Хуралд шүүгчээр И.Ганбат, улсын яллагчаар Ц.Хашбаатар нар оролцов. Мөн хурал эхлэхэд шүүх бүрэлдэхүүн УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг Эрүүгийн хуулийн 230.1-т заасан үндэслэлээр буруутгаж байгааг танилцуулсан юм. 230.1-д Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад эсэргүүцсэн буюу хүч хэрэглэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наяас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.
Хэргийг сануулахад, З.Баянсэлэнгэ нар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын туслах Б.Тулгыг УМБГ-аас баривчлах үеэр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдсан шалтгаанаар эрүүгийн хэрэгт холбогдсон юм.