Хятад газрын ховор элементээ “авдар”-таа хадгална

Хуучирсан мэдээ: 2012.08.14-нд нийтлэгдсэн

Хятад газрын ховор элементээ “авдар”-таа хадгална

Газрын ховор элементийн нийлүүлэлтийн 90 гаруй хувийг дангаараа хангадаг Хятад улс уг түүхий эдийн үйлдвэрлэлийг огцом бууруулахаар шийдвэрлэснээ өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ. Сэргээгдэх эрчим хүчний технологи, компьютер электроник эд анги, автомашин, стратегийн зэр зэвсгийн үйлдвэрлэлд ашиглагддаг уг түүхий эдийн хэрэглэгчдэд энэ нь тун таагүй мэдээ юм. Учир нь энэ мэдэгдэл Хятадын газрын ховор элементийн экспорт үлэмж хэмжээгээр буурахыг анхааруулсан хэрэг болж байна. Тус улс 2010 оны хоёрдугаар хагаст газрын ховор элементийн экспортоо 40 хувиар бууруулахаар болсноо зарласан юм.

Харин одоо үйлдвэрлэлийн хэмжээгээ багагүй хувь буюу 20 хувиар танахаар тогтжээ. Хэдийгээр энэ жил гол хэрэглэгчид болох Япон, АНУ, Европын холбоо зэрэг хөгжингүй улс гүрэн Дэлхийн худалдааны байгууллагад хэд хэдэн удаа экспортын квотын асуудлаар гомдол гаргачихаад байгаа ч Хятад эсрэг алхмаар хариу барьсаар байна. Дээрх шийдвэрийн дагуу бол Хятад жилдээ 20 мянган тонн газрын ховор элемент үйлдвэрлэх юм.

Хятад улс  өнгөрсөн онд 30 гаруй мянган тоннын экспортын квот тогтоож байсан нь 2009 оныхоос даруй 20 мянган тонноор бага хэмжээ юм. Харин одоо нийт үйлдвэрлэлийн хэмжээ ердөө 20 мянган тоннд хүрвэл экспорт бараг зогсч болзошгүй нөхцөл байдал үүсч мэднэ. Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны мэдээлж буйгаар, тус улс газрын ховор элементийн 23 ордын гуравны хоёрыг, мөн 99 боловсруулах үйлдвэрийн тал хувийг хаахаар шийдвэрлэжээ. Үүнээс гадна газрын ховор элемент олборлолт, үйлдвэрлэлийн чиглэлийн томоохон компаниудыг нэгтгэх ажлыг ч эхлүүлжээ.

Өнгөрсөн жилийн байдлаар Хятадын газрын ховор элементийн нийт үйлдвэрлэл 93 мянган тонн байжээ. Гэхдээ үйлдвэрлэлийн хэмжээг 20 мянган тоннд хүргэх шийдвэр яг хэзээнээс хэрэгжиж эхлэх талаар тодорхой мэдээлэл үгүй байна.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж