Сайдуудын нэрийг Ерөнхий сайд санал болгоно гэв

Хуучирсан мэдээ: 2012.08.14-нд нийтлэгдсэн

Сайдуудын нэрийг Ерөнхий сайд санал болгоно гэв

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцсэн, түүнд шинэ Засгийн газар 16 яам, 19 сайдтай байхаар тусгасны зэрэгцээ агентлагуудын тоог цөөрүүлэхээр зааж өгсөн байна. Тодруулбал, одоо Засгийн газрын хэрэгжүүлэгч хийгээд тохируулагч 43 агентлаг байдаг, үүнийг 28 болгоно. Дээрх агентлагт нийт 3300 хүн ажилладаг, гэхдээ цөөлсөн тохиолдолд эдгээр албан хаагчдын тоог бууруулах шаардлага байгаа юу гэдгийг эргэж харна. Яамдуудад ч мөн орон тооны асуудлыг нягталж үзнэ. Иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэхийн тулд аль болох чирэгдэл багатай хүргэхийг хичээнэ. Тэр дундаа хүнд суртал, авлига хээл хахуульгүй тунгалаг төрийг бий болгохын тулд төрийн зарим үйлчилгээг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагад шилжүүлэх чиг үүргийг шинээр эмхлэгдэх Засгийн газар барьж ажиллах болно гэдгийг бүлгийн дарга онцоллоо.

Харин хэн, хэнийг сайдаар томилуулахаар ярилцаж байна вэ, УИХ-ын сонгуульд нэр дэвшээд ялагдал хүлээсэн хүмүүсийг сайдад санал болгохгүй гэсэн яриа дуулдах болсон. Үнэхээр танай нам ийм зарчим барьж байгаа юу гэсэн сэтгүүлчийн асуултад Д.Эрдэнэбат дарга “Ерөнхий сайд ямар хүмүүсийг санал болгож оруулж ирэх нь түүнээс хамаарна. Ерөнхийдөө Засгийн газрын бүрэлдэхүүнд шинэ хүмүүс байх болов уу” хэмээн бодож байна гэсэн юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж