-Монголын хөрөнгийн бирж системээ шинэчиллээ. Хуучин болон шинэ систем юугаараа ялгаатай вэ?
-Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн сарын 2-ноос төлбөр тооцооны Миллениум Ай Ти гэдэг цоо шинэ программ нэвтрүүлсэн. Өмнө нь урьдчилсан төлбөрт буюу мөнгөө урьдчилж байршуулаад арилжаанд оролцдог байсан бол одоо олон улсын стандартын Т+3 буюу хэлцэл хийгээд гурав хоногийн дотор төлбөр тооцоогоо хийж дуусдаг системд шилжлээ. Үүний давуу тал нь манай хөрөнгийн зах зээлийг тэлэх, гадны болон дотоодын хөрөнгө оруулагчдыг зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаагаа явуулах илүү таатай нөхцөлийг бүрдүүлж буй юм. Тухайлбал, өмнө нь гадаадын хөрөнгө оруулагч манай зах зээлээс хувьцаа худалдаж авахын тулд мөнгөө Үнэт цаасны төлбөр тооцоо хадгаламжийн төвийн дансанд байршуулдаг байсан. Тэгээд доллараа төгрөг болгоод байршуулж, арилжаанд оролцдог байсан юм. Тэр нь ханшийн эрсдлээс гадна хэд хэдэн сул талтай. Тухайн үед хувьцаа худалдан аваагүй бол мөнгөө буцаан татаж авахад валютын зөрүү гарах жишээтэй. Мөн удаан хугацаагаар тэр мөнгийг хүүгүй байршуулах гэсэн хэд хэдэн сөрөг тал байсан. Тиймээс шинэ системд нэвтэрснээр тодорхой хэмжээний барьцаа, урьдчилгаа хийж хэлцлээ хийчихээд тэгээд гурав хоногийн дотор төлбөр тооцоогоо хийж болох боломжтой болж байгаа юм. Тэгэхээр гадны хөрөнгө оруулагчид манай зах зээлд үйл ажиллагаа явуулахад илүү дөхөм болж буй хэрэг. Энэ нь олон улсын стандартын дагуу мөрдөгддөг төлбөр тооцооны горим л доо.
-Шинэ системд шилжсэнтэй холбоотойгоор брокер дилерийн компаниудад ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Үүнтэй холбогдуулан манай гишүүн байгууллага болох брокер дилерийн компаниудад хэд хэдэн шаардлага тавьж байгаа. Тухайлбал, брокер дилерийн компаниуд хамтын баталгааны сан болох төлбөрийн баталгааны санд эрсдэл бууруулах зорилгоор тодорхой хөрөнгө байршуулна. Мөн байнга байрших барьцаа хөрөнгө шаардана. Монголын хөрөнгийн биржтэй гэрээгээ шинэчлэн байгуулна гэсэн хэд хэдэн шаардлага тавьсан.
-Барьцаа хөрөнгийн болон шимтгэлийн хэмжээ нэмэгдсэн зэргээр брокер дилерийн компаниуд энэ системийг тийм ч таатай хүлээн авахгүй байгаа юм билээ. Өнөөдрийн байдлаар хэчнээн компани арилжаанд оролцох эрхээ авсан бэ?
-Дээрх шаарлагыг хангасан 25 компани арилжаанд оролцож байна. Мөн тэдгээр брокер дилерийн компаниуд дээр харилцагчдын дансны процесс явж байгаа. Тэр нь ч аажмаар хэвийн голдиролдоо орж байна. Харин арилжааны шимтгэлийн хэмжээ огт өөрчлөгдөөгүй. Брокер дилерийн компаниуд төлбөр тооцооны банкаа сонгоод тэдэнтэйгээ гэрээгээ байгуулаад, манай биржтэй гэрээгээ шинэчлэн байгуулах ёстой. Тэгээд барьцаа хөрөнгө болон төлбөрийн баталгааны сандаа хөрөнгөө байршуулах ёстой. Тэднийгээ хангасан компаниуд арилжаанд оролцох эрхээ авч байгаа. Өдөрт нэгээс хоёр компани эрхээ авч арилжаанд нэмэгдэн оролцож байна. Тиймээс арилжаа харьцангуй тогтворжиж байна.
-Тавин хувиас цөөн брокерын компани арилжаанд оролцож байгаа нь хөрөнгийн биржийн арилжааг хэвийн явуулахад нөлөөлөхгүй байна гэж үү?
-Монголын хөрөнгийн биржид суудалтай 78 брокер дилерийн компани байдаг гэдэг боловч үнэн хэрэгтээ арилжаанд идэвхтэй, тогтмол оролцдог нь ердөө 25-30 компани л байсан. Сая шинэ системийг дагаж өөрчлөгдсөн шинэ шаардлагуудыг арилжаанд идэвхтэй оролцдог нөгөөх хэдэн компани хамгийн түрүүнд хангаж, арилжаанд оролцох эрхтэй болоод байна. Тиймээс хөрөнгийн биржийн арилжаа хэвийн явагдах боломж бүрдсэн гэж ойлгож болохоор байгаа юм.
-Өдөрт хэчнээн арилжааны захиалга ирж байна вэ?
-Бараг 300 орчим арилжааны захилга ирж, хэлцлүүд ч нэлээн хийгдэж байгаа. Нарийн тоо яг одоо хэлж чадахгүй байна.
-Монголын хөрөнгийн бирж дэд бүтцээ шинэчилсэнтэй холбоотойгоор яг тодорхой юу юу өөрчлөгдөв?
-Тийм ээ. Үүнийг дэд бүтцийн шинэчлэл гэж хэлж болно. Учир нь энэ нь ганц систем бус маш олон зүйлийг өөрчилсөн томоохон алхам болсон. Тухайлбал, программ хангамж, төлбөр тооцоо, арилжаатай холбоотой олон зүйл шинэчлэгдсэн гэж ойлгож болно.
-Тэгвэл дэд бүтцийн ажил бүрэн дууссан уу?
-Олон улсын Лондонгийн хөрөнгийн биржид ашигладаг Миллениум Ай Ти гэдэг арилжааны төлбөр тооцооны системээ суурилуулчихлаа. Тэгэхээр дэд бүтцийн ажил ерөнхийдөө дууссан. Гэхдээ арилжааны энэ горим нь шинэ дүрэм журам шаардлагатай. Олон улсын дүрэм журмыг бид батлаад, дагаж мөрдөөд явж байна. техник, программ хангамжийн шинэчлэлээс гадна хууль эрхзүйн шинэчлэл бидэнд маш чухал шаардлагатай байна. Тухайлбал, өнөөдөр бидэнд Үнэт цаасны зах зээлийн тухай шинэ хууль хэрэгтэй байна. Үүний дагуу бид холбогдох байгууллагуудтай хамтран хуулийн төсөл бэлтгэсэн. УИХ-ын хаврын чуулганд өргөн барьсан. Харамсалтай нь хэлэлцэгдээгүй, гэхдээ одоо намрын чуулганаар хэлэлцэгдэх байх гэж бодож байна.
-MIT системийг ганц Лондонгийн хөрөнгийн бирж ашигладаг гэсэн нь үнэн үү. Та судалж байв уу?
-Тэгэлгүй яах вэ. Яг нарийн тоог нь санахгүй байгаа ч дэлхийн 30 гаруй хөрөнгийн биржид ашиглагддаг маш түгээмэл программ л даа. Харин энэ программыг хийдэг MIT компанийг Лондонгийн хөрөнгийн бирж 100 хувь эзэмшдэг бөгөөд тус компани нь Лондонгийн хөрөнгийн биржийн охин компани гэсэн. Тэгээд тус хөрөнгийн биржийн программ хангамжийг нь хийдэг юм байна. Тэгээд бусад хөрөнгийн биржүүдэд энэ программ хангамжаа суурилуулдаг юм билээ.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин