Хятадын зээлжилт 40 хувиар буурав

Хуучирсан мэдээ: 2012.08.14-нд нийтлэгдсэн

Хятадын зээлжилт 40 хувиар буурав

Хятадад долдугаар сард олгосон зээлийн хэмжээ өнгөрөгч сартай харьцуулахад 41.3 хувиар буурлаа гэж урд хөршийн Төвбанкнаас мэдээллээ. Банкууд нийт 540 тэрбум юань буюу 85 тэрбум ам.долларын зээл олгосон байна. Энэ нь шинжээчдийн тооцоолж байсан 665 тэрбум юаниас бага үзүүлэлт аж. Тус улсын Худалдааны яамнаас гаргасан экспорт, импортын дүн мөн доогуур байна гэж Блүүмберг мэдэгдлээ. Экспортын хэмжээ нэг хувиар, импорт харин 4.7 хувиар нэмэгдсэн байна.

Хятадын эдийн засаг сүүлийн саруудад зогсонги байдалд орж буй шинж тэмдэг илэрч байгаа аж. ДНБ-ий өсөлт хоёрдугаар улиралд өнгөрсөн оны дүнтэй харьцуулахад 7.6 хувь хүртэл буурсан байна. Уг дүн нь хамгийн сүүлд 2009 онд гарч байсан үзүүлэлт юм.

Тус улсын эдийн засгийн бууралт нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн зогсонги байдал, бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ гадаад зах зээл дээр уналттай байгаатай холбоотой аж. Түүнчлэн Хятадын гол худалдааны түнш болох Европын Холбоонд урт хугацааны  өрийн хямрал нүүрлэсэн нь үүнд нөлөөлж байна. Харин урд хөршийн  инфляцийн түвшин 1.8 хувь байгаа нь сүүлийн хоёр жилийн туршид хамгийн бага үзүүлэлттэй байгааг харуулж байна. Энэ нь Төвбанкнаас барааны үнэ нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх бодлого явуулж буйн үр дүн юм.

Х.БУЛГАН
ЭХ СУРВАЛЖ: WWW.MONGOLIANECONOMY.MN
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж