Түүний айлчлалын талаар өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шяолун сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийлээ.
Ноён Дай Бинго айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бараалхаж, Монгол Улсын шадар сайдтай хэлэлцээ хийх юм байна. Мөн Гадаад харилцааны сайдтай уулзахаар төлөвлөжээ. Айлчлалаар Монголын төр, засгийн шинэ удирдлагуудтай уулзаж Монгол, Хятадын стратегийн түншлэлийг цаашид хөгжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх юм байна.
Өнгөрсөн 2011 онд Монгол, Хятадын хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон юм. Энэ 2012 оноос хоёр орны өндөр төвшний харилцан айлчлал тогтмолжиж улс төрийн харилцан итгэлцлэл гүнзгийрч байна гэж Хятадын тал үзэж буй ажээ. Үүний жишээ нь Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн зургадугаар сард Бээжинд болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын төрийн тэргүүн нарын уулзалтад оролцохдоо Хятад улсын дарга Ху Жинтао, Төрийн зөвлөлийн орлогч сайд Ли Кэчан нартай уулзаж хэд хэдэн чухал тохиролцоонд хүрсэн гэж Элчин сайд Ван Шяолун хэлэв. Мөн Хятадын цэргийн төв хорооны дэд дарга хурандаа генерал Шюй Цайхоу тавдугаар сард Монголд айлчилжээ.
Энэ оны эхний хагаст Монгол, Хятадын худалдааны эргэлт гурван тэрбум 300 сая орчим ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 21 хувиар өсчээ. Хятадын талаас өнөөг хүртэл Монгол Улсад нийт гурван тэрбум 700 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Энэ сарын 30-наас Монголд Хятадын соёлын сарын ажиллагаа эхлэх гэж байна.
Монголд саяхан УИХ-ын сонгууль болж төр, засаг шинэчлэгдэж байгаа бол Хятадад мөн энэ намар ХКН-ын 18 дугаар их хурал хуралдан шинэ удирдлагаа сонгох юм. Бас ирэх жил Хятадын шинэ Засгийн газрыг бүрдүүлнэ. Ийм шинэ нөхцөлд 4710 км урт газраар хил нийлдэг хоёр орон харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид ч хөгжүүлэх ёстой гэж үзжээ.
Ноён Дай Бинго 1998 онд Монголд айлчилж байсан. Одоо айлчлахдаа хэд хэдэн зорилтыг өмнөө тавьсан байна. Нэгд, хоёр талын улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж харилцааны хөгжлийн ерөнхий чиглэлийг хамтран төлөвлөх аж.
Хоёрт, хамтын ажиллагааны чухал салбаруудыг тодорхойлно гэжээ. Гуравт, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, ялангуяа уул уурхай, эрдэс баялгийн ашиглалт, дэд бүтэц, аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах талаар ярилцах юм байна. Дөрөвт, хүмүүнлэгийн харилцааг дэмжиж харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх чиглэлд айлчлалын үеэр анхаарал хандуулах юм байна.
Шинэ засгийн үед Хятадын тал ямар боловч Монголтой худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, ялангуяа уул уурхай, эрдэс баялгийн ашиглалт, дэд бүтэц, аж үйлдвэрийн салбарт нэн тэргүүнд хамтрах ёстой гэж үзэж буй аж. Монголд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор байгуулах зэрэг ажлыг сонирхож байгаа нь ч Элчин сайдын өгсөн хариултаас харагдаж байлаа.