“Динозаврын паркийг говьд байгуулбал бүр сайн”

Хуучирсан мэдээ: 2012.08.14-нд нийтлэгдсэн

“Динозаврын паркийг говьд байгуулбал бүр сайн”

Д.Жаргалсайхан de Facto нэвтрүүлэгтээ Монголын динозавр судлалын хүрээлэнгийн захирал М.Болорцэцэгийг урьж ярилцлаа.


-Та яаж Тиранозаврын талаар мэдсэн юм. Ер нь яагаад ийм явдал болсон юм бэ?

-“Тиранозавр
батаар” гээд махчин динозавр тавдугаар сарын 20-нд Нью-Йорк хотын
Хэритэйж аукшн дуудлага худалдааны компанид зарагдах гэж байгаа тухай
хэвлэл мэдээллээр зар­ласан юм билээ. Тэгээд би Нью-Йорк хотоор аялж
яваад буцаж ирсэн үед телевиз үзэж байгаад орон нутгийн мэдээгээр
сонссон. Нэт ороод нэрийг нь хартал “тиранозавр батаар” гэсэн нэртэй
байсан. Батаар бол зөвхөн Монголоос олддог махчин динозаврын зүйл байгаа
юм.

-Батаар гэдэг нь ангилал юм уу?

-Батаар гэдэг
нь зүйлийн нэр. Хараад энэ манай Монголынх байж болох юм байна гэж
бодсон. Зурагнаас нь үзэхэд ясны өнгө нь цайвар байв. Тиранозавр гэдэг
төрөл нь Америкаас олддог, ясных нь өнгө хар бараандуу. Ясны өнгө нь өөр
байдаг нь агуулж буй чулууны химийн найрлагаас болж байгаа юм л даа.
Манай Монголынх цайвар өнгөтэй байдаг болохоор гол шинж тэмдэг нь
болсон. Мэдэнгүүтээ Ерөнхийлөгчийн зөвлөх Оюунгэрэл гэдэг эгч рүү и-мэйл
явуулсан, тэр оройдоо. Монголынх байж болохоор динозавр зарагдах гэж
байна, үүнийг зогсоох боломж байна уу гэж хэлсэн. Оюунгэрэл зөвлөх
Ерөнхийлөгч рүү дамжуулаад. Түүнээс хойш маш яаралтай арга хэмжээнүүд
авсан. Нэлээд олон хүн оролцож байж амжилтанд хүрсэн л дээ.

-Аль
нэг улсын хөрөнгө гэдгийг батлах юм бол түүнийг тэр улс нь манайх гээд,
өөрөөр хэлбэл алдчихсан байвал, хулгайн шинж чанартай бол дуудлага
худалдаагаар зарж болдоггүй юм уу?

-Тийм. Ер нь бол дуудлага
худалдааны компани хууль бус зүйл зарж болохгүй л дээ. Заруулж байгаа
хүн нь гарал үүслийн талаарх мэдээллийг дуудлага худалдаанд өгсөн
байсан. Гарал үүслийг нь Англи гэж тавьсан байсан, Америкийн гаалиар
орохдоо. Бид нарын тэр дуудлага худалдааны компанид тавьсан шаардлага
бол “Гарал үүслийн талаарх мэдээллийг бидэнд өгтөл дуудлага худалдааг
хойшлуулна уу” гэсэн хүсэлт байсан. Дуудлага худалдааны компани
хүсэлтийг тэр даруй хүлээж аваагүй. Тэгээд дуудлага худалдаагаар тухайн
сарын 20-нд үнэ хаялцуулсан. Тэр хооронд Ерөнхийлөгчийн Техас мужид
байдаг алба хуулийн компани руу холбогдоод тэндээсээ хуульчийг Нью-Йорк
хотод авчирсан. Тэр хуульчтай хамт би дуудлага худалдаа болсон өдөр
очсон л доо. Тэр үед хуульч шүүхийн шийдвэрийг гаргуулчихсан байсан.
Шийдвэр нь юу байсан бэ гэхээр “Гарал үүслийн талаар мэдээлэл гартал 10
хоногоор дуудлага худалдааг хойшлуулах” шийдвэр байлаа. Дуудлагын
компани хууль зөрчиж үнэ хаялцуулсан.

-Тэр үнэ хаялцуулах наймаанд та ороогүй юу?

-Үгүй,
ороогүй. Оруулаагүй л дээ. Харин хуульч бол орж чадсан, яг дуудлага
худалдааны үед хуульч тэнд байгаад шүүхийн шийдвэрийг компанийн
удирдлагуудад танилцуулсан. Хэдий тэгсэн болов ч тэр үед тэд тоогоогүй.
Манай хуульчийг дуудлага худалдааны танхимаас гаргасан. Дараа нь бол
буруу зүйл хийсэн дээ гэмшээд, хамтарч гарал үүслийг нь тодорхойлох
асуудал дээр ажиллахаар болсон.

-Ямар үнэд хүрсэн бэ?

-Зарагдах
үнэ нь 875’000 доллар. Авахад бэлэн байсан ч шүүхийн шийдвэрийг хүлээж
байсан. Энэ үнэн дээрээ дуудлага худалдааны компанийн зардлууд нэмэгдээд
1’025’000 доллараар зарах үнэлгээ тогтоосон. Энэ хугацаанд хамгийн гол
хийгдсэн зүйл бол Ерөнхийлөгчийн алба яаралтай арга хэмжээ авсан. Олон
улсын мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлсэн. Түүний хүчинд 18-ны өглөө гэхэд
Америкийн хоёр сонин, сэтгүүл аль хэдийнэ мэдээлэл гаргасан байсан.
Хэвлэл мэдээллийн шугам их тус болсон.

-Ер нь бол ийм зүйлийг хувь хүн авдаг юм уу, музей авдаг юм уу. Аль хэр хэмжээний яс гэлээ?

-Уртын хувьд бол найман метр, өндөр нь хоёр метр гаруй.

-Худалдаж авч байгаа хүмүүс нь хувь хүн байх уу?

-Тийм. Дуудлага худалдаагаар голдуу хувь хүмүүс авдаг. Хувийн цуглуулгадаа гэртээ тавьдаг.

-Тийм айл олон уу. Тийм том амьтан авч тавьдаг?

-Сураг
сонсоход мөнгөтэй хүмүүс аваад тавьёан байдаг юм билээ. Би очиж үзээгүй
л дээ. Гэхдээ 1997 онд тиранозавр рекс, сүй гэдэг нэртэй динозавр бараг
долоон сая доллараар зарагдсан, дуудлага худалдаагаар том нэртэй
компани аваад музейд өгсөн байсан. Тиймэрхүү юм өмнө нь болсон байгаа
юм.

-Та хэдэн жил Америкт амьдарч байгаа билээ?

-1997 оноос хойш.

-15,
16 жил юм байна. Энэ хугацаандаа та Америкийн алдартай Нью-Йоркийн
Байгалийн музейд ажиллаж, бас их сургуульд докторын зэрэг хамгаалсан,
мастерийн ч зэрэгтэй. Дандаа палеонтологийн чиглэлээр. Энэ шинжлэх ухаан
яагаад тийм чухал вэ. Манай үзэгчдэд, ялангуяа хүүхэд залуучуудад
тайлбарлахгүй юу?

-Палеонтологийн шинжлэх ухаан гэж юу вэ
гэхээр эртний амьдралыг судалдаг. Бид нар яаж эртний амьдралыг мэддэг вэ
гэхээр олдож байгаа олдворуудаараа мэддэг. Динозавр олдож байна, хөхтөн
амьтад гээд мөлхөгчид, олон амьтад олдож байна. Тэр амьтдын үлдэгдлээр
эрт дээр үед хэдэн сая жилийн өмнө амьдрал байсан гэдгийг мэдэж байгаа
юм. Түүхийг судалдаг, түүхийн шинжлэх ухаан. Түүхэн талаасаа гэхдээ
палелнтологийн шинжлэх ухаан бол геологийн, биологийн, зоологийн шинжлэх
ухаануудтай хавсарч явдаг. Гэхдээ суурь шинжлэх ухаанууд орж ирдэг.
Яагаад палеонтологийн шинж­лэх ухаан чухал вэ гэхээр нэг­дүгээрт олон
нийтэд хандаж палеонтологиор ялангуяа динозавраар танин мэдүүлдэг. Одоо
дөрөв, таван настай хүүхэд хүртэл мэдэж байна динозаврыг. Гэхдээ
сонирхсон хүүхэд болгон палеонтологич болох албагүй. Харин тэдэнд логик
сэтгэлгээ суулгаж байдаг. "



-Та энэ шинжлэх ухааныг ямар маягаар сонирхсон бэ?

-Миний
палеонтологич болсон шалтгаан маш сонин. Аав маань палеонтологич.
Монголд тэр болгон энэ шинжлэх ухааны талаар мэдээд байдаггүй л дээ.
Ховор мэргэжил. Манай аав ЗХУ-д сурсан анхны мэргэжилтнүүдийн нэг нь.
Эртний шүр судалдаг, манай аав. Москвагийн их сургууль төгссөн. 1968 онд
ирээд их сургуульд багшилж эхэлсэн. Одоо ч гэсэн багшилж байгаа,
ШУТИС-ийн Геологийн сургуульд.

-Та ингээд судлаад, ажиллаад,
хөдөөгүүр яваад л. Монголын том том динозаврыг судалж, олон жил боллоо.
Аавтайгаа хамтарч ажилласан байна, хамтарсан зохиол бичсэн байна билээ.
Энэ явцдаа ямар томоохон амжилт гаргасан бэ?

-Палеонтологийн
экс­педицийн хувьд аавтай хамт оюутан байхдаа шүр судалж магистр
хамгаалж байсан. Аав миний ажлыг удирдаж байсан. Тэр болгон удирдуулах
хүн ховор учраас. Тэгээд 1996 оноос Монголын Шинжлэх Ухааны Академи,
Америкийн байгаль түүхийн музейн хамтарсан Америкийн экпедицид явж
эхэлсэн. Тэр шугамаар зургаан жил ажиллаад, Нью-Йоркт зэрэг хамгаалсан.
Миний судалгааны гол чиглэл бол яг динозавртай нэг цаг үед амьдарч
байсан хөхтөн амьтныг судалдаг. 80 сая жилийн настай, мөхсөн хөхтөн
амьтад. Манайх зөвхөн динозаврын олдвор гэхгүй, хөхтөн амьтны хувьд маш
сонирхолтой олдворууд олддог. Бүтэн араг яс их олддог. Энэ нь шинжлэх
ухааны хувьд маш их ач холбогдолтой. Яагаад гэвэл мэдээлэл илүү авах
боломжтой.

Миний судалж байсан хөхтөн амьтан шүд олонтой,
төвгөрүүдтэй, тэгсэн мөртлөө үүдэн шүд нь мэрэгч шиг урагшаа гараад
ирсэн байдалтай. Жижигхэн, хулгана зурмын хэмжээтэй. Ер нь тэр үеийн
динозавртай хамт амьдарч байсан хөхтөн амьтад биеийн хэмжээгээр маш
жижиг байсан л даа. Хамгийн том нь гэхэд нохойн хэмжээтэй, 125 сая
жилийн тэртээ амьдарч байсан хөхтөн байгаа юм. Тэр хөхтөн их сонирхолтой
л доо, манай Монголоос олддог. Бас Хятадаас олддог. Хятадаас олдож
байсан олдворын хувьд гэвэл гэдсэнд нь жижигхэн динозаврын зулзаганы яс
байсан байгаа юм. Тэгэхээр тэр үеийн хөхтөн амьтад жижигхэн
зулзагануудыг иддэг байсан.

-Динозавр өөрөө өндөглөдөг гэдгийг Монголд тодорхойлсон гээд байгаа биз?

-Тийм,
динозавр өөрөө өндөглөдөг гэдгийг 1923онд Эндрюс Америкийн байгаль
түүхийн музейгээс ирж байсан төв Азийн гуравдугаар экспедиц Монголд Баян
заг гэх газарт динозаврын үүрийг анх удаа олсон. Тэр олдворыг олсноор
дэлхий даяар динозавр өндөг дардаг юм байна гэдгийг мэдсэн. Баян заг бол
дэлхийд алдартай газар.

-Тэр үед тэндээс динозаврын өндгийг аваад явсан юм уу, тэд нар?

-Тэндээс олдворуудыг аваад явсан. Тэр экспедиц 1922, 1923, 1925 онд ажиллаж байсан.

-Анх удаа машинаар Монголын говьд орж ирсэн том экспедиц. Тэр олдворууд нь одоо Нью-Йорк, Вашингтонд хаана байдаг юм?

-Одоо тэр олдворууд бүгд Нью-йоркт Байгалийн түүхийн музейд байгаа.

-Та тэр олдвор дээр ажиллаж, харж байв уу?

-Харж байсан. Зарим нэг олдвороо үзэсгэлэнгийнхээ тан­химд тавьсан. Ихэнхийг нь ардаа цуглуулгын сандаа байлгадаг.

-Тэнд нь та орж ажиллаж байсан уу?

-Орж судалж байсан.

-Энэ
олон зуун сая жилийн өмнө амьдарч байсан амьтныг, нэг нь 100 сая жилийн
өмнө нөгөө нь 300 сая жилийн өмнө амьдарч байсан гэдгийг яаж нарийвчлан
тогтоож чаддаг вэ гэдгийг та манай үзэгчдэд тайлбарлаж өгөхгүй юу?

-Яаж
мэддэг вэ гэхээр тэрийг агуулж байгаа хурцсаар нь тодорхойлдог. Насыг
хоёр янзаар тодорхойлдог. Абсолют, нөгөө нь харьцуулах байдлаар
үнэмлэхүй насыг тогтоодог. Мезозойн нас нь болохоор дотроо гурван галав
байдаг. Триас, Юрийн, Цэрдийн галав. Энэ гурван галав бол динозавруудын
хувьд чухал. Насны хувьд үнэмлэхүйн насаар агуулж байгаа хурцсууд
давхралдаж байдаг. Хамгийн дээр байгаа нь доор байгаагаасаа илүү залуу.
Абсолютын хувьд цацраг идэвхт …изотоп байдаг нь бол тодорхой хугацаанд
байнга цацрагаа алдаж байдаг. Алдаад өөр төрлийн химийн элемент болдог.
Бид анхдагчийг нь эцэг, өөрчлөгдөж байгааг нь охин гэж нэрлэдэг. Тэр
хоёрын алдагдсан тооны харьцаагаар л олдог.

-Тодорхой нэг
минерологийн найрлагад бай­гаа химийн бодисын радиац, түүнийг ойлгох
чадвараар нь дүгнээд харь­цуулаад гаргасан геологийн шинжлэх ухаан
байдаг. Түүнтэй нь харьцуулж байгаад хурцсаар нь тогтоочихдог. Та нөгөө
алдартай “Юрийн галавын цэцэрлэг” киног хийсэн эрдэмтэн Жак Хонертой
танилцсан гэж байсан. Цуг ажиллаж байсан уу?

-Тэр хүн хамтран
судлаач, бүтээл хамт хэвлүүлж байсан. Яг тэр “Юрийн галавын цэцэрлэг”
киноны гол дүрийн эрдэмтний амьд дүр нь. Шинжлэх ухаан талаасаа
динозавруудын тухайд Стивен Спилбергт зөвлөгөө өгж байсан.

-Тэр алдартай хүн Монголд ирээд байдаг юм аа даа?

-Манай
хүрээлэнгийн журмаар хэд хэдэн удаа Монголд ирж байсан. Хамгийн гол нь
бид Жак Хонерийн ажилладаг Байгалийн түүхийн музейтэй хамтарч төсөл
хэрэгжүүлж байгаа. Хамтарсан төслийн хувьд зөвхөн судалгаа биш, сургалт
явагдаж байгаа. Палеонтологийн дараа үеэ бэлтгэх, ялангуяа Монголоос
Америкийн Монтана мужийн сургууль руу залуусыг авч явж сургахыг зорьдог.
Одоогоор хоёр оюутан аваачсан. Нэг нь ирсэн, нөгөө оюутан. Тэндээ
докторын зэрэг хамгаалах гэж байна. Илүү олон хүүхэд сургах бодолтой
байна.

-Та Монголын хүүхдүүдийн танин мэдэхүйд зориулж
динозаврын чиглэлээр байгалийн түүхийн музей байгуулах төсөл хэрэгжүүлэх
гэж байгаа юм билээ. Энэ талаар ярьж өгөөч.

-Төслийн хувьд
2008 онд Монтана мужийн Их сургуулийн Архитектурын сургуультай хамтран
хэрэгжүүлж эхэлсэн. Архитектурын сургууль Монгол дахь музейн санааг
дэмжээд төгсөх ангийн оюутнууд, профессорууд нар хамтраад музейн анхдагч
дизайныг гаргасан. Монголдоо байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ
Засгийн газрын дэмжлэг хэрэгтэй байна. Наад зах нь газрын асуудал гарна.
Хаана барих вэ гээд олон асуудал байна. Говьдоо баривал бүр сайн,
олдворт газруудын ойролцоо.

-Өмнөговьд зөвхөн тэр олдвор биш, музей ч байвал гоё юм байна…

-Тэгээд
өгвөл бүр сайн. Бүх хүүхэд, хүмүүс үзэж болохоор. Палеонтологийн хувьд
эдийн засгийн ямар ач холбогдол байна вэ гэхээр Монголд олон тооны
жуулчид ирнэ. Жуулчдын хувьд Монголын динозаврын талаарх мэдлэг сайн
байгаа юм л даа. Жуулчдаас яагаад Монголд ирсэн юм бэ гэж асуувал эхний
гуравт нь динозаврын орон үзэх гэж хариулна гэж бодож байна.

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж