтай ажлын байраар хангахын тулд, хөдөлмөрийн чадвартай иргэн болгоноо ажилтай орлоготой болгохын төлөө Хөдөлмөрийн яам байгуулахаар болжээ.
Монгол хүний үнэлэмжийг дээшлүүлж, хүнээ хүн шиг авч үздэг цаг ирэх гэж байна. Малаа тоолж хямгаддаг, өнчин ишиг ч гээхгүйн төлөө явдаг. Хүний хөгжил гэдгийг урьд өмнө дуугарч байгаагүй тийм цаг төгсгөл боллоо. Монгол хүнийг хөгжүүлэх цогц бодлого хэрэгжүүлэх зорилтыг АН өмнөө тавьжээ. Иймээс Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам байгуулахаар болоод байна. Эдийн засгийн хөгжил, хурдац асар түргэсч буй тул Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулахаар болсон байна. Эдгээр яамдыг салгаж байгуулснаар өнөөдрийн 11 яам 16 болж байгаа юм. Эдгээр дээр ерөнхий чиг үүргийн яамд болох Гадаад харилцаа, Хууль зүй, Сангийн яамд нэмэгдэнэ. Ерөнхий чиг үүргийн яамд дээр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамыг нэмэхээр болсныг дээр хэлсэн.
Монгол Улс 16 яамтай, Засгийн газрын 19 гишүүнтэй болсноор “100 ямаанд жаран ухна” гэгч болов гэж муучлах улстөрчид бий. Тэдэнд сануулахад дэлхий дээр хоёроос таван сая хүн амтай 37 орон байдаг аж. Тэдгээрийн тоонд Дани, Финланд, Норвеги, Сингапур, Ирланд зэрэг өндөр хөгжилтэй орон багтаж байна. Монгол Улстай ойролцоо хүн амтай тэдгээр орнууд дунджаар 15 яам, Засгийн газрын 19 гишүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг юм байна.
Өнөөдрийн бүтцээр Засгийн газрын тохируулагч 12, хэрэгжүүлэгч 31, нийт 43 агентлаг ажиллаж байгаа бол шинэ бүтцээр тохируулагч 11, хэрэгжүүлэгч 17, нийт 28 агентлаг болгож 15 агентлагаар цөөлжээ.
Ийнхүү улс орныхоо өсөн нэмэгдэж байгаа хөгжлийн цараанд тааруулж Засгийн газрын шинэ бүтэц жигдэрлээ. Одоо УИХ-аар үүнийг батлуулж бүрэлдэхүүнд нь тааруулан сайд нарыг томилох ажил үлдэж байна.