Тэрбумтан Сорос 82 насны ойгоороо сүй тавьжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.14-нд нийтлэгдсэн

Тэрбумтан Сорос 82 насны ойгоороо сүй тавьжээ

Нэртэй санхүүч, тэрбумтан Жорж Сорос ням гаригийн шөнө 82 насны ойгоо тэмдэглэж байхдаа 40 настай Тамико Болтонтай (Tamiko Bolton) сүй тавьснаа зарлав. Соросын хувьд нь энэ нь гурав дахь, сүйт эмэгтэйн хувьд нь хоёр дахь гэрлэлт болох юм.

Сүй тавьснаа тэрээр зуны Саутгемптон дахь өргөөндөө дотны хүмүүсийнхээ дунд зарласан байна. Сорос Graff пүүсийн очир алмазтай, ягаан алтан хуримын бөгжийг Болтонд бэлэглэсэн талаар Reuters агентлагт тэрбумтны нэгэн танил ярьжээ. Хуримын товын талаар мэдээлэл гаргаагүй байгаа гэнэ.

Сорос Болтонтой 2008 оны хавар танилцжээ. Нэртэй хөрөнгө оруулагчийн сүйт эмэгтэй өмнө нь интернэтээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүний наймаа хийдэг байв. Одоо тэрээр онлайн йогийн хичээл санал болгодог компанитай ажээ.

Соросын жинхэнэ нэр нь  Дьердь Шорош гэдэг ба тэр 1930 оны наймдугаар сарын 12-ны өдөр Будапешт хотноо орон нутгийн еврейн нийгэмлэгийн лидер Тивард Шварцийн гэр бүлд төржээ. Шварцын гэр бүл 1936 онд овгоо Шорош болгон сольсон байв. Тэднийхэн еврей нарыг нацистууд мөрдөн мөшгөж байснаас зугтах гэж ийнхүү овгийн нэрээ сольсон хэмээн зарим намтар бичигчид үздэг.

Шорошийнхон хуурамч паспортоор 1947 онд Их Британид дүрвэн гарсан. Тэнд залуу өөрийн нэрийг англи маягаар Жорж болгожээ. Залуу Жорж Лондоны эдийн засгийн сургуульд ороод гурван жилийн дараа амжилттай төгсөв.

Лондоны найз нарын нэгийнх нь эцэг түүнийг Уолл-Стрит дэх брокерийн компанидаа 1956 онд авсны дараа Соросын карьер эхэлсэн гэдэг. Түүний гол ажлын нэг нь нэг улсын үнэт цаасыг өөр оронд арилжих явдал байлаа. Ажил нь амжилттай явсаар Сорос компанийн дэд захирал болтлоо өсчээ.  Тэрэээр 1967 онд шинэ төсөл танилцуулсан гэнэ. Энэ нь нэгэн офшорын бүсэд хөрөнгө оруулалтын сан байгуулан Сорос түүнийг толгойлох ёстой байв. Хоёр жилийн дараа тэрээр Double Eagle хэж-сангийн хамтран эзэмшигч бөгөөд тэргүүн нь болсо. Хожим тэр нь Сорост алдар нэр, хөрөнгө авчирсан нэр цуутай Quantum Group болон хувирчээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж