Байнгын төлөөлөгч О.Оч Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг 2011-2013 онд даргалж байгаа орны хувьд авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа арга хэмжээнүүдийн талаар Ерөнхий нарийн бичгийн даргад танилцуулж, 2013 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын уулзалтад биечлэн оролцохыг урьжээ. Мөн Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээний дүнд уг зарилтуудын хэрэгжилт 66 хувьтай байгааг мэдээлжээ.
О.Оч нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монгол улсын Еранхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. Тэрбээр Гадаад харилцааны яаманд 1991 оноос эхлэн ажиллаж тус яамны Гэрээ эрх, түүх, архивын хэлтэст атташе, 1995 онд Гадаад харилцааны дэд сайдын туслах, 1995-1998 онд Бельгийн Вант улсад суугаа Элчин сайдын яаманд атташе, 1998-2004 онд Гадаад харилцааны яамны Эрх зүй, консулын газарт мэргэжилтэн, нэгдүгээр нарийн бичгийн дарга, дэд захирлаар ажиллаж байсан байна. Бас 2004-2008 онд НҮБ-ын Дүрвэгсдийн дээд комиссарын газрын бүсийн төлөөлөгчийн газрын ажилтан, 2008 онд Төрийн захиргааны удирдлагын газрын захирлын үүргийг тус тус хашиж байсан дипломат албаны туршлагатай хүн юм байна.