Монголд өвөл болохгүй

Хуучирсан мэдээ: 2012.08.14-нд нийтлэгдсэн

Монголд өвөл болохгүй

Тийм
болохоор тариа хурааж, хадлан хадаж, өвөлжилтөд бэлтгэх хэрэггүй нь.
Сүүлийн хэдэн жил ийм сайхан зун болоогүйг ч хэлэх үү, дахиж тохиохгүй
мэт л хаа сайгүй налайсан, наадамласан хүмүүс. Наадамла, наадамла, манай
оронд өвөл болохгүй юм чинь. Хурдан морьдоо бүү тавь, зодог шуудгаа
бүснээсээ бүү салга. Хэзээ ч, хаана ч наадамд дуудаж мэднэ. Хэдэн төгрөг
нь хаа юм. Хурдан удмын даага ч бас л олз.  

Намрын уур хэдийнэ
орж хөдөө зарим өглөө хөвөнтэй дээл нөмрөх шахтал сэрүү ороод байхад
бороогоор далимдуулсан малчид хадландаа гарах завдалгүй, найр наадам
эргүүлсээр.

Оройхон гараад ширүүхэн дайрна гэж тооцоолж байж
болох ч өвсний сөлтэйд хадаж хадгалбал малд шим тэжээлтэй агаад өвлийг
өнтэй давахын эх үндэс энэ сэн. Хөдөөгийнхөн ийн хойргошиж байгаагийн
нэг шалтгаан нь өндөрлөх гэж үгүй наадам, тахилга, морины уралдаан,
бөхийн барилдаан. Өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд олон аймаг, сум 
наадамтай байв. Төв аймгийн Эрдэнэ суманд уяачдын наадам болж, дөрвөн
насны морь уралдуулав. Зэргэлдээх сумд, Багануур дүүргийнхэн ч морьдоо
давхиулав. Соёолонгийн уралдаанд Эрдэнэ сумын оршин суугч Мягмардоржийн
хүрэн үрээ түрүүлж, эзэндээ 1,5 сая төгрөг авч өгсөн. Мөн аймгийн
Дэлгэрхаан суманд “Айрагны баяр” болж, гурван насны морь уралдсан.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум байгуулагдсаны 18 жилийн ой болж улс,
аймгийн цолтой 256 бөх барилдав. Өнөө маргаашгүй Сүхбаатар аймгийн
Эрдэнэцагаан суманд “Хатгинын наадам” хэмээх хатгин овогтой төдийгүй энэ
сумын уугуул, суугуул бүхий л иргэдийг даллан дуудах наадам болох гэж
байна. Дорнод аймгийн бүх сум гэхэд наадмаа энэ сарын 5,6-нд хийсэн.
Аймгийн Засаг даргын хэмжээнд ийм шийдвэр гаргасан гэж байгаа. Хүй
долоон худагт “Макс” групп байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан баяр
наадам, хурдан морьдын уралдаан, төвийн бүсийн хурдан морины уралдаан ч
боллоо. Аймаг, сум, компанитай  зэрэгцээд нийслэлийн Багахангай дүүрэг
бас наадам зохион байгуулаад байхыг яана. Наадмын зэрэгцээ уул, овооны
тахилга гэж тоймоо алдсан. Өөр наадмаа хийх гэж байгаа сум, дүүрэг,
төрийн байгууллага байвал яарах хэрэггүй. Ажилтнуудаа цуглахаар
байгууллагаа хэд хоногоор ч хамаагүй хааж байгаад наадам зохион байгуулж
болно. Монголд өвөл болох биш, бэлтгээд яах юм.   

Тийм ээ,
Засгийн газраас гаргасан наймдугаар сарын 1-нээс хойш Монгол даяар ямар
нэг наадам зохион байгуулахгүй гэдэг журам аймаг, сум, дүүргийн Засаг
дарга нарт хамаарахаа байсан. Дээд газрын тушаал, шийдвэр, журам гэж ер
нь юу юм. Тариа ногоо, хадлан тэжээл, дулаан, цахилгаанд санаа тавих
шаардлага байхгүй. Тэртэй тэргүй Монголд өвөл болохгүй юм чинь.

Р.ОЮУНАА

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж