Н.Алтанхуяг: Яамдыг 16 болгож, агентлагийг цөөлнө

Хуучирсан мэдээ: 2012.08.14-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг: Яамдыг 16 болгож, агентлагийг цөөлнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөө өглөө УИХ-ын даргад Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг өргөн барилаа. Үүний дараа тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэлдээ “Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчтэй Засгийн газрын бүтцийн асуудлаар ярилцсан. Өнөө өглөө УИХ-ын даргад УИХ-ын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг өргөн барилаа. Бүтцийн тухай хууль гэдэг нь хэчнээн яам, хэдэн сайдтай байх тухай хууль юм. Бүрэлдэхүүн гэдэг нь юу юуны сайд байх юм бэ гэдгийг тодорхойлж байгаа. Энэ хууль батлагдсаны дараа сайд нарынхаа нэрийг оруулна. Өмнөх Засгийн газар 15 сайдтай байсан бол энэ удаа 19 сайдтай ажиллахаар болж байна. Яамныхаа тоогоор бол хуучин 11 яамтай байсан. Одоо 16 яамтай болох гэж байна.

Яамны тоо яагаад нэмэгдэв гэсэн асуулт гарч байгаа. Таван яам нэмэгдэж байгаагийн учир гэвэл нэгд, улс орны хөгжлийг тодорхойлдог Хөгжил шинэтгэлийн хороо гэж байдаг. Агентлаг учраас яамтай харилцаж асуудал зангидахад хэцүү. Үүний төсвийг нэмэгдүүлж, статусыг ээшлүүлэх үүднээс яам болгох нь зүйтэй гэж үзсэн. Ингээд үүнийг Эдийн засаг, хөгжлийн яам болгож байгаа. Эрдэс баялаг, эрчим хүчний  салбарыг салгаж байна. Эрдэс баялаг, эрчим хүчний яамыг салгана. Ингэвэл эрчим хүчний салбар ч гайгүй хөгжина. Хариуцлага хүлээхэд ч ойлгомжтой болно. Хоёр гурван салбарын дунд нэг сайдтай, аль ч салбар нь олигтой хөгжсөн юмгүй, хариуцлага хүлээхгүй  явж ирлээ.

Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамыг мөн хоёр салгаж байна. Монгол Улсын хэмжээний замыг байг гэхэд Улаанбаатарын замыг харъя л даа. Хоёр том салбарыг нэгтгэснээрээ хоёуланг унагах байдалд хүргэж байна. Хотын төлөвлөлт ч алга байна. Аймгуудын төвийг хот шиг болговол нийслэл рүү нүүх нүүдэл ч саарна. Аймгийн төвдүүийг хот болгохын тулд хот төлөвлөлт хийнэ. Замын хувьд энэ зуны бороонд Улаанбаатарын зам 0 дүн авсан. Бүх зам угаагдаад алга болдог, энхэл донхол гардаг. Тэгэхээр ажлаа бодож, зам тээвэр, хот байгуулалтыг салгана. Соёл, боловсрол, шинжлэх ухааны яам гэж байна. Сая санай тамирчдын олимпиос авсан медалийн тоог хүн амын тоотой харьцуулахад Монгол Улс дэлхийд долдугаарт явж байна. Тэгэхээр спортын асуудлыг тусад нь яамны хэмжээнд гаргаж, бүр их хөгжүүлэх ёстой. Монголын соёл, урлаг, спортод анхаарах хэрэгтэй болж байна.

Монголын унаган байгал, аялал жуулчлалыг мөн хөгжүүлэх ёстой. Соёл, спорт, аялал жуулчлалыг нийлүүлээд Монголын брэнд яам гаргаж болж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан хамтдаа байхад бас л хөгжихгүй байна. Өнгөрсөн дөрвөн жил дээд боловсролд өөрчлөлт хийж часангүй. Соёлыг боловсролтой хавсаргаж болохгүй.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамыг салгах шаардлагатай. АН-ын мөрийн хөтөлбөрийн дийлэнх нь иргэдээ ажилтай, орлоготой болгоход чиглэсэн. Тэгэхээр Хөдөлмөрийн яамыг тусад нь байгуулах шаардлагатай. Хүнээ ажилтай болгох нь хөдөлмөрийн асуудал. Жижиг, дунд үйлдвэрийг үйлдвэрлэлийн асуудал гэж үздэг. Гэтэл энэ бол биш. Энэ бол иргэдээ ажилтай хөдөлмөртэй болгох нь ажлын байрны асуудал. Жижиг, дунд үйлдвэр бол Хөдөлөрийн яамны асуудал. Гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал зэрэг нь нийгмийн асуудал юм.

Одоо 43 агентлаг байгаа. Тэндээс зарим агентлагаа яамдад шилжүүлнэ. Тиймээс агентлагийн тоо бараг 10 гаруйгаар цөөрч байгаа. Бид тоогоор хөөцөлдөөгүй, хийх гэж байгаа ажилдаа зориулж хийх ажлаа чанартай болгохын тулд яамдаа салгаж байгаа. Бүтэц, бүрэлдэхүүний хууль баталсны дараа хэнийг хаана сайд болгох талаар ярина” гэлээ.

Тэрбээр УИХ-ын гишүүд сайд байж болохыг үгүйсгэсэнгүй. Сайд бол тоглоом биш, тухайн салбарыг хариуцсан тул албан тушаал гэхээсээ илүү ажил хийнэ гэж сайд болдгийг хэллээ. Сайд нарт 12-оос доош цаг ажиллахгүй гэсэн шаардлагыг ч тавих юм байна. Яамд дэд сайд нартай ажиллана гэдгээ ч хэллээ.                                 

                                              Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж