“Шагнал гэдэг нь энгэр цоолж медаль зүүх биш”

Хуучирсан мэдээ: 2012.08.14-нд нийтлэгдсэн

“Шагнал гэдэг нь энгэр цоолж медаль зүүх биш”

Монголын уран зургийг дэлхий дахинд таниулж буй залуу зураач бол Э.Отгонбаяр юм. Тэрбээр ХБНГУ-д амьдран, уран бүтээлээ туурвидаг төдийгүй Берлин хотод өөрийн “Зураг” хэмээх уран зургийн галлерейг ажиллуулдаг ажээ. Анх удаа Монголдоо “ОТГО” арт хэмээх уран бүтээлийн үзэсгэлэнг “Цагаан дариум” арт галлерейд  нээгээд байгаа түүнтэй уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.


-Та “ОТГО” арт үзэсгэлэнгийнхээ талаар сонирхуулахгүй юу?

-Үзэсгэлэн маань Зайсангийн хажууд байдаг “Цагаан дариум” арт галлерейд дэлгэгдлээ. Нийтдээ 20 гаруй бүтээл тавигдсан байгаа.

-“Хүн” гэдэг бүтээл тань их сонирхол татсан. Та энэ санаагаа яаж олсон бэ?

-Нэрэнд нь гол учир бий. Бидний  амьдарч байгаа нийгэмд хүн болгон бүх­нийг чадах мэт өөрсдийгөө бодож байдаг. Үнэн хэрэгтээ  байгалийг хэзээ ч захирч чадахгүй. Хүний хийсэн үйлдлээс болж байгаль дэлхий сүйрч, тогтвортой байдал алдагдаж, гамшиг, галт түймэр, цөлжилт явагдаж байна. Энэ болгоны хариуцлагыг хүн хүлээнэ. Ийм утгаар бүтээлээ “хүн” гэж нэрлэсэн юм. Бүтээлд 11 мянган хүнийг  “Бичил хүн”-ээр сэтгэж зурсан. Санаа нь хүн болгон адилгүй, өөр өөр ааш араншин, өнгө төрхтэй байдгийг харуулсан. Тиймдээ ч 11 мянган хүний ааш араншин, өнгө төрхийг гаргах гэж их хичээсэн. Зургийг хүмүүс харахдаа олон өнгөний зохицол мэт ойлгоно. Ойртоод харах тусмаа олон төрлийн байрлалтай хүн гэдгийг мэднэ. Голоор нь амьтад зурсан байгаа биз. 

-“Хүн” бүтээлээ хэр удаан зурсан бэ?

-“Хүн” зураг маань хоёр жилийн дотор бүтсэн. Анх зурж эхлэх үедээ тооцоолоход таван жил зурна гэж бодож байсан. Гэтэл зурж эхэлсэн даруйд зураг маань яг л соронз шиг татаад би өөрөө ч гэр бүлээ золиосолж уйгагүй зурсан. Золиосолсон гэдэг нь хоёр нялх хүүхэдтэй байсан болохоор аавын ажил маш их байдаг учраас түүнийгээ эхнэртээ даатган зургандаа хамаг анхаарлаа хандуулсан. Үүнд бол ганц талархах зүйл маань ерөөсөө эхнэр маань.

-Хэзээнээс уран зураг сонирхох болов?

-Яг хэзээ гэдгээ мэдэхгүй. Анх харандаа дэвтэр барьж сурсан үеэс байх. Харин мэргэжлийн тал руугаа зорилго болгож орсон нь 15 настайдаа зургийн дугуйланд явж, багштай болоод илүү мэргэжлийн түвшин рүү хичээж, сонирхох болсон доо.

-Герман улсад нээсэн “Зураг” галлерейнхаа талаар ярихгүй юу. Монголчууд хэр их сонирхож очив. Гадаадын иргэд яаж хүлээж авав?

-“Зураг” галлерейг монгол хүн нээсэн боловч, дэлхийн урлагийн галлерей гэж хэлж болно. Хүмүүс буруу ойлгоод байдаг юм. Монгол хүн галлерей нээсэн болохоор монгол галлерей л гэж ойлгодог. Ерөнхийдөө миний гол зорилго жилд арван үзэсгэлэн нээлээ гэхэд хоёрыг нь монгол зургийн үзэсгэлэн болгож байя гэж бодсон. Нөгөө найман үзэсгэлэн нь янз бүрийн үндэстний үзэсгэлэн байж болно. Хэдийгээр нээгдээд  хоёр жил болж байгаа ч гэсэн 20 орчим үзэсгэлэн, 50 орчим урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулагдсан.

-Бие даасан үзэсгэлэнгээ хэдэн удаа дэлгэж байсан бэ. Олон орны үзэсгэлэнд оролцож байсан юм билээ?

-Энэ удаагийн “ОТГО” арт үзэсгэлэн нь бие даасан 28 дахь нь. Гадны орны үзэсгэлэнд 60-70 удаа оролцсон. Монголдоо анх удаагийнх нь.

-Та Германд, урлагийн их сургуульд урлагийн менежментийн чиглэлээр суралцаж байсан юм билээ. Энэ талаараа сонирхуулах­гүй юу?

-Сургуулиа 2010 онд төгсөөд тэр эрчээрээ галлерейгаа байгуулж байсан. Урлагийн менежментийг урлаг судлахгүйгээр ойлгох аргагүй. Угаасаа урлаг судлал бол урлагийн менежментийн дор хаяж 60 хувийг авч явдаг. Миний мастерийн ажлын сэдэв маань урлаг судлал байсан. Миний сурсан чиглэл их сонирхолтой. Ерөнхийдөө яаж үзэсгэлэн зохион байгуулах вэ. Тэр дундаа ганцаарчилсан, хамтарсан гэх мэтчилэн арга техник, онолын талаас нь гурван жил судалсан.

-Урлагийн  менежмен­тийн чиглэлээр суралцаж байсан. Тэгэхээр монголд сүүлийн жилүүдэд маш олон үзэсгэлэн үүдээ нээдэг боллоо. Мөн залуу уран бүтээлчид ихээр бий болсон. Энэ тал дээр та мэргэжлийн үүднээс юу гэж бодож байна вэ?

-Монголд олон галлерей бий болсон байна лээ. Монгол, европын галлерей бүтэц зохион байгуулалтын хувьд өөр. Монголд бүтээлээ дэлгэхийн тулд уран бүтээлч бүх юмаа өөрөө хийдэг. Зургаа байршуулах, мэдээлэл түгээх, урилга хийх зэргээс эхлээд бүх зүйлийг бие даан хариуцна. Германд үзэсгэлэн гаргах эрх авсан л бол монголчуудын хэлдэгээр “од” гэсэн үг. Тэр хүн юу ч хийхгүй зөвхөн зургаа л зурна. Бусдыг нь хариуцан ажиллах хүмүүс бий. Үзэсгэлэнгийнхээ нээлтэд 15 минут хоцорч ирэхэд зочид хүлээж байдаг. Нээлтэд ч бараг үг хэлдэггүй. Урлаг судлаачид ирж үг хэлнэ, тэгээд л болоо. Хэрэв зураач үг хэлэх юм бол талархлын үг хэлээд л болдог.

-Тэгвэл гадаад орны урлагийн менежмент, монгол хоёрын хооронд их зааг ялгаа байдаг уу?

-Монгол хөгжиж байна. Хамгийн гол бүтцийнх нь ганц өөрчлөлт болохоор Монголд үзэсгэлэн гаргахын тулд төлбөр төлөх шаардлагатай болдог юм байна. Герман гэхэд л галлерейны эзэн  бүх зардлыг нь хариуцдаг. Мөн эрсдэлийг өөрсдөө үүрч, бүтээл нь зарагдсан тохиолдолд түүнийг авч гэрээний дагуу хэн хэндээ олгодог. Иймэрхүү асуудлаас болж зааг гарч байна. Уран бүтээлч санхүүгийн асуудалд оролцдоггүй. Зөвхөн зураг л зурах үүрэгтэй.  Харин манайд зурахаас гадна бүх менежментээ өөрөө хийдэг. Энэ нь бүтээл туурвих цаг хугацаанаас хумсалдаг.

 -Ойрын зорилго тань юу вэ?

-Европын холбоотой сүлжээ харилцаа сайн тогтооё гэж бодож байгаа. Ирээдүйн зорилго бол Америк тив, Австрали тивтэй холболт хийх төлөвлөгөөтэй байна. Азиас ирсэн хүн чинь ганцхан европ гээд баймааргүй байна. Нилээн том сүлжээтэй болно.

-Та “Монголын нууц товчоо”-г зурагжуулсан гэсэн тэр талаараа ярихгүй юу?

-Тийм ээ. Түүнийг анх 1998 оноос хойш нухаж байгаа. Тайлбарлахдаа комик ном гэж хэлдэг. “Монголын нууц товчоон”-д орсон нэг өгүүлбэр бүрийг зурагжуулж байгаа. Зарим нэг өгүүлбэр хоёр зураг болох тохиолдол ч байна. Одоогоор 3000 мянган зураг болсон. Ерөнхийдөө бараг бэлэн болж байгаа. Янзлах, засвар хийх ажил их гарч байгаа. Одоо бараг арван хэдэн жил ажиллаж байна даа. Нэгэнтээ л удаан оролдсон юм чинь ул суурьтайхан шиг юм хийе гэж бодоод байлгаад байгаа.

-Та ямар нэг сэдэвт баригддаг уу?

-Миний нэг азтай тал ч юм уу, одоо юу зурах вэ гэж хэзээ ч бодож үзээгүй. Тийм түүх ч байхгүй. Нэг зураг зурж байхад дараагийн зурагны санаа ороод ирчихдэг. Одоо гэхэд л германд 25 гаруй зураг эхлүүлсэн байгаа. Жаахан туйлбаргүй байж магадгүй л дээ. Яг шинэ санаа төрсөн даруйдаа эхлэхгүй бол мартагдана. Найрагчид онгод орно гэдэг шүү дээ тэрэн шиг л бас онгод ордог. /инээв/

-Та олон шагнал авч байв уу?

– Шагнал гэдэг маань манайхан шиг энгэр цоолон медаль зүүх гэсэн утга биш. Барууны оронд бол хийж буй үйлдэл, хэлж буй үг нь л надад шагнал болдог. Миний үзэсгэлэнг үзэх гэж хоёр өдөр галт тэргэнд сууж ирж байгаа герман иргэнийг хараад маш их урам орсон. Энэ хүн өөр юу ч биш зөвхөн миний үзэсгэлэнг үзэх гэж ирж байгаад нь баярласан. Мөн гарын үсэг авах гэж зорьж ирдэг хүмүүс ч бий. Мөн германд сургууль төгссөн манай ангийн гурван оюутан миний гарын үсгийг ирж авч байсан. Бас нэг сонирхолтой юм нь Монгол Улсын Ерөн­хийлөгч, Германы шинэ ерөнхийлөг­чийн айлч­лалаар очиход хамгийн том хүлээн авалт хийсний дараа намайг хэвлэлээр, урлаг, улс төрийн 130 том одын нэг гэж бичсэн байсан.  Энэ мэтчилэн биет бус зүйлээс их шагнал авдаг.

Ч.СУВДАА

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж