Нийтийн байр нэртэй ”оромж”-ийг цэгцэнд нь оруулъя

Хуучирсан мэдээ: 2012.08.14-нд нийтлэгдсэн

Нийтийн байр нэртэй ”оромж”-ийг цэгцэнд нь оруулъя

Налгар намар цаг хаяанд ирж, хотын хөл хөдөлгөөн ч өдрөөс өдөрт нэмэгдэж эхэллээ.

Захын лангуу оюутан, сурагчдын хичээлийн хэрэгслээр дүүрч, Нарантуул захаар "шоппинг" хийгсэд бяцхан түгжрэл үүсгэх болжээ. Жилийн жилд өрнөдөг энэхүү үйл явдалтай давхцаж адилхан хөл хөдөлгөөнд ордог асуудал бол оюутнуудын нэг жил толгой хоргодох байр. "Нийтийн байр хөлслүүлнэ. Төлбөрийг бөөнд нь" гэсэн зарлал зарын сонин, зарлалын самбар, гэрлийн шон, автобусны бууддаар хаа саагүй наагдаж, ёстой л нийтийн байрны сезон орж эхэллээ. Тэнгэрт хадсан үнэ хэлчихээд тэрийж хэвтэх жаргалтай цаг нь ирж, түрээслэгчдийн нар гарч эхэллээ.

Хөдөөнөөс хот руу чиглэсэн их нүүдэл эхэлснээс хойш хөлөө олоогүй залуу гэр бүлүүд ч нийтийн байранд амьдралаа зохиож эхэлсэн цагт хотын төвд ойрхон хашаатай айл болгон нийтийн байр нэртэй оромж барьдаг болсон. Энэ асуудалд хяналт тавьдаг мэргэжилтэн хаана, ямар агентлагт ажилладгийг мэдэхгүй юм байна. Ер нь нийтийн байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн орчин, зөвшөөрлийг нь хянадаг, шалгадаг мэргэжилтэн гэж тусдаа байдаг юм болов уу. Нэг давхар барилгын зориулалттай хөөсөнцөр хавтангаар барьсан байраа оюутнуудын чимээнээр хоёр давхар болгож, 20 хүн нэмж амьдруулахаар болгож байгаа амьд жишээг харлаа.

Нэг давхартаа дусаал тосч арайхийн толгой хоргодож байсан оюутнууд одоо дээрээс хүнтэйгээ нураад ирэх вий хэмээн эмээж, ганц айлын зориулалтаар барьсан "өмхий жорлон"-д хамраа чимхэн "тухлах" аж. Нөгөө айлын гэрт өрнөж байгаа яриа, хоолоо хийх чимээ нь өөрөө гэрт нь ороод суучихсан аятай дуулдаж, дөнгөж хуримласан залуус өглөө нь нүүрээ улалзуулсаар гарч одох амьдралыг байх ёстой мэтээр хүлээж аваад уджээ. Гэвч бүх зүйлийг болохгүй байна гэж хэлэх гэсэнгүй. Хотын төв дагуу аятайхан цэвэрхэн барьсан аюулгүй байдлаа хангасан нийтийн байр аль ч хотын төлөвлөлтөд байдаг зүйл.

Оюутны байр хомсхон манайх шиг улсад нийтийн байр олон байх тусмаа сайн. Гагцхүү эрүүл ахуй, аюулгүй орчин хамгийн чухал байгаа юм. Гэрийнхээ хашаанд "оромж" босгочихоод хэл ам таталж, хялалзаж цэхэлзэх нөхдүүдэд хяналт хэрэгтэй байна. Нимгэхэн барьсан хананыхаа цаанаас хараа хяналт тавьж уулаа, идлээ, гар ор хэмээн өвлийн хүйтэнд гудамжинд хөөж гаргах "чанга гарт" эзэн ч тэдэн дунд бий. Шинэхэн хотын удирдлагын хэлснээр бүх гэр хорооллын айлууд инженерийн шугам сүлжээнд холбогдчихвол аюулгүй байдлаа хангасан нийтийн байр олон бариарай, түрээслэгчид ээ. Гэхдээ энэ ажил хэрэгжиж дуусах хүртэл гурав, дөрвөн жилийн зай хэрэгтэй учраас түүнээс өмнө мэддэг, хариуцдаг ажилтнууд нь ажлаа хийе.

Хичээл эхэлсэн цаг үед машиндаа хэдэн литр шатахуун хийгээд зарын сонинд зарлагдсан бүх нийтийн байруудад очих хяналт шалгалт хийвэл юм юм гарна даа. Миний мэдэхгүй албан тушаалтан танд ажлыг тань заах гэсэнгүй. Хамгийн чухал нь бид эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхтэй гээд хуульд заачихсан байдаг биз дээ."Манай хөршийн эхнэр өнөөдөр тун ууртай байгаа бололтой. Нөхөр нь согтуу ирж дээ. Энэ хоёр юм чинь өчигдөр унтуулсангүй. Наад паараа цохиоч ээ. Дахиад шуугилдаад байна" гэсэн өдөр тутмын ярианаас одоо залхах цаг нь болж.

Болохгүй бүтэхгүй оромж босгочихоод тэнгэрт хадсан үнэ хэлээд зогсч байгаа эздийг хэлээд шалгуулчихдаг утасны дугаарыг хэвлэл мэдээллээр цацаж, наад ажлыг чинь би хийдэг юм хэмээн эрхэм "нууц ноёнтон" та өөрийгөө гаргаж зарлах хэрэгтэй болов уу. Өөрчлөлтийг бид өөрсдөөсөө хийцгээсэн. Одоо харин дараагийн өөрчлөлтийг нийтийн байрнаас эхэлье.

Б.ӨНӨРТОГТОХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж