Шуурган галын дунд үүргээ гүйцэтгэсэн сэтгүүлч

Хуучирсан мэдээ: 2012.08.14-нд нийтлэгдсэн

Шуурган галын дунд үүргээ гүйцэтгэсэн сэтгүүлч

1945 оны наймдугаар сарын 14-ний өдөр Япон улс үг дуугүй бууж өгснөөр Дэлхийн II дугаар дайн албан ёсоор дуусчээ.

Сармандалын Дуйнхор нь Хэнтий аймаг Цэцэн вангийн хошуу одоогийн Төв аймгийн Мөнгөнморьт суманд 1919 онд төрсөн. Халх үндэсний тайж язгууртан. Тэрбээр эх орны дайны жилүүдэд цэрэг эрийн тангараг өргөж, Байлдааны үеийн радио холбооны АКА буудлагын дарга, Баянтүмний 14 дүгээр морьт хороонд жагсаал ангийн эх зохиогч, нууцын дарга, Сайншанд дахь мото механикжсан хуягт долдугаар бригадын буудлагын нэгдүгээр батолионд нууцын дарга, 15 дугаар бригадын дайчлах, байрлуулах хэлтсийн орлогчоор ажиллаж, чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчин, сэтгүүлч. Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан юм.

“Би” гэж өөрийгөө төлөөлөх энэ ганцхан үгэнд цэрэг эрийн амь нас, дайчин тангараг, эх орон, хайр сэтгэл, байлдааны үүрэг цөм оршино. Дайны жилүүдэд бүслэлтэд хэд хэдэн удаа орж, үхлийг сөрж явсан дайчин эрсийн нэг бол С.Дуйнхор гуай байсан билээ.

Ахмад сэтгүүлч түүнтэй таван жилийн өмнө нүүр учирч ”Дурсамжаар дүүрэн амьдрал” номыг нь гарт бариулж байсан маань бидний сүүлчийн учрал байсан юм. Дайны цагт харандаатайгаа, энх цагт үзэгтэйгээ явсан эрхэм сэтгүүлчийн зүрх сэтгэлд эх орон, хүн ард нь багтаж явсан аж.

Сэтгүүлчийн үзгээр туулж өнгөрүүлсэн дайны хүнд өд­рүүдээ өвгөн бичээч сэтгэлдээ авсан шархаа анагаах гэж өөрт тохиолдсон дайны онцлог үйл явдлын тухай өгүүлсэн нь бий. Тэр тухай 1945 оны чөлөөлөх дайны үед Мото механикжсан хуягт долдугаар бригадын нэг­дүгээр бательон дайны үеийн толгойн сэргийлэх (авангард) анги байсан ажээ. Фронтын штабт ”ГОТ”-ын тооцоо барьж байсан нууцын эрхлэгч Дуйнхор, бичээч Лувсандэндэв хоёр штабын дарга Жамцад шаардсан бүхнийг тодруулж ирсэн мэдээлэл цагийн байдлыг танилцуулж байв.

Гадаа бороо тасралтгүй орно. Офицер хүрэн цүнхнээсээ гаргаж ирсэн цаасан дээр «1945 оны есдүгээр сарын 15-ны өглөө 4 цаг» гэж Дуйнхор тэмдэглээд цагийн байдлыг тодруулан бичлээ. Ойр ойрхон гүйж ирэх мэдээчдийн явах зам бартаатай болж шавар шалбааг улам ихсэж байв. Борооны бөмбөгөр ногоон цув хэдэн өдрийн бороонд ус даахгүй болжээ.

Лувсандэндэв, Дуйнхор хоёр морз цохиж хариу авна. Дайны цагийн байдлыг нэгтгэн дүгнэж суугаа штабын дарга Жамц цэрэг ногоон цамцныхаа энгэрийг задгайлж дэгээ төмрийг нь имрэх мэт бариад “Хүлээнэ дээ” гэж амандаа бүдэгхэн бувтналаа.

Дайсны отон хориглосон нууц бэхлэлт бүслэлтэд орсон тул сум, борооны ус хоёр нүд харж, амьсгал авах чөлөөгүйн дээр, хоёр талын шүргэн гал зөрөлдөн хүнд хөнгөн пулёмат, их бууны ил далд хараагаар нэгэн зэрэг гал нээх нь газрын хөрсийг өм цөм татан тэсрэлт дэлбэрэлтийн дуу чимээ орчин тойрныг доргионо.

Хоёр тал зэрэг гал нээхэд чих нь таг дүлийрч, хаашаа харж байгаагаа ч төсөөлөх мэдрэмж алдарч буй нь штаб дотор ажиллаж байгаа гуравт илт мэдрэгдэнэ.

Цэргүүдийн өмссөн хувцас борооны усанд хүндэрч даан өндийх аргагүй болохын хажуу­гаар хүний, өөрийнхийгөө танихгүйд хүрч байв. Эл байдлыг удаан тэвчихэд бэрх байлаа. Тиймээс ч цэргүүдийн зүрх чичирч, сэтгэл эмтрэх шиг болно. Дайсны урдаас отож бэлтгэсэн хориглолтын нуувч чухам л үхлийн ангал шиг санагдана.

Шөнийн 24 цаг. Давшилтын нэгдүгээр фронтод хоёр цэрэг шархадсан учир яаралтай ирж галын шугамаас гарга гэсэн мэдээ ирснийг хүлээн авсан штабын дарга Жамц нууцын эрхлэгч, бичээч хоёроо явуулахаас аргагүй болсноо мэдэв. Штабт гурвуулаа байгаа болохоор өөр яах ч билээ.

Даргынхаа тушаалыг хүлээн авсан Дуйнхор бичээчээ дагуулан гарлаа. Шөнийн түнэр харанхуйн дунд өндөр ургасан тариан дундуур хоёулаа урагшлан амь эрэх сумны гэрлийн доогуур хэвтээ, мөлхөө байдлаар гэтсээр шархадсан хоёр хүнээ арай ядан олж ирэв.

Нэгнийх нь цус алдсан тархийг хөвөн марал давхарлаж боов. Борооны ус нүүр нүдгүй шавхуурдан урсаж, шувтрахад шорхийн унана. Зайгүй гялалз­сан гэрэлт сумны сөргөлдөөн дунд толгой өндийж, тохой сөхөх боломжгүй тул хэвтээ мөлхөөгөөр шархатнаа чирч үүрсээр хоёулаа газар ахиж явахад, шархныхаа халуунд дэмийрч хашгирч орилон шархдагсад дайсанд чимээ өгнө гэхээс эмээж явав. Шархтнуудаа ойр ойрхон газар ахиулсаар фронтын байрлаж байгаа штаб дээрээ эсэн мэнд авчирлаа. Дайны цагийн тушаалыг биелүүлсэн Дуйнхор түр амсхийн суухдаа дайсны бууны суманд шүүр шанага шиг цоо буудагдсан байлдааны жижиг хүрзээ харж хирдхийв. Тэрхэн үедээ амиа хамгаалах санаатай дээр гозойлгож явснаа харахад сум, бие толгой дээгүүр нь тасралтгүй зөрөлдөж байжээ.

Байлдааны хоёр дахь үе буюу наймдугаар сарын 19-ний оройн 22 цаг. Штабын дарга цагийн байдал хүндэрснийг мэдэгдэв. Фронтын байр солихоор анги ухралтын рубекид орно. Чи хоёр хөнгөн пулёматчин аваад балгасын баруун жалганд хамгаалалтад гар хэмээн тушаал өгөхдөө сая буутай гараа буцаалаа.

Хааш хаашаа 50 метр, дотроо хаалгагүй онгорхой олон тасалгаа бүхий нурсан том балгасны тууринд анх дайсантай тулалдаж эхэлснээ бодох зуур Дуйнхор эл хуль энэ балгасны баруун талын том дааман хаалганы босгон дээр хоёр хөнгөн пулёмат байрлуулан хэвтлээ.

Орос, монгол, япон хэлээр “Танай рот, анги, салбар манай Их наран улсын хүчирхэг армид бууж ирээд байна. Одоо үлдсэн тэд. тэдний хэмээн дарга нарыг нь нэрээр нь дуудаад “Та нар бууж өг, бид та нартай байлдахгүй” гээд маршийн хөгжим хангинуулан цэргийн сүрт жагсаалын хөлийн чимээ сонсдож, нир нирхийн алхах нь сүртэй аюултай санагдах тул Дуйнхор хоёр хөнгөн пулёматчиндаа “Дайсны жагсаал хоёр зуун метр ойртоход нь хайчин гал нээ” гэж тушаал өгөөд хүлээх агшинд дуу чимээ нам гүм болов. Өдөржин бороо орсон газар дээр дуулдах чимээ учрыг нь олоход бэрх байжээ. Тэрбээр гэнэт байдлыг ухаарч ухаарч ангийнхаа араас гүйцэн очихоор эрсхэн команд өгөв. Эл байдлаа эргэн санахад үзэж өнгөрүүлсэн бүхэн нь Дуйнхор гуайд үлгэр шиг сэтгэлд нь үлдсэн билээ.

Тархинд нь дайны сорви, зүрхэнд нь үхлийн сум үлдээсэн шархдсан цэрэг эрсийн дунд дайны цагийн байдлыг тодорхойлж газар нуувчинд суман мөндөр дор дайсны ов мэхтэй ухаан уралдуулж явсан эр цэрэг С.Дуйнхор 1945 оны чөлөөлөх дайнд ийн оролцож явсан нэгэн юм.

-Цэрэг дайчид аа. Би, та нарын даваад ирсэн уул даваа, гатлаад ирсэн гол усыг чинь мөн туулаад даваад ирлээ. Хүний нутаг гэхгүй энэ газар шороонд бидний үрэгдэх амь, эрсдэх аюул өмнө минь байна хэмээн маршал Х.Чойбалсан зарлаагүй дайны тухай ярьж монгол цэргүүдээ зоригжуулан хэлж байсан үгийг ч сэтгэл зүрхэндээ мартаагүй бөгөөд энх цагт Улаанбаатар хотын боловсон Мах комбинатад хэрэгцээний хэлтсийн дарга, Октябрийн районы ерөнхий нябо, санхүүгийн хэлтсийн дарга, Улаанбаатар хотын Гурилын комбинатад боловсон хүчний эрхлэгчээр улс, армид 41 жил хөдөлмөрлөсөн ахмад дайчны энгэртээ гялалзуулж явсан Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Жуковын ялалтын медаль нь хамгаас содон одоо ч нүднээ тусах ажээ.

Ард түмний дунд “Тэрэгний хүрэн наадамд түрүүлж, тэнхээтэй Хадбаатар улсад төрүүллээ” гэж шуугиулсан радио найруулгийн эзэн сэтгүүлч энэ буурал маань тэрэгний морийг түрүүлнэ гэж шинжээд “Хэзээ байхад тэрэгний морийг наадамд уяж байсан юм“ гэж эзэнд нь загнуулж, улмаар уяуулж улсын баяр наадамд түрүү морины жолоог өргүүлж явсан нь саяхан мэт.

С.Дуйнхор хэмээх энэ эрхэм хүний ном зохиолд хүн зоны амьдрал, дайны хүнд өдрүүд, уран бүтээлийнх нь харгуй дурайна. Тэрбээр 1951 оноос эхлэн хэвлэл сонины идэвхтэн бичигч болж “Сум даагаагүй дайчин”, ”Эх оронч хүү”, ”Буурлын туулсан зам”, ”Дуутай бурхан”, “Жирийн ажилчнаас мастер болсон зам”, “Шавийн сайн багшийнх” зэрэг олон арван найруулал, нийтлэл, сурвалжлага, тэмдэглэл бичжээ.

“Тайлаагүй шинель” тууждаа БНМАУ-ын баатар Дүүдэйн амьдрал эх оронч тэмцлийг харуулсан бол бусад нийтлэл, тэмдэглэл найруулалдаа эх орны бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан олон талын авьяас эрдэмтэй ажилчин, малчин, сэхээтэн хүмүүсийн дүр төрхийг харуулж байсан нь одоо ч өвгөн бичээчийн олон жил хадгалж ирсэн бор хавтасуудад нь дэвхийнэ.

Г.ГАНБОЛД

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж