Нар, сар, од давхцаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.08.14-нд нийтлэгдсэн

Нар, сар, од давхцаагүй гэв

Өнөөдөр нар, сар, од давхацсан өдөр хэмээн хүмүүс хаа сайгүй шуугиж, энэхүү ховор үзэгдлийг харахаар гудамжинд олноороо бөөгнөрч, тэнгэр ширтэж зогссон юм. Энэ талаар Одон орон, геофизикийн судалгааны төвөөс тодруулахад ташаа мэдээлэл болохыг хэлсэн юм. Тус төвийн мэргэжилтэн “Иргэд ийнхүү худлаа цуурхал тараасан байна. Нар, сар, од давхацсан тохиолдолд энгийн хүний нүдээр харах боломжгүй бөгөөд гурван давхар нүдний шил зүүсэн ч харж чаддаггүй. Гэтэл зарим иргэд хөдөө, орон нутагт энэхүү үзэгдлийг тодоор харсан гэж яриад байгаа. Мөн үүлний цаанаас харсан гэх зэрэг байж боломгүй цуурхал тарааж байна.

Өнөөдөр Сугар гариг нартай маш ойрхон өнгөрч байна. Харин сар Сугар гаригийн урдуур өнгөрч байгаа юм.  Ер нь наймдугаар сарын дунд үе буюу 10-15-ны хооронд иймэрхүү үзэгдэл ажиглагддаг. Гэхдээ энэ жилийн хувьд харьцангуй тод харагдаж байгаа бололтой. Харин маргааш өглөөгүүр энэ үзэгдэл илүү тод харагдах төлөвтэй байна.

Билгийн тооллын буюу шинийн 15-наас хойш сар хуучрахаараа буюу хэлбэр нь багасан хавирган болохоороо өдөр нар шингээгүй байхад харагддаг үзэгдэл байдаг. Өнөөдөр билгийн тооллын шинийн 27, тэр утгаараа хавирган сар нартай зэрэгцэн өдрийн цагаар харагдаж болно. Түүнээс биш нар, сар, одны давхцал биш. Зөвхөн нар хиртэж байгаа тохиолдолд л нар, сар, одны давхцал тохиож болно” гэлээ.

ЖИЧ: Энэхүү зургийг Facebook хэрэглэгчийн хувийн хуудаснаас авсан болно. 14.00 цагийн орчимд нар, сар, од гурав давхацсан мэт ийн харагдаж байсан нь иргэдийн дунд эргэлзээ төрүүлсэн бололтой.
Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж