Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн зургаан дүүргийн гэр хорооллын өрхүүдийг утаагүй зуухаар хангах ажлыг жил гаруйн хугацаанд зохион байгуулсан. Энэ ажил 2013 он хүртэл үргэлжлэх ёстой ч утаагүй зуухны захиалгыг иргэд өглөө гэхэд 30 мянгаар дутах тооцоо гарчээ. Иймд Үндэсний хорооноос эхний ээлжинд хамрагдах дүүрэг, хороодын жагсаалтыг тодотгон тогтоох, анх төлөвлөснөөс дутсан 30 мянга орчим ширхэг утаагүй зуухны хөрөнгийн асуудлыг шийдвэрлэн шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох газруудад үүрэг болгосон юм. Учир нь Мянганы Сорилтын Сангийн “Цэвэр агаар” төслөөс нийлүүлэх сайжруулсан зуухны тоо буурснаас дээрх бэрхшээл үүсчээ.
Агаарын бохирдлыг үйлдвэрлэхэд тодорхой хэмжээний нөлөө үзүүлж буй бас нэг хүчин зүйл нь нам даралтын зуухнууд олноор ажилладагтай холбоотой. Эдгээр нам даралтын зуухыг хэрэглээнээс хасахын тулд татан буулгаж обьектуудыг төвлөрсөн дулаанд холбох ажлыг мөн давхар гүйцэтгэх болсон. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн Ус-15 болон, Дэнжийн мянга орчмын хэрэглэгчдийг төвийн дулаанд холбох ажлыг хийж буй гэнэ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зарим сургууль, цэцэрлэгийн 10 орчим халаалтын зуухыг шинэчилж байгаа аж. Иймд энэ ажлыг өвлөөс урьтаж дуусгахыг өнөөдрийн хуралдаанаас үүрэг болгов.